Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Жамсранжавын охин СТА Ж.Амарзаяатай ярилцлаа. Тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G intertainment” студийн найруулагч юм.
-Таныг орчин үеийн театр “Black box”-ын жүжгүүдээр олны өмнө гарч ирэхэд агуу удирдаач Жамсранжав гуай эрхгүй санагдаж байлаа. Тэгээд аавын тань тухай дурсан ярихыг хүссэн юм. Олон түмний сэтгэлд аав тань сонгодог хөгжим, Ховд нутаг хоёроороо дэндүү тод овоглогдон үлджээ?
-Миний аав уг нь нийслэл хотод төрсөн хүн. 1943 онд. Өвөө, эмээ хоёр маань бараг л хотын уугуул. Ээж, аавын тал аль аль нь хотын уугуул. Гэсэн ч Ховдоор овоглочихсон, Ховдын Буянт сумынх гэж явдаг юм. Манай дээд өвөг элэнц хуланц маань Жамьян гэж хүн байсан юм. Жамьян өвөө маань Ховдод анх театр байгуулсан хүн л дээ. Түүгээр нь Ховдынх гээд овоглочихсон юм билээ. Удирдаач Чулуун ах манай өвөөгийн дүү. Тэгээд л тэд маань бүгдээрээ Ховдоор овоглож явдаг юм. Үр хүүхдүүд нь аавынхаа удмыг дагадаг жишгээр Ховдынх л гэдэг. Миний аав бол арван тав зургаахан насандаа Оросын Москва хотын хөгжим бүжгийн коллежид сурсан байгаа юм. Төгсч ирээд ажиллаж байгаад бүр сүүлд 1967 онд Ленинградын консерваторт явсан юм билээ. Тэр хооронд аав Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, Ардын дуу бүжгийн чуулгад удирдаач хийж байсан. 1973 онд Ленинградын консерватор төгсч ирээд Дуурийн театрын хөгжмийн удирдаачаар ажиллах болсон.
-Арван хэдтэй хүүгийн Москвад өнгөрүүлсэн он жилүүд ямар байсан бол?
-Миний аав айлын ганц хүү. Хүний ганц хүү учраас их дэврүүн, эрх танхи өссөн юм байна лээ. Эмээ өвөө хоёр маань хоёулаа дээд мэргэжилтэй, өндөр боловсролтой хүмүүс байсан. Нэг нь хүүхдийн эмч, нөгөө нь малын эмч. Тэр үеийн техникумд сурч байхдаа танилцаж гэр бүл болоод аавыг төрүүлж. Хүүхдэдээ маш их анхаарал тавьдаг байсан байгаа юм. Хоёулаа хөгжим тоглочихдог байсан гэдэг юм. Удам судраар нь хөөгөөд үзэхээр Жамьян өвөөгийн урлагийн авьяас өвлөгдөж, манай аав, Чулуун ах, Чулуун ахын хүү Чинбат, Чинбатын Амараа гээд ерөнхийдөө удам угсааны авьяас яваад байдаг юм. Тэгээд ганц хүүгээ Москва явуулчихаад эмээ маань их санадаг байсан нь мэдээж шүү дээ. Тэр үед их дэг жаягтай, их мундаг сурч байсан гэдэг юм билээ. Оросууд бол авьяастай хүнийг сайн төрүүлж чаддагаараа алдартай шүү дээ. Аавыг Ленинградад байхад би нэг хоёрхон ойтой жаахан байсан болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ л тэнд байсан үеийнх нь зургийн цомгийг харж байхад хүртэл их л бие даасан хүүхэд байсан харагддаг юм. Өөрийнхөөрөө байх чөлөөг ч гэсэн эмээ өвөө хоёр гаргаж өгдөг байсан шиг байгаа юм. Ер нь сод авьяастай гоц хүмүүсийн нэг онцлог байдаг шиг байгаа юм. Өөрийнхөөрөө, маш их бие даасан шинжтэй, бусдаас харьяат бус, хэзээ ч юунд ч шантардаггүй тийм хүмүүс байдаг юм шиг ээ.
-Ээж, аав хоёрын тань гэр бүл болсон түүх гэвэл?
-Ээж Анагаахын дээд сургуульд сурч байсан үе гэдэг. Ээж маань хүүхдийн эмч л дээ. Тэгээд аав анагаахын дээдийн оюутнуудыг урлагийн үзлэгт бэлдүүлж байгаад ээжтэй танилцсан юм билээ. Нэг өдөр эмээ, өвөө хоёрын дунд орж суугаад аав хэлж гэнэ. “Би нэг их гоё ногоон нүдтэй охинтой танилцлаа” гэж ярьсан гэнэ ээ. Аав өнгө нэрээр нь ялгадаггүй байсан байхгүй юу. Тектоник гэж ярьдаг даа, тийм хүн байсан. Тэгсэн эмээ өвөө хоёр нэг их норгоон нүдтэй бэртэй болох юм байна даа гээд хөхрөлдөж байсан гэдэг. Ээж маань их цэвэрч нямбай, эмч бүсгүй аавын гэрт орж ирсэн гэж ярьдаг. Ээж маань аав ээж нь эрт өөд болчихсон учраас эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн. Аав ээж хоёр бие биедээ их хайртай, тэрийг нь хичнээн балчир ч гэсэн хүүхдүүд нь харж мэдэрч өсч. Одоо би боддог юм. Хүн үр хүүхдэдээ үлгэрлэж амьдарна гэдэг чинь их гоё юм байна. Зүгээр нэг зааж зааварлахаас илүү өөрийнхөө амьралаар үлгэрлэж амьдарч байж хүүхдүүддээ хайрын атмосфер гэх юм уу нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгдөг юм байна. Аавтай танилцах үедээ ээж хоёрдугаар курст байсан юм билээ. Миний эгч ээжийн адил эмч мэргэжилтэй. Манайд ер нь урлагийнхан, эмч гэсэн хоёр янзын хүмүүс байдаг юм. Их сонин. Өвөө эмээ, ээж, эгч гээд бүгд эмч нар.
Өвөө эмээ хоёр Чулуун ахыг аавд тусалдаггүй байсан гэж ярьдаг сан. Чулуун ах аль хэдийнэ урлагт хүндтэй байр суурьтай болчихсон байсан тэр үед аав дөнгөж сургуулиа төгсч ирээд хөлөө олох гээд явж байж л дээ. Би тэр тухай ингэж ойлгодог юм. Урлагийн хүн бол цэвэр өөрийнхөө хүчээр босч ирэх ёстой. Заавал хэн нэгэн татаад л, нөгөө нь татуулаад байх шаардлагагүй гэж. Өнөө цагийнхны бодлоор бол нэг нь их л том түшиг нөмөр нөөлгөнд ирж байгаа хүн, нөгөөх нь под хийтэл хажуудаа татаж аваад л орлогчоо болгочиход юухан байхав дээ гэмээр. Гэтэл тэр үеийн хүмүүс яг л номоороо, өөрийнхөө хүч авьяасаар байр сууриа олж авч байж. Тэгээд аав маань Дуурь бүжгийн эрдмийн театрт 22 дуурь, балет тавьсан. Дуурийн таетрын вэб хуудас руу ороод би сая зарим юмыг нь сэргээж харлаа л даа.
-Эдний вэб хуудсаас одоо урын сангийнх нь үнэн зөв мэдээллийг авах боломжгүй болсон байна лээ. Аль дээр үед тавьсан жүжгүүдийн удирдаач, найруулагч нарын нэрийг хийсэн бүтээлээс нь хасаад өнөө цагт дохисон хүнийхээр болгочихсон байна лээ. Ж.Чулуун, таны аав, Баатаржав, Санжмятав нарын удирдаачид, тэр бүү хэл Билэгийн Дамдинсүрэнгийнх нь нэр ч бараг байхгүй болчихсон байгаа. Одоо хүмүүс өөрсдийнхөө түүхийг зориуд буруу бичдэг болж байгаа юм уу даа. Бүгд худал мэдээлэл явж байгааг та анзаарсан уу?
-Хүний найруулаад тавьчихсан бүтээлийг дараа нь үргэлжлүүлээд тоглох амархан шүү дээ. Хөгжмийн жүжгийг анх тайзанд тавина гэдэг чинь өнөөдөр сэргээгээд тоглуулахаас шал өөр биз дээ. Миний аав хар багаасаа Орост сурч олон жил тэнд амьдарсан болохоор маш сайн орос хэлтэй. Эх зохиолуудыг нь их сайн уншиж судална, пянз их авчирдаг байсан, тэрийгээ гэртээ байнга сонсоно, сонсоод өөрөө дохиж сургуулилж байнга давтана. Аавын төгөлдөр хуур бол бид нарын хувьд музейн үзмэр шиг л байдаг байлаа. Ээж бид нар зөвхөн арчиж гялалзуулдаг. Нэг ч удаа хуруу гараа хүргэх эрх байхгүй. Бид нарыг яг тийм чанга хатуу дэг журамтай, урлагийг дээдлэх үзэл бодлоор өсгөсөн л дөө. Аав уран бүтээл хийж туурвиж байх үедээ аягүй их нисдэг байсан шиг байгаа юм. Халил ихтэй, хийж байгаа юмандаа өөрөө бүр дотор нь орчихдог, түүгээрээ өвчилчихдөг байсан. Хүмүүстэй уулзахдаа тэрийгээ яриад, энэ жүжгийг тэнд тэгж тавьсан байна, тэндэхийн тэр театрт намайг үзэж байхад тэгж тавьж байсан гэхчлэн олон хувилбараар нь ярина. Тэр уран бүтээлчийн уйгагүй эрэлхийлэл нь аавд их хэрэг болж байсан болов уу. Би урлагийн хүн болохоор хожим ч гэсэн мэдрээд байдаг юм. Энэ олон том бүтээлийг найруулж тавих социализмын үе байсан юм чинь амархан гэж зарим хүмүүс бодох байх л даа. Яагаад гэвэл бүхнийг улсаас дэмжээд нөхцөл бололцоогоор хангаад өгчихсөн гэдэг ч юм уу. Гэхдээ л хүмүүс нь алтан үе байсан байсан байхгүй юу. Оюун, Ганбаатар бүжиглээгүй бол, Уртнасан, дараа нь Жавзандулам дуулаагүй бол тэр олон бүтээл тэгж цогц гарах байсан уу, үгүй юу. Яг тэр алтан үе нь өөрөө маш өндөр түвшинд боловсорчихсон хүмүүс байжээ. Оркестр нь гэхэд л бүтэн оркестр суухад дандаа дээд мэргэжлийн хөгжимчид байгаа юм. Одоо ингээд бүтэн концерт сонсоход яагаад ч юм миний аавын удирдаж тоглуулж байсан шиг санаанд хүрдэггүй. Тэгээд оркестроо өөр хэн нэгэн удирдаачгүйгээр, аав удирдаж байгаагаар төсөөлөөд сонсохоор ямар гоё сонсогддог гээч. Нэг тийм амьд сүнслэг орчинд орчихдог юм. Одоогийн удирдаач нарыг би муу гэдэг ч юм уу уран бүтээлийг нь муу гэж байгаа юм биш шүү. Хамгийн гол нь энэ бол уран бүтээлчид санаа нэгдэх, бие биенээ дэмжиж, хайрлаж, дандаа нэгэндээ тусалж, урам зориг өгч байх тэр сэтгэл нь чухал. Миний аавын хамтарч ажиллаж байсан үеийнхэн бол үүгээрээ гойд байжээ. Хийсэн бүтээснээс нь мэдрэгддэг юм. Миний аав бол харахад их ширүүн дориун зантай, эрс шийдэмгий, хүнд үнэнийг хэлэхдээ ерөөсөө цааргалдаггүй хүн байсан. Тэр чанараараа үеийнхнээ, хамт ажиллаж байсан уран бүтээлчдээ байлдан дагуулж чадсан байх. Зөвхөн дуучид биш шүү дээ, балетчид, найрал дуучид, найруулагч, оркестр гээд хөгжмийн театрт бол удирдаач л тэр бүгдийг зангидаж жүжиг тавина шүү дээ. Ер нь Дуурийн театрт миний аавын тухайн өдрийн настринаар бүх юм шийдэгддэг байсан шиг байгаа юм.
-Мэдээж. л дээ, тухайн удирдаачийн л бодол санаа, мэдрэмж, тэр бүү хэл зан характераар хөгжмийн бүтээл тайзан дээр шинээр төрдөг юм чинь. Ингэхэд таны аав хоёр охиноо театртаа дагуулж очдог байв уу?
-Ер нь урлагийн тогоонд чанагдаж байгаа хүний хүүхдүүд тэгтлээ тэр чигээ дагаад, аав ээжийгээ дагаад “хүлээс”-нд өнжөөд байдаггүй. Би тийм амьдралыг мэдэхгүй. Театрын ертөнцийг тахиж шүтэж, үзэгчийн суудалд сууж өссөн. Хэрэв тайзны ар руу явбал алуулна шүү дээ. Тэр бол уран бүтээлчдийн орчин. Хүүхдүүд бидэнд тийшээ гишгэх эрх байхгүй. Би харин Драмын жүжигчдийн хүүхдүүдийн ярьдаг, тайзны ард дуулж жүжиглэж өссөн гэх мэтийн яриаг ойлгодоггүй юм.
-Аав тань хөгжмөө удирдан тоглуулахдаа бүр багтаж ядсан гоц эмоцитой хүн байлаа. Бичлэгийг нь харж байхад. Сэтгэлийн илэрхийлэл асар өндөртэй удирдаач. Тэр чанар нь танд хэр зэрэг удамшсан бэ?
-Тэр багтаж ядсан эмоци гэдэг чинь урлагт их чухал юм даа. Аав бол тэгж төвлөрдөг байсан. Түүгээрээ ч онцгой ялгардаг байлаа. Би багадаа балет их сонирхдог байв. Тэгээд гуравдугаар ангид байхдаа хэнд ч мэдэгдэлгүй балетад шалгуулаад тэнцлээ. Жамьяндагва тэргүүтэй хүмүүс ОХУ-ын Перьмийн Балетын сургуульд элсэх хүүхэд шалгаруулж авах үе таараад би тэнцчихлээ. Ямар ч байсан сургуульд нь орчихлоо гэсэн бодолтой, гуравдугаар шатны үзлэгт нь орох гэж байтал аав мэдчихээд эрс эсэргүүцсэн. Манайх тэгэхэд арванхоёр давхар байрны хамгийн дээд давхарт байдаг байв. Аав охиноо балетчин болгохгүй гээд намайг арванхоёр давхарт түгжиж байсан гээд бод доо. Биеэр дамжуулж гаргадаг урлаг, хамгийн хүнд хөдөлмөр учраас аав тэгтлээ дургүйцсэн байх. Оюун гуайг л бод л доо. Бие, сэтгэл, амьдрал бүх юмаа зориулж, шавхаж байж одын түвшинд очно шүү дээ. Сонгодог урлаг гэдэг чинь тийм нандин, ариун зүйл. Би ч балетад дэндүү дуртай хүүхэд байлаа. Тэр үед бараг цонхноос үсэрчихмээр санагдаж байсан. Гэсэн ч аав явуулаагүй.
– Дуурийн театр дахь аавын тань амьдралын сүүлийн жилүүд ямархуу байсан бэ?
-Миний аав 1994 онд тэнгэрт буцсан. Орос, Монгол аль аль талдаа л ардчилал бий болж, театр үнэхээр том уналтад орсон. Театр хаалгаа бараг барьсан. Тэр үеэр аав ОХУ-ын Буриадын Дуурийн театрын урилгаар Ерөнхий удирдаачаар нь очсон юм. Тэнд бас нэлээн уран бүтээл хийсэн. Эргэж ирээд байж байтал дахиад урилга заллага болоод Буриадад очсон. Эргэж ирээгүй. Миний аав бол эрүүл саруул биетэй, амьдралын өндөр дэг соёлтой хүн байсан. Удирдаачийнхаа хувьд бол үнэндээ сод хүн байсан.
-Та театртаа хэд хэдэн жүжиг найруулан тавьсан. Жүжиг найруулахдаа ер нь юу мэдрэв. Болмоор юм уу?
-Найруулга гэдэг бол ерөөсөө л тухайн найруулагчийн өнцөг юм байна гэж боддог болсон. Би сэдвээ аль өнцгөөс яаж харах вэ гэдэг л асуулт миний өмнө гарч ирнэ. Манай Мийгаа ах(Боролдой студи, С.Мягмар найруулагч) хэлдэг юм. Чи найруулагч хийх юм бол уншаач, энд тэндэхийн юмнуудыг судлаач гэдэг юм. Гэтэл би бусдыг харахаас илүү өөрийнхөө дотоод ертөнц дээр, ой тойндоо босгож ургуулж хийх дуртай. Бүтээл хийж дууссаныхаа дараа бусдынхтай харьцуулж болно шүү дээ.
-Найруулагч бүтээлээ цэвэр өөр дээрээ босгож ирнэ гэдэг чинь театрын оюун санаанд том үзэл байна. Бид олон л найруулагчийн яриа хөөрөө, үзэл бодлыг хуваалцаж байсан. Ийм зоримог хандлага сонсдож байсангүй?
-Бусдын хийснийг үзэж харж, судалж хийдэг арга барилтай хүмүүс байдаг байх л даа. Тэгээд ч би нэг ч их олон бүтээл найруулсан биш. Зүгээр нэг тийм бодол надад байдаг. “Хирс”-ийн дараа “Хатагтайн айлчлал” дээр ажиллалаа. Аль алинд нь тэр бодлоороо л хандсан.
-Танай театр жүжигчдийн тоглох орон зай нь их гоё юм байна лээ. Үзэгч тоглолтыг араас нь дагаж үзэхийн оронд найруулагч зохиолч хоёртой зэрэгцээ оршиж, өөрөө шийдэл эрж хайх жишээтэй. Ингэхээр тэнд байгаа бүх хүмүүс ямар ч хөшиг хаалтгүй, маш нээлттэй харилцаанд орчихож байна?
-Манай театрт орж ирсэн хүмүүс хөдлөхөөсөө ч айдаг. Хуучны сонгодог уламжлалт театрт ямар дэг жаяг байдаг билээ тэр бүх дэг жаяг өнөөдөр “Black box” театрт байна. Тайз гэдэг чинь өөрөө тавилга биш, хувцас ч биш. Ерөөсөө л жүжигчдийн том баг байдаг. Яг үүн шиг миний аавын Дуурийн театрт ажиллаж байсан хүмүүс нь гайхамшигтай хүмүүс байжээ. Миний аавын хорин хоёр дуурь балет байдаг. Тэр бүгдийг аав ганцаараа хийгээгүй. Яг тэр цаг үед алтан баг, алтан боломж тохиосон учраас тийм олон бүтээл хийж чадсан. Уртаа эгч, Эрдэнэбулган ах, Нацагдорж ах, Гунгаасүх ах гээд цааш нь бүгдийг нь мэдээж нэг дор нэрлэхэд хэцүү. Тэднийг би жинхэнэ алтан үеийнхэн л гэж боддог.
-“G intertainment” студи тань танай гэр бүлийн студи уу?
-Тийм ээ. Нөхөр минь продьюссер хийдэг юм. Ганболд гэдэг залуу бий. Бид гурван хүүхэдтэй. Эгч бид хоёр хоёулхнаа өссөн болохоор олон хүүхдэд дуртай.
-Жамсранжав гуайн өөрийн зохиол дуу, дан хөгжмийн хориод бүтээл бий. Тэднийг нь та эмхэлж цэгцэлж, хамгаалж байгаа юу?
-Хөгжим гэдэг чинь урлаг дотроо их нарийн урлаг. Би драмын жүжигчин болохоос биш ноот мэдэхгүй. Хүн ер нь чаддаг юмаа хийгээд явчих юм. Тэгээд аавынхаа бүтээл рүү орж чадахгүй л байна. Харин миний эгчийн хүү Мишээл гээд Орост хөгжмийн сургуульд сурч байгаа хүү байна. Тэр маань өвөөгийнхөө бүтээлийг цэгцлэх байх. Хөгжимд гоц авьяастай. Оросын жирийн дунд сургуульд сурч байхад нь энэ ерөөсөө гений хүүхэд байна гээд хөгжмийн сургуульд нь авчихсан юм билээ.
Н.ПАГМА