Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дүүргүүдэд жигд хөгжүүлэх зорилт тусгагдсан. Тус зорилтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршооны салбарт зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг бүхий шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг оновчтойгоор шийдэх гарцуудыг нээн илрүүлэх болон оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх зорилгоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд эхний шатанд 10 гаруй их, дээд сургуулийн 40 гаруй судалгааны өгүүлэл ирснээс 2-р шатанд шилдэг 8 илтгэлийг шалгаруулан оролцууллаа. Шалгарсан оюутнууд өнөөдөр тэмцээний нэгдсэн хурлын үеэр судалгааны ажлын илтгэлээ танилцууллаа. Нэгдсэн хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Д.Баярсайхан болон салбарын мэргэжилтэн, үйлдвэр эрхлэгчид хүрэлцэн ирж оюутнуудын илтгэлтэй танилцав.
Эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Оюутан залуус та бүхний оюуны бүтээл болох эдгээр илтгэлүүд нь нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр судалгааны бааз суурьтай болохоос гадна энэ салбарыг цогц байдлаар хөгжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого болон үйл ажиллагаандаа тусгах үнэтэй санал болохыг онцлон тэмдэглэмээр байна” гэдгийг тодотгон хэллээ. Мөн “Улаанбаатар хот маань өөрийн гэсэн бренд бүтээгдэхүүнтэй болох нь зүйтэй юм. Манай хот улсынхаа болон олон улсын бусад хотуудтай юугаараа өрсөлдөж, ялгарч ажиллах вэ гэдэг дээр анхаарч “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар “Орон нутгийн түншлэл” гэдэг хөтөлбөрийг НИТХ-аар батлуулсан. Энэ хоёр маань цаашид уялдаа холбоотой явах учиртай. Түүнчлэн бид эхний ээлжинд үзэсгэлэн худалдааг маш ихээр зохион байгуулъя гэж зорьсон. Учир нь үүгээр дамжуулан та бүхний хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг нийт Улаанбаатар хотын иргэдэд сурталчлах юм. Өнгөрсөн онд энэ үйл ажиллагааг бодитойгоор зохион байгуулсан байгаа. Ирэх онд Улаанбаатар хот төдийгүй гадаадын хотуудад үзэсгэлэн худалдаа гаргаж, үйлдвэрлэл эрхлэгчдээ сурталчлан ажиллана. Бид ирэх онд барьж ажиллах бодлогын бичиг баримтанд өнөөдрийн оюутан та бүхний илтгэлийн санаануудыг авч хэрэгжүүлэх юм” хэмээлээ.
Хурлын үеэр оюутнууд жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн асуудлууд, кластерийг хөгжүүлэх болон GS1 системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг жижиг дунд үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн санал санаачилгуудыг дэвшүүлсэн байна.
Тэмцээний тэргүүн байранд:
- Мандах бүртгэл их сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Амгалан “Монгол улсдах жижиг дундын бизнесийн зээлдэгчийг статистик аргуудаар үнэлэх нь” сэдвээр
Дэд байранд:
- Санхүү Эдийн засгийн их сургуулийн 4-р дамжааны оюутан Г.Амарбаясгалан, Б.Батмандах, Б.Жаргалмаа нар “Монгол улс дах сүлжээ дэлгүүрүүд болон ЖДҮ-ийн хэлцлийн асуудал” сэдвээр
Гутгаар байранд:
- Санхүү Эдийн засгийн их сургуулийн 4-р дамжааны оюутан Э.Сугарбаяр, 3-р дамжааны оюутан Б. Номин нар “Үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дунд аж ахуй нэгжийг газар зүйн кластерт SPV засаглалын бүтцээр сэргээх нь” сэдвээр тус тус шагналт байруудад шалгарсан. Шагналт байр эзэлсэн оюутнуудад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан нар шагналыг гардуулан өгч нийт оролцогч оюутнуудад цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.
Энэхүү үйл ажиллагааг дараа дараагийн жилүүдэд ч мөн уламжлал болгон зохион байгуулахаа тус төвийнхөн илэрхийлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.