Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тавих гэж буй талаар хэвлэлийн хурал боллоо.
“Жаргаагүй нар” жүжгийн зохиолыг МУСГЗ Ш.Гүрбазар бичсэн бол ерөнхий продюсероор УГЗ Д.Цэрэнсамбуу ажилласан бол Ч.Түвшин найруулсан юм. Жүжгийн гол дүрд Б.Шинэбаяр /Д.Нацагдорж/, Н.Баярмаа /Пагмадулам/ нар тоглож байна. Жүжгийн тасалбарыг УДЭТ-ын билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд 10-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ. “Жаргаагүй нар” тайзны уран бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчиддээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “МОНГОЛ АРДЫН СУУТ” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна.
“Жаргаагүй нар” жүжиг дуутай бөгөөд өчигдөр шинэхэн клипээ олны хүртээл болгоод буй. Дууны шүлгийг МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ш.Гүрбазар, Дууны хөгжмийг МУУГЗ Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр зохиосон аж. Харин дууг ҮДБЭЧуулгын уртын дууч Х.Эрдэнэцэцэг, Asianshop хамтлагын дуучин Р.Батболд, Д.Бат-Ундрах, залуу дуучин Э.Номинчимэг, Поп Увертюра хамтлаг хамтран дуулсан байна.