Америкийн төлбөртэй дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компани Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилсэн жүжигчин, найруулагч Хасан Минхажийн “Patriot Act” цуврал шоуг Саудын Арабт гаргахыг хоригложээ. Тус шоунд сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилдэг байна. Энэ тухай “ The Hollywood Reporter” сэтгүүл мэдээлжээ. Дээр дурдагдсан цуврал шоунд найруулагч Минхаж сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн нь Саудын Арабын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. Түүнчлэн Америкийн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Саудын Арабын эрх баригчидтай өрнүүлэх хамтын ажиллагааг зогсоохыг Минхаж дэмжсэн байна. Саудын Арабын хууль тогтоомжийг зөрчихгүйн тулд ийм алхмыг авч хэрэгжүүлэхээр болсноо компани онцлон тэмдэглэжээ. Харин АНУ дахь “Netflix”-н хэрэглэгчид тус цувралыг үзэх боломжтойг компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.