Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан юм. Нээлтэд Баянзүрх дүүргийн удирдлагууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нарын гавьяатууд хүрэлцэн ирж Соёлын төвдөө хүндэтгэл үзүүлсэн байна.
Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус Соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 11 дэх жилдээ хичээллэж байна.
Мөн дүүргийн хороодын ардын авьяастнуудын дунд урлагийн наадам, Ардын богино дууны наадам, сургуулийн сурагчдын дунд “Нарны инээд” эстрадын дууны уралдаан, Ардын бүжгийн тэмцээн, Их дээд сургуулиудын дунд “Байгаль эко соёл” Дэвжээ тэмцээн, “Архигүй, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” цуврал сургалт хичээл болон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан явуулдаг юм.
Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу Баянзүрх дүүргийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарч байжээ.