Түрүүч нь №105(6206) дугаарт
Орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүйтэй хөөрөлдлөө.
-“Хөрөг шүлэг” бичсэн тохиол олон байна уу?
-“Хүмүүсийн тухай роман”-ы хоёрт “Тэр их хүн- Нямбуугийн Нямдорж” гэсэн нэг шүлэг байгаа. Ухаандаа, би тэрүүгээр Нямдорж гуайн тухай хөрөг шүлэг босгочихсон гэж “оодорч” байгаа. Радио, телевизийн хорооны дарга асан Зантав гэдэг хүний тухай бичсэн Бямбажавын Энхтуяагийн нэг шүлэг бий. Агуу даа. Нэрийг нь бас л мартчихаж. Миний энэ муу толгойн судаснуудад улаан цусны оронд прессний төмөр утас шургуулчихсан юм шиг болжээ. Д.Ган-Очирын надад зориулсан нэг шүлэг бий. “Үзэгдэхээ болилоо гэж загнаад байдаг мөртлөө яваад очихоор “ажил ихтэй байхад” гээд уурлаад унадаг” гэсэн мөрүүдтэй. Аль эсвэл Чойномын “Буриад” найраглалыг бол бүхэл бүтэн үндэстний тухай “Хөрөг найраглал” гэмээр байдаг. Би анх тэгж дуугарсан юм шүү, одоо ч батлаад хэлчихье. Түүний өмнө гишгэсэн юм одоохондоо алга. Миний л “онолоор” шүү дээ. Хөрөг хэрхэн бичих тухай албан ёсны онол байдаг эсэхийг нэг муу техникум төгссөн би мэдэхгүй. Элдэв дээдийн уран зохиолын том, том сургууль төгссөн зохиолчид тэр болгон хөрөг хийгээд байдаггүйг бодоход тийм онол байдаггүй юм байлгүй дээ.
-Таны хийсэн хөргүүдээс аль нь хамгийн сайн болсон бэ?
-Тэрийг ч би өөрөө биш, та нар л дүгнэх ёстой байх. Яахав дээ, хөндлөнгийн хүнийх гэвэл Нямсүрэнгийнх, Дашбалбарынх гайгүй болсон байх.
-Та чинь нээрээ Данзангийн Нямсүрэнг нас барснаас нь хойш хамгийн анх тэр хөргөөрөө агуу ихийг нь эргэн тунхагласан хүн дээ. Дашбалбар багшийн тухай амьдад нь жинхэнэ уран сайхны хоёр ч хөрөг хийсэн байдаг. Нэгдүгээр дэвтэрт чинь байдаг шиг санагдах юм?
-Тийм үү, чи нээрээ санаж байгаа юм уу. Баярлалаа. Нямсүрэнгийн тэрэнд чинь, өглөө нь танай сонины шуурхай дээр хэлэлцээд бичлэгийн шагнал гэж хамгийн өндрөөр үнэлэн 20 мянгыг тавьсан байсан, дугаар хариуцсан Ши.Сүхбаатар бас 20 мянгыг нэмсэн байсан, ингээд би чинь тэр хөргөөс нэг өдөр 40 мянгыг хүртэж “гайтаад” хоёр өдөр “савсан” гэж байгаа.
-Балрахыг шахаж. Галсансүхийн хөрөг байна, бас л аатай бичсэн шүү?
-Тэр чинь хөрөг биш ээ, шүлгүүдийг нь задалсан үгүүлэл аятай л юм. Мандуулах нь ч юу байхав дээ. Нэг хөөрхөн юм ярих уу.
-Юу билээ?
-Тэр үед би Галсансүхийг Хэнтийн Дадалын л хүүхэд гэж сонссоноос биш огт таньдаггүй байлаа. Этгээд шүлэг бичдэг болохоор нь тойрч гүйгээд, ойртож танилцахаасаа жийрхээд явдаг байсан ч юм уу, бүү мэд. Би чинь хөдөөний хөөсөн мантуу байлаа шүү дээ. Одоо харин хуучин зургууд харжээ байхад, уг нь 1993 онд Өндөрхаанд анх удаа болсон Чойномын яруу найргийн наадам дээр тааралдсан юм билээ л дээ. Шүлгийг нь их хачирхдаг, энэ лав франц хэлтэй хүүхэд байх, тэгээд л ингэж бичиж сурсан байх гэж боддог байлаа. 2008 оны хавар тэргүүн дэвтрээ эмхэтгээд дуусгаж суутал нэг өдөр Ган-Очир маань гүйгээд ороод ирлээ. Тэр үед би шадар сайд Энхсайханы хэвлэлийн төлөөлөгч санаатай, Төрийн ордонд суудаг байлаа. Энэ муу Ган-Очир золиг чинь цагтаа миний хөлийг угаах нь холгүй явсан юм. Аль Дорнодод байхын л хар нялхаасаа. Балбарын өнөөх “Царай сайхантай, сэтгэл муухантай хүүхнүүдэд дурлаж явсанд орвол Цагийг эзэлсэн Занабазарынхаа хөлийг угааж явахсан” гэдэг мөрүүдийнх шиг. “За, ах аа, номоо дуусав уу” гэж байна. “Ард нь гарч л байна. Тэр Галсансүх гэдэг пацааны юмыг нарийн үзээд ганц хоёр юм дуугарчих юмсан, даанч танихгүй юм” гэсэн чинь Ган-Очир “Өө, би сая ирж яваад энүүхэн хойно тааралдлаа, байшингийнхаа гадаа хоёр хүүхдээ тэврээд салхилуулж зогсоно лээ, одоохон би очоод таныг хэлээд номыг нь аваад ирье” гэснээ хүүе, хааяын завдалгүй год үсрээд алга болов. Дорхноо хоёр номыг нь бариад ороод ирлээ. Тэр шөнө нь сууж уншаад, маргааш шөнө нь сууж бичээд, шүлгийнх нь өнгө аясад тааруулан зориудаар “Монголын яруу найргийн модернизмын архитекторч” гэсэн гадаад үгсээр зодсон нэр өгөөд, нөгөөдөр нь танай сонинд очоод чулуудчихлаа. Баастын Золбаярт байх аа. Дараа өдөр нь гурван нүүр дамжаад гарчихаж. Улс амьтан утасдаад л, ямар сайн болоо вэ гээд л.
-Дахиад хөөрч савав уу?
-Одоо бол ямар ч сайн юм гарлаа гэсэн хүмүүс чинь бие бие рүүгээ баяр хүргэж утасдахаа больсон цаг шүү дээ. Тийм л атаач нийгэмтэй “суучихсан” юм чинь. Баярласан хүмүүс утасдаад байдаг, харин “гол гэмтэн” Галсансүх нь л өөрөө чимээгүй шүү. Овоо юм хийчихлээ гэж сагсуураад урьд өдөр нь лүүлэгнэчихсэн байсныг хэлэх үү, гэдэс дотор, улаан хоолой гэж үсээр нь буруу харуулаад чихчихсэн зараа шиг л юм байна. Баярлалаа гэж утасдах байлгүй, тэгвэл шараа тайлуулъя гээд хүлээгээд байлаа, байдаггүй дээ. Үд боллоо, байдаггүй ээ. Үдийн хойно боллоо, байдаггүй ээ, Энхсайханаас орж мөнгө гуйлтай биш, шар ч өөрөө нэг юм тайлагдаж байгаа бололтой, горьдлого ч тасарлаа. Ажлаа тараад автобусанд суугаад харихшуу санаатай юм барайж явсан чинь 9911-тэй утаснаас дуудлага орж ирлээ. Энхсайхан даргын утас биш ээ. “Энэ чинь одоо ямар сонин юм бэ” гэж хачирхаад авсан чинь шулгадуу ч юм уу гэмээр нэг нөхөр мэндийн зөрөө ч үгүй “Нэлгүй ах аа, Нэлгүй ах аа, би өөлийнхөө агууг танаас л мэдлээ” гэж хашгирч байх юм. Энэ чинь уншигчийнхаас хамаагүй өндөр үнэлгээ байхгүй юу. “За, өнөөх чинь байна” гэж бодуутаа гэнэт уур хүрээд ямар ч үгийн солиогүй “Завгүй байна аа, харьж явна” гээд утсаа тасалчихлаа. Их гайхсан байх. Ухаандаа, гоморхож байгаа маань тэр. Уг нь надаас “Та завтай байна уу, шарыг чинь тайлж өгөх үү” гэж гуйх нь гэж горьдож л дээ би, улаан туучий чинь. Би л гэж өдөр нь дэмий хүлээснээс биш, жоохон хүүхэд чинь юу л гэж зүс харснаас цаашгүй нутгийн ахмад хүнийг ажлын цагаар, тэгээд бас Төрийн ордонд ажилтай хүнийг шүү, дуудаж гаргаад л архи цутгаж байхав дээ энэ чинь, тийм үү. Нээрээ ч хөөрхий минь, тэр үед чинь мань эрийг хүн бүр л арьсан дээрээ ганц ширхэг үсгүй чоно тайзан дээр гараад дуулахыг харж байгаа юм шиг хачирхдаг байсан юм чинь.
