Хонконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани “Southgobi Sands” компанийн татвараас зайлсхийсэн хэргийн торгууль болох 35.3 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг Монгол дахь данснаасаа суутгуулсан тухайгаа тайлагналаа. Өнгөрсөн оны аравдугаар сард энэхүү хэрэгтэй холбоотойгоор Монгол дахь банкны дансны 1.2 сая ам.долларын хадгаламжийг нь царцаагаад байсан бол арав, арваннэгдүгээр сард дээрх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлснээр торгуулийн хэмжээ 16.5 сая ам.доллар болж буураад байна.
Тус компанийн танилцуулсан санхүүгийн тайлангаас харахад 2015 оны сүүлийн улиралд борлуулалт нь өмнөх жилээс хоёр дахин буурчээ. “Southgobi Resources” компани тайлант хугацаанд 200 мянган тонн нүүрс борлуулсан бөгөөд энэ нь компанийн нийт олборлолтын гуравны нэгтэй тэнцэж байна. Гол зах зээл болох БНХАУ-д нүүрсний ханш сэргэхгүй байгаа учраас тус компанийн санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгааг биржид тайлагнажээ.