“Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашогигийн хэрэг дэлхий дахины анхаарлын төвд хэвээр байна. Саудын Арабын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг байсан сэтгүүлч Хашоги Туркийн Истанбул хотод байх Саудын Арабын консулын газар руу 2018 оны Х сарын 2-ны өдөр бичиг баримт бүрдүүлэх ажлаар орж амь насаа алдсан нь тодорхой болсон. Түүний үхэлд Саудын Араб хамаатай болохыг олон баримтаар нотолсон гэдгээ ч Туркын тал мэдэгдэж байгаа. Сэтгүүлчийг алга болсон өдөр түүнийг хөнөөлгөхөөр 15 хүний бүрэлдэхүүнтэй алуурчдын багийг Саудын Арабаас илгээсэн гэсэн байр суурь дээр Турк хатуу зогсож байгаа. Тэгвэл дээрх 15 хүнийг Туркийн хилээр нэвтрэхэд авч явсан тээшийг нь рентген туяагаар шалгахад сэтгүүлчийн алахдаа ашигласан байж болзошгүй багажууд илэрсэн байна. Рентген төхөөрөмжөөс буулгасан зургийг Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж эхэллээ. Саудын Арабын алуурчид гэгдээд байгаа хүмүүсийн тээшинд тариур, цахилгаан бороохой, мэс заслын багаж зэрэг эд зүйлс байгааг зургууд нотолж байгаа аж. Мөн 10 ширхэг гар утас, зөөврийн гурван радио станц, дуу чимээ намсгагч зэргийг илрүүлжээ.