-Үгүй нээрээ та тэгж байгаад их “ааштай” хүн шүү?
-Хэд хоногийн дараа өглөөний долоо дөнгөж өнгөрч байсан чинь мань эр дахин утасдлаа. “Гэрээ заагаад аль. Танайд орж өглөөний цай уухаар Москва рестораны урд ирчихээд байна” гэж. “Үгүй ээ, ирж болохгүй, хадмуудын бие тааруухан” гэсэн чинь “Тэгвэл гараад ир, машин дотроо хүлээж байя” гэж тушаалаа. Эхнэр босоод үсээ самнаж байсан. Дундаа ганц мянган төгрөгтэй гэж байгаа, тэр өглөө. Далиманд нь эхнэрээ тэрүүхэн сургууль руу нь буулгуулчихъя гээд хоёулаа гараад очсон чинь Ломбын Нямаа багштайгаа, урьд нь миний огтоос сууж үзээгүй нээг их том хар жийптэй зогсож байна. Намайг орж суунгуут л тавин мянган төгрөг атгуулчихлаа, “Миний сэтгэлийн бэлэг” гээд.
-За, бүүр баяжихыг шахаж?
-Дургүйлхсэн дүр үзүүлсэн ч авчихаад авгайг сургууль руу нь буулгаж, гучин мянгыг нь өгөөд “Өвгөн чинь өнөөдөр үлдсэнээр нь архидлаа шүү” гэсэн чинь авгай инээгээд “Тэг ээ, тэг” л гэж байна. Гурвуулаа тэгээд ресторан эрээд хамчихав аа. Онгорхой юм алга. Арайхийж “Зоос гоёл”-ын зүүнтээ дөнгөж хаалгаа нээж байсан нэг ресторанд орж үдийн өмнөжингөө юм болов. Га дүү өөрөө уухгүй юм, машин барьж яваа гээд, Нямаа ах зөвхөн шар айраг л уух юм, өнөөх мөнгийг маань ч гаргуулахгүй юм. Би ч согтлоо, “Харимаар байна” гэсэн чинь “Хүргээд өгье” гэж байна. “Тийшээ болохгүй ээ, хадмуудын бие тааруухан” гэсэн чинь “Тэгвэл хаа очих юм” гэж асуулаа. “Яармагт л дүүгийндээ очихоос доо” гэсэн чинь “Заагаад өгөөрэй” гээд, жийпэндээ хийгээд сүнгэнүүлчихлээ. Гадаа нь очоод “Дүү чинь архи уудаг уу, хүүхэдтэй юу” гээд баахан чихэр, набор, 700 граммын нэг том юм аваад оруулж өгөөд буцах нь тэр. Би ч башийгаад үлдсэн. Ийм л сайхан юм болж билээ. Архидуулсанд нь биш, мөнгө өгсөнд нь ч баярласандаа биш, сайхан сэтгэлтэй хүү юм гэдгийг олж харсандаа баярласан. Архи ууж байхад чинь ер нь үнэнч найз нар олон, сэтгэл дандаа ариухнаараа байдаг байж дээ. Одоо ч, хямсайх тал маань дийлдэг болчихож. Архиа хаяад арван жил болчихож шүү дээ. Тэр нийтлэлийн хувьд гэвэл доктор Ч.Билигсайхан гуай надтай Нямаа багшаар гэртээ дуудуулан танилцсаныхаа дараа ч өөрөө хэлдэг байсан, 2011 онд гаргасан “Цагийн салхи асгарсан авьяас” гэдэг номондоо ч оруулсан байгаа, “Чи Галсансүхийг хамгийн анх их нягт, маш сайн задалсан шүү” гэж.
-Таны хамгийн сайн хөрөг юу вэ гэж би түрүүнд асуусан даа?
