Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жамбалын Гангаа

(1962-2014)

Бидний эрхэм дотны нөхөр, Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч Жамбалын Гангаа удтал хүндээр өвчилж байгаад 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр таалал төгслөө.

Ж.Гангаа нь 1962 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Бор хужир гэдэг газар төржээ. Тэрээр бага дунд дээд боловсрол эзэмшин ардын армийн “Алдар” спорт хороонд алба хааж, тамирчин багш дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд хүндийн өргөлтийн спортын мастер, сумын заан цолтой нэгэн байв.

1990 оноос Төв аймгийн Цээл сумын Ардчилсан холбоог үүсгэн байгуулалцаж тэргүүлж явсан Монголын Ардчилсан холбооны анхдагчдын нэгэн юм.

Ж.Гангаа нь 1997 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх зэрэг ажил албыг нэр төртэй гүйцэтгэж байлаа.

Тэрээр Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч бөгөөд аян замын тэмдэглэлийн уран дархан, мастер багш нь байлаа. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, Түвдийн цуврал тэмдэглэл, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор” тэргүүт аян замын шилдэг туурвилууд нь Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээж, судлагдах хэмжээнд хүрсэн билээ. Мөн “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сарын үеэр л юм даг”, “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг” зэрэг даацтай нийтлэлүүд туурвиж сэтгүүл зүйн “Балдорж” шагналын тэргүүн гран-при хүртсэнээс гадна уг шагналын шилдэг аравт жил бүр шалгарч байлаа. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл хүртсэн юм.

Нэрт нийтлэлч Ж.Гангаа нь үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы “Оны шилдэг бичлэг”-ийн шагналыг удаа дараа хүртсэнээс гадна Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, шилдэг бичлэгийн “Ган үзэгтэн”-ээр шагнуулж байлаа.

Түүний авьяас билэг хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.

Талийгаачийн уйгагүй хөдөлмөрч, нөр хичээнгүй, үнэнч шударга, оюунлаг хүнлэг, олонтой явсан зан чанар нь найз нөхөд, хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин дурсагдах болно.

“Өдрийн сонин”-ы хамт олон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *