Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны үр дүн

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын Санхүүгийн хүтээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн зургаан ажлын хэсэгт ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн нэг “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт” (SMEF) ажлын хэсгээс жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн орчны талаар судалгаа хийн, үр дүнг танилцуулжээ. Судалгаанд СХН-ийн гишүүн 23 орон хамрагдсаны дотор Монгол Улс багтсан байна.

Судалгаанд хамрагдсан улсуудын 63 хувь нь ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих хуультай, зургаан хувь нь тусгайлсан хөтөлбөртэй, 80 хувь нь ЖДҮ-ийг тодорхойлохдоо ажилчдын тоо болон борлуулалтын орлогын хэмжээг шалгуур болгон авч үздэг гэсэн дүн гарчээ. Зарим цөөн тооны улс орон хөрөнгийн хэмжээг шалгуур болгодог байна. Тухайн улс оронд ЖДҮ-ийн салбар дунджаар ДНБ-ний 42.2 хувийг эзэлж байгаа бөгөөд авч буй санхүүжилт улс орон бүрт харилцан адилгүй буюу 4.0-өөс 56.8 хувийн хооронд хэлбэлзсэн байна. Харин нийт санхүүжилтийн 10.2-оос 50.0 хувийг бизнесийн зээл эзэлдэг бөгөөд зээлийн барьцаа 63.8-251.4 хувийн харьцаатай байгаа юм.

Дээрх харилцан адилгүй үр дүн гарсан нь улс орнуудын ЖДҮ-ийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, ЖДҮ-ийн хууль, эрх зүйн орчин, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн боловсрол зэрэг ерөнхий үзүүлэлтүүд харилцан адилгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал, Тайланд улсад ойролцоогоор 3.0 сая гаруй ЖДҮ-ийн байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр нь ДНБ-нийх нь 42 хувийг бүрдүүлж, 12 сая орчим ажлын байрыг бий болгодог бол манай улсад ЖДҮ нийт ААН-ийн 78 хувийг, нийт ажиллах хүчний 57 хувийг, ДНБ-ний 17.8 хувийг тус тус эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *