Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2017.02.02)
хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8
гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн
төслүүдийг баталсан билээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр (2017.02.03) дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн зорилго нь жижиг дунд
үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг
хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Гаалийн
албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
дагаж мөрдөх журмын тухай хуулиар зарим асуудлыг зохицуулсан байгаа.
Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-нээс
өмнө жижиг дунд бизнес эрхлэгчид гаалийн татвараа төлөөд хууль хэрэгжиж
эхэлсний дараа төлсөн татвараа буцаан авах боломжтой болж байгаа”
хэмээгээд уг хууль нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг
дэмжсэн төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг цохон тэмдэглэв.
Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт болон гаалийн
татварын чөлөөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийн
жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Иймд дээрх асуудалтай
холбоотой өөрийн санал, хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлснээ
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн юм
гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.