-Хамгийн сайн уу. “Хүмүүсийн тухай роман”-ы тэргүүн дэвтэрт “Ижий хайлан” гэсэн нэг хөрөг байгаа. Тэрнийгээ л овоо болсон гэж бодсоор яваа шүү. Их эртнийх л дээ. За байз, эргээд эндээс харчихъя. “Засгийн газрын мэдээ”-гийн 1998 оны гуравдугаар сарын 7-ны дугаарт гэхээр, 5-ны шөнө сууж, ээжийгээ санасандаа асгаруулж байж биччихээд маргааш нь аваачаад 7-ны өдрийн дугаарт оруулахаар сониныхоо нэгдүгээр орлогч эрхлэгч байсан Э.Сонинтогосоор хянуулахаар өгсөн чинь гаргаж ирдэггүй ээ. Тэр нүүрийг шивж тавьж байсан Мөнхзул гэдэг бүсгүй “Бушуулаач ээ, Нэргүй ах аа, нөгөө юмаа шивэлтэнд өгөөч” гэж хашгираад салдаггүй, өнөөх дарга нь “Юмаа ав” гэж дууддаггүй. Тэр чинь бурхан минь, чанга ч дарга, сайн ч редактор, хамгийн дээрэнгүй сагсуу би ч өрөө рүү нь орж нэхэх зүрх байхгүй шүү дээ. Хүлээгээд л байлаа, байдаггүй ээ, тэснэ, тэснэ гэхэд ингэж тэснэ гэж яахав гээд очоод хаалгаар нь жаахан завсар гаргаад харсан чинь харин өнөөх “хатуу самар” дарга маань уншаад л, мэлмэрүүлээд л сууж байдаг байгаа. Хаалга чихрангуут намайг харчихаад дуудлаа. “Сайн болж” ч гэсэнгүй. “Чи энэ, Айлын хооронд үүрсэн азай буурал ээжийгээ” гэдгийг яагаад Д.Нацагдоржийнх гэсэн юм бэ, наадхи чинь П.Пүрэвсүрэн гуайн шүлэг шүү дээ, мэддэггүй юм уу, май энийгээ аваачиж шивүүл, битгий бас уучихаарай” гээд л гүйцээ. Хөөрсөн гэж жигтэйхэн, дор нь өнөөх Мөнхзулд чинь өгчихөөд, ээждээ очиж Мартын 8-ны баяр хүргэхээр Багануурын шууданд суучихав аа. Зууртаа нэг нөхөртэй хампаалж, Баян давааны тэндээс нэг шил архи олж уучихаад ээждээ очсон чинь “Бас л гударчихаад ирээ юү” гэж зандарч байна. Заль зохиогоод “Үгүй ээ, ижий ээ, таныхаа тухай аймаар сайхан юм бичиж өгчихөөд тэрэндээ хөөрөөд” гэж аргалчихаад, баярын чихрийг нь гаргаж өгчихөөд буцаад хамчихлаа. Ээж маань хойноос “Сониноо гарахаар нь тэгж байгаад ижийдээ явуулаарай” гэж байна. Маргааш өглөө нь шуурхай дээр өнөөхийг чинь магтаад сүйд ээ, охид нь нүдэндээ нулимстай, “шүд” Ганболд эрхлэгч маань магтаад л.
-Баярласан сэтгэлийн ажнайгаа эмээллэхгүй бол ч алдас болох байлгүй дээ?
-Шуурхайгаас гарангуутаа Готовын Нямаа ах, орчуулагч Цэвэгжавын Цэрэн ахтай гурвуул өнөөх амжилтаа тэмдэглээд, хариуцсан нүүрээ эртхэн шиг буулгачихуутаа, бушуухан шиг ээждээ нөгөө сониноо аваачиж өгөхөөр нэг шил юм сугавчлаад дахиад микрод суучихлаа, авгай, хүүхдүүдтэйгээ. Тийм том юм бүтээчихсэн хүнийг чинь эхнэр юу гэж загнахав дээ. Зууртаа шимсээр яваад ээжийнд очсон чинь “Бас л гударчихаад ирэв үү” гэхээр нь сонингоо гаргаад өргөн барилаа, ижий маань ч дор нь шүүрч авч уншчихаад, мөн л хөөрхий минь, зөөлрөөд явчихлаа. “Миний хүү битгий архи уугаад бай л даа” гэснээс биш загнасангүй, харин ч дүүг явуулж нэг шил архи авчруулаад, хэдүүлээ тэр шөнө Мартын баяр тэмдэглээд л, ижий минь байн байн хошуугаа цорвойлгоод л, гарынхаа хоолыг согтуу хүүдээ халбагадаж өгөөд л. Хоёр хоноод ирсэн. Ижийтэйгээ байхад мөн ч гоё байж дээ. (хоолой нь цахиртан зангирч, нулимс нь цийлээд ирэв. сур)
Үргэлжлэл бий