Categories
гадаад мэдээ

Жамаль Хашоггийг хөнөөх тушаалыг хэн өгснийг Америкийн тусгай албаныхан тогтоожээ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөх тушаалыг чухам хэн өгснийг Америкийн тусгай албаныхан тогтоосон байна. Энэ тухай “The Washington Post” сонин АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ уг хэргийг мөрдөн шалгах ажлын талаар мэддэг эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус сонинд мэдээлснээр, сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн шууд захиалагч нь Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман аж. “Хэргийг түүний зөвшөөрөлгүйгээр, оролцоогүйгээр үйлдэх боломжгүй” гэдэг дүгнэлтийг ТТГ-ын ажилтнууд эд мөрийн янз бүрийн баримтуудыг судалсны үндсэн дээр хийжээ. Тухайлбал, тэд Хашоггийн АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд, угсаа залгамжлагч хунтайжийн ах Халид бин Салмантай ярьсан утасны яриаг судалсан байна.
Үүнтэй адил дүгнэлтэд Туркийн тусгай албаныхан 11 дүгээр сарын 13-нд хүрчээ. Тэд хэргийн талаар тухайн үед Консулын газарт байсан тагнуулын хурандаа Махер Абдулазиз Мутреб Саудын хунтайжид мэдээлсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.
Жамаль Хашогги 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар орсноосоо хойш сураггүй болсон юм. Сэтгүүлч амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хэрэг гарснаас 18 хоногийн дараа мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *