Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд арван жилийн хорих ял оноолоо.
Тэрбээр хуурамч баримт бүрдүүлэн Өмнөд африкийн Стандарт банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 160.1 сая ам.долларын зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс мөн Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрт 105 тэрбум, бусад аж ахуй нэгжид 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, хохирлыг барагдуулах шийтгэвэр ногдуулжээ.
Шүүхээс энэ хэрэгт холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргал, “Алтжин” группыг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцжээ.
Ингэхдээ Ч.Ганзориг, Ч.Мөнжаргал нарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол Э.Сүрэнг “Жаст”-ын Ш.Батхүүтэй хамтран хуурамч баримтаар Төрийн банкинд хохирол учруулсан гэж үзэн, 35 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.