Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.
-Та удахгүй буцах гэж байна. Монгол улсад ажиллах хугацаандаа юу, юу амжуулав?
-Монгол Улсад хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Монголд АНУ-ын Элчин сайдаар ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, олсон ололт амжилтаа эдийн засгийн харилцаа, батлан хамгаалахын түншлэл, иргэд хоорондын харилцаа гэсэн гурван үндсэн чиглэлээр ярья гэж бодож байна.
Америкийн Нэгдсэн Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх гэсэн Монгол Улсын Засгийн газрын сонирхол байсан учраас бид эдийн засгийн харилцааг сэргээх зорилтыг нэн тэргүүнд тавьж ажиллалаа. Энэ зорилтынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, АНУ-ын хувийн хэвшлийн сонирхлыг Монголд татах зорилтууд тавьсан.
Мөн Монгол Улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багцыг авахад бид дэмжлэг үзүүллээ. Монгол Улс цаашдаа эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд ороход энэ багц хамгийн их тус дэм болно гэж бид итгэж байна. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийж буй гурав дахь ажил маань Монголтой байгуулах хоёр дахь компакт гэрээний асуудлаар Мянганы сорилтын корпорацитай хамтран ажилласаар байна.
Энэ гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх төсөл дээр ажиллах шийдвэрийг Мянганы сорилтын корпорациас гаргасан. Мянганы сорилтын корпорациас оруулах 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт бол цаашдаа Улаанбаатар хотын усны системийг бүхэлд нь шинэчлэхэд шаардлагатай 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хөшүүрэг болох үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Тийм учраас энэхүү компакт гэрээ нь өнгөрсөн хугацаанд АНУ-аас Монголд оруулсан хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалт болж чадах юм.
-Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж ажилласан талаараа тодруулбал?
-Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд бид хоёр талын харилцаагаа улам өргөжүүлж , Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох, түүний дотор инженерийн ротын хүчин чадал болоод чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх тал дээр хамтран ажилласаар ирлээ.
-Батлан хамгаалахын шинэ сайдтай уулзсан байсан…
-Тиймээ, Батлан хамгаалахын шинэ сайдтай уулзах завшаан өчигдөр (арваннэгдүгээр сарын 1-нд) тохиосон. Афганистанд явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улс дэмжлэг үзүүлж оролцсоор байгаад туйлын баяртай байгаа. Миний энд дурдахыг хүссэн гурав дахь салбар бол иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ хүрээнд Монголын залуустай нэлээд ойр нягт ажиллах зорилт тавин, Монгол орноор аялж явахдаа хэдэн зуун залуу манлайлагчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсож явлаа. Тэдгээр залуус асар бадрангуй, урам зоригтой байгааг хараад Монгол Улсын ирээдүй маш найдвартай гарт байгаа гэдэгт итгэлтэй болсон. Тэгээд бид шинээр солилцооны хоёр хөтөлбөр эхлүүлсэн. Эхнийх нь LEAD буюу “Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагчид”, хоёр дахь нь FLEX буюу “Ирээдүйн манлайлагчдын солилцоо” гэсэн нэртэй хөтөлбөр байгаа. Хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд ахлах сургуулийн сурагчдыг Америкийн ахлах сургуульд нэг жилийн хугацаатай суралцуулж, Америк айлд амьдруулдаг. Энэ жил уг хөтөлбөрт арван сурагч хамрагдсан. Харин дараа жилээс жил бүр хорин сурагч энэ хөтөлбөрт хамрагдах юм. Мөн Монголын БСШУСЯ-тай хамтарч цэцэрлэгийн барилга барих төслийг хэрэгжүүлэв. Энэ жил хоёр цэцэрлэг барьж ашиглалтанд оруулан, хүлээлгэж өглөө. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдсан эхний, Дорноговь аймгийн Замын-Үүдэд баригдсан хоёр дахь цэцэрлэгүүд Монголын залуу үеийн боловсролд бид анхаарлаа хандуулж байгаагийн илрэл юм. Зарим онцолж хэлэх гэсэн ажлын үр дүнгүүд маань ийм байна.
-Та Монголд байсан хугацаандаа их нээлттэй ажиллаж, олон ажил амжууллаа. Тэр дундаас монголчуудын анхаарлыг татаж байгаа нэг ажил бол Ану-д түр хугацаагаар ажиллах H2 визний асуудал. Энэ асуудал ер нь нааштай шийдэгдчих болов уу?
-Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Засгийн газарт хандаж Н2 буюу “түр хугацаагаар ажиллах виз”-ний хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлт гаргасан юм. Тиймээс манай Элчин сайдын яамнаас уг хүсэлтийг дэмжээд цааш нь Төрийн департаментад уламжилж өгсөн. Энэ асуудлыг ярилцаж байгаа. Шийдвэр эцэслэгдэн гараагүй байна. Нэлээд урт үйл явцыг туулж байж гарах юм. Тиймээс одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гарсан гэж зарлах боломжгүй байна.
Нэгэнт энэ сэдвээр яриа дэлгэснийх, хоёр долоо хоногийн өмнө Монголын Гадаад харилцааны яамтай бидний хамтран эхлүүлсэн“Хариуцлагатай аялцгаая” олон нийтэд хандсан аяны талаар уншигчдадаа дамжуулж өгөхийг танаас хүсч байна. Энэ кампанит ажил нь АНУ-д аялах хугацаандаа, хариуцлагатай аялаад буцаж ирэхийг монголчуудад уриалах зорилготой юм. Ер нь АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байгаа монголчуудын тоо нэлээд их болчихоод байна л даа. Тиймээс монгол хүн болгон хариуцлагатай аялаад, хугацаандаа буцаж ирээд байвал дараа нь аялах бусад хүмүүстээ боломж олгоно гэсэн үг. Иргэн бүр хийж буй үйлдлийнхээ бусдад нөлөөлөх үр дагаврын талаар бодож үзээсэй гэж бид хүсдэг.
-АНУ-аас манайд хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд, хэрэгжилтийн үйл явц, цаашид үргэлжлэх эсэх талаар тодруулмаар байна л даа…
-Мянганы сорилтын корпораци бол манай хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн нэг хэлбэр байгаа юм. Мянганы сорилтын корпораци эхний компакт гэрээгээ Монгол Улстай таван жилийн хугацаатай байгуулан, 2008-2013 оны хооронд хөтөлбөр хэрэгжиж дууссан. 2015 онд Монгол Улсын Засгийн газар дахин Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар ярилцаж эхэлсэн, хоёр жил гаран үргэлжилж байна. Хоёр дахь компакт гэрээг байгуулаад дараа жил гэхэд Мянганы сорилтын корпорацийн тусламжийг авчирч чадах байх гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа. Мянганы сорилтын корпорацийн үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулахад оршдог. Тэгэхээр хоёр дахь компакт гэрээгээр Улаанбаатар хотын усан хангамжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр сонгож авсан. Хоёр дахь компакт гэрээгээ 2018 онд байгуулж чадах юм бол дахиад таван жил үргэлжилнэ гэсэн үг.
-Эдийн засгийн ил тод байдлын хэлэлцээрийг эцэслээд байгаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг яаж харж байна?
-Ил тод байдлын хэлэлцээрийг энэ оны гуравдугаар сард эцэслэн одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Худалдаа, эдийн засагтай холбоотой хууль тогтоомжуудыг англи хэл рүү орчуулах хэрэгцээ шаардлагатай уялдуулан тусгай зориулалтын англи хэлний сургалтын чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргийг бид хүлээж байгаа. Ил тод байдлын эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнестэй холбоотой бүхий л хууль тогтоомжуудаа англи хэлээр цахим орчинд байршуулах тийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр хууль тогтоомжуудыг зөвхөн Америк гэлтгүй, бүхий л гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгосноор тэд Монгол Улсын зах зээлд нэвтрэхэд илүү хялбар болно гэсэн үг.
-Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж хэр байдаг вэ?
-Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа REACH төсөл нь жижиг, дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх зорилготой юм. Энэ төслийн дагуу 25 сая ам.долларыг зээл хэлбэрээр 500 жижиг, дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд олгох төсөл хоёр дахь жилдээ маш амжилттай хэрэгжиж байгаа. Ялангуяа шинэ залуу бизнес эрхлэгчдэд урам зориг өгч, энтрепренёршип соёл, үзэл санааг Монголд авчрах, бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөхийн тулд бид олон арга хэмжээ зохион байгуулсан. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хоёр удаа хакатон зохион байгууллаа.Энэ нь залуус бизнесийн санаагаа танилцуулаад,тэдний танилцуулгыг сонссон санхүүгийн байгууллагууд бизнес санааг нь дэмжихээр бол анхны хөрөнгө оруулалтыг нь хийдэг арга хэмжээ юм л даа.Үүнийг хүмүүс маш сайн хүлээн авсан. Иймэрхүү энтрепренёршип талын санал санаачилгууд дээр Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудтай маш ойр нягт хамтран ажилладаг. Дөнгөж саяхан болсон Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд бид Америкаас залуу бизнес эрхлэгч эмэгтэйг урьж авчран маш олон залуустай уулзуулж, хэд хэдэн илтгэл тавиулсан. Энэ уулзалтуудаар яаж бизнес эхлүүлдэг, санхүүжилт хэрхэн олж авдаг гэх зэрэг арга туршлагаасаа хуваалцсан. Энэ мэтчилэн бид залуу бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно.
-АНУ-ын ерөнхийлөгч Трамп цагаачлалын бодлогодоо хатуу байр суурь баримтлахаа зарласан. Монголчууд Америкт олноороо амьдардаг. Цагаачлалын хатуу бодлого тэнд амьдарч, ажилладаг монголчуудад хэрхэн нөлөөлөх бол?
-Аль ч улс орон хил хязгаараа, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүрэгтэй байдаг. Америкийн Нэгдсэн Улс цагаачлалын талаар баримтлах бодлогоо одоо эргэн харж байна. Гэхдээ Монгол Улсын талаар юу ч яригдаагүй. Харин Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг илүү нарийн нягт шалгах зэрэг асуудал бол нэмэгдэх байх. Тийм ч учраас бидний саяхан эхлүүлсэн“Хариуцлагатай аялцгаая” аян маань АНУ-д амьдарч байгаа монголчууд визнийхээ нөхцөлийг баримталж байгаасай, монгол аялагчдад алдарсан бидний итгэлийг эргүүлэн олж аваасай гэсэн агуулгатай.
-Монголын ардчиллыг та юу гэж дүгнэж байна. Манайд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаж байна уу?
-Бид Монгол Улсыг адилхан ардчилсан орон гэж талархан хүлээж авдаг. Манай хоёр улс ардчиллын адилхан үнэт зүйлстэй. Тиймээс Монголд ардчилсан институцуудыг бэхжүүлэх тал дээр хамтран ажилладгаараа бахархдаг. Миний ажилласан хоёр жил гаруйн хугацаанд Монголд УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Урд өмнө нь гарч байгаагүй 2 дахь шатны санал хураалттай, аль, аль нь маш тайван, нээлттэй, ил тод, чөлөөтэй, улсынхаа хууль тогтоомжид нийцсэн ардчилсан сонгууль болж чадсан гэж үзэж байна. Ийм байдлаар сонгуулиа явуулж байнаа гэдэг нь аливаа ардчиллын үндэс суурь гэж боддог доо. Тийм болохоор хэцүү бэрх хүрээлэлд ардчиллыг хөгжүүлж байгаа улс орных нь хувьд бид Монголыг байнга хүндэтгэж байдаг. Ардчиллын институцуудыг цаашид улам бэхжүүлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно.
-Монголчууд Америкийн ардчиллаас юуг суралцах хэрэгтэй вэ?
-Ардчилал бол монголчуудын өөрсдийнх нь сонгосон зам. Ард түмэн төр засгаа, замнах замаа сонгох бүрэн эрхтэй. Энэ бол монголчуудын өөрсдийнх нь сонголт.
-Монголд та хоёр жил гаруй ажиллалаа. Монголын тухай та ямар ойлголттой болсон бэ? Монголчуудын юу нь болоод юу нь болохгүй байна гэж бодож байна?
-Би Монгол орныг амьд эрчимлэг, халуун дулаан нийгэм гэж хардаг. Маш баялаг түүхтэй, гэрэл гэгээтэй ирээдүйтэй улс орон гэж хардаг. 1991 онд тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жеймс Бейкэр Монголд айлчлахдаа “гуравдагч хөрш” гэдэг үгийг анх хэрэглэсэн гэж ярьдаг. Энэ гуравдагч хөршийн бодлого бол хоёр хөршөөсөө цааших улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодог стратегийн бодлого гэж бид хардаг. Тийм учраас бид Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархдаг.
-Монголын залууст та юу хэлмээр байна. Ингэж асууж байгаа минь бас учиртай. Та LEAD Mongo¬lia хөтөлбөр хэрэгжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Монголын манлайлагч залуус ярьж байсан. Монголын залуустай таныг нэлээд ойр ажилласан гэж ойлгодог. Тиймээс та манай талаар юу гэж хэлмээр байна.Тэдэнд захиж хэлмээр үг байна уу?
-Монголын залууст өгөх миний зөвлөгөө, захиас гэвэл Америкийн залуус, түүний дотор өөрийнхөө хүүхдүүдэд ч өгдөг зөвлөгөөтэй адилхан байх болно. Энэ бол “Оролц” гэдэг үг. Санааг чинь зовоож байгаа асуудлыг олж тодорхойл. Тэр асуудал дээр нийгэмдээ нөлөөлж болохоор ямар өөрчлөлтийг чи хийж чадах вэ гэдгээ бод. Ийм зүйлийг Монголын залуусаас, залуу манлайлагчдаас олж харсан бөгөөд энэ нь надад маш их урам зориг өгсөн. Өөрөөр хэлбэл, тэднээс нийгэмдээ байгаа асуудлыг олж харж, тэрийгээ өөрчлөх шийдлийг гаргаж тавьж чадна, нийгмээ эерэг тал руу өөрчилж чадна гэсэн итгэл найдварын цог олж харсан. Ардчилсан орны иргэний хувьд хэдийгээр маш олон эдлэх эрх байгаа ч түүний хажуугаар тодорхой үүрэг хүлээдэг. Эдгээрийн нэг нь эх орондоо илүү сайн сайхан ирээдүйг бий болгох үүрэг юм. Тийм учраас “Оролц” гэж хэлээд байгаа юм.
-Та Монголыг өөрийнхөө ажиллахыг хүссэн газар гэж хэлсэн байдаг. Юу тэгтэл таныг Монгол руу татав?
-Хоёр шалтгаан байсан гэж боддог. Нэгдүгээрт, Монгол Улс 1990 онд ардчиллын замаар замнах маш зоригтой шийдвэр гаргасан. Энэ зоригтой шийдвэр нь Америкийн Нэгдсэн Улсаас дэмжлэг туслалцаа авах бүрэн үндэслэл гэж би боддог. Хоёрдугаарт, Монгол Улс бидний онцгой түнш маань байсаар ирсэн. Афганистанд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанууд болон НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дээр бидний ойр дотно хамтрагч, үнэ цэнэтэй түнш маань байсаар ирсэн. Ийм ч учраас би Монгол-Америкийн харилцааг цаашид улам бэхжүүлэх, хөгжүүлэх ёстой гэж харсан. Тиймээс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны гучин жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ онд хамтын ажиллагаагаа эргэн харахад зөв зам дээр, зөв голдрилоороо явж байна гэж дүгнэж байна.
-Та энэ хугацаанд маш нээлттэй, мөн их шаргуу ажиллалаа гэж ойлгож байгаа. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд ч нээлттэй байсан.Та дахин Монголд ирэх үү?
-Хоёр жил гаруй хугацаанд Монгол орны үзэсгэлэнтэй, сайхан байгаль, газар нутгийн заримыг нь үзсэн ч үзэж амжаагүй нь олон газар байгаа.Тэр нь миний хувьд дахин ирэх шалтгаан болно. Монголчууд намайг маш халуун дотноор хүлээн авч, хоёр жилийн хугацаанд хамтран ажилласныг дурсаж явах болно. Твиттер, нийгмийн сүлжээнд ч бас монголчуудтай нээлттэй харилцахад сайхан байсан. Нийгмийн сүлжээний зарим дагагч маань Вашингтон руу явахад ч дагах байх гэж бодож байна.
-Монгол хэл хэр сурав?
-Оюутан гэдэг утгаар бол элчин сайдаасаа хамаагүй муу байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, монгол хэл сурах хичээлдээ ахиц муутай байсан. Би монгол хэл гэдэг сураад дуусашгүй баялаг юм байна гэдгийг мэдэж авах хэмжээнд хүртлээ л монгол хэлийг сурсан гэж ойлгож болно. Монгол хэл сурах бол энд ирээд миний хийж дуусгаагүй ажил гэж ч хэлж болох юм.
-Монгол хоолны амт ямар байв?
-Миний идэж үзсэн монгол хоол бүгд таалагдсан. Хуушуур, бууз, цуйван бүгд л сайхан амттай.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан байсан. Уулзалтын ерөнхий үр дүнг сонирхож болох уу?
-Одоогийн Ерөнхийлөгчтэй би хоёр удаа уулзсан. Өмнөх Ерөнхийлөгчтэй бол хэд хэдэн удаа уулзсан. Элчин сайдаар ажиллахын нэг давуу тал нь тэр байдаг. Сая Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид харилцаагаа яаж өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон.