Categories
мэдээ эдийн-засаг

Ж.Золжаргал: Улс төрчид хөрөнгө оруулалтыг татах биш үргээх шинжтэй үйлдлийг л их гаргаж байна даа DNN.mn

Монгол нүүрс ассциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Өнгөрөгч онд Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд  хэмжээндээ хүрлээ. Гол шалтгаан нь юу байв, цаашдаа ямар төлөвтэй байх бол?

-Экспорт огцом нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, худалдан авагч. БНХАУ-ын коксждог нүүрсний импорт сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаагаа 100 сая тонныг давлаа. Энэ нь Монголын нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлсөн. Хоёрдугаарт, дэд бүтэц. Монголын талаас төмөр зам, хил гаалийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж чадсан. Засгийн газраас хэрэгжүүлсэн боомтын сэргэлтийн бодлого, түүнийг угтан дэмжиж ажилласан аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ боллоо. Өөрөөр хэлбэл, төр аж ахуйд оролцолгүй бодлого гаргаад, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулж ажилласны үр дүнд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтууд дээр нүүрсний ачилтын томоохон терминалуудтай болж чадсан. Зүүн талдаа Бичигтийн боомтоор хүрэн нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Цаашдаа энэ чиглэлд төмөр зам барих нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой нэн тэргүүний зорилт гэж бодож байна. Баруун талдаа Ховдын Булганы боомтоор Хөшөөтийн нүүрсний экспорт мөн нэмэгдэж байгаа. Хөшөөтийн уурхай уул геологийн хүндэвтэр нөхцөлд ажилладаг хэдий ч уурхай эхлүүлэхээсээ өмнө 300 гаруй км урт хатуу хучилттай зам тавьж, чулуулгийн олон үетэй ордоос олборлосон нүүрсээ ус хэрэглэдэггүй хуурай аргаар баяжуулж тээврийн зардлаа бууруулж чадсан. Энэ нь цаашдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх угтвар болж байгаа.

-Цаашдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ядаж энэ түвшинд байлгахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл өндөр байна. Цаашдаа өсөлт нь зогсож хэрэглээг бууруулах чиглэл барих байх. Буурлаа гээд хэдэн тэрбум тонн хэрэглэдэг улсын хувьд Монголын нүүрсний экспортыг шингээх орон зай байсаар л байх болно. Иймд манай талаас төрийн бодлогоор дэд бүтцээ улам сайжруулах, Гашуунсухайтын төмөр замаа холбох, Шивээхүрэнгийн төмөр замыг энэ жил дуусгах, Бичигт төмөр замаар холбох, Булган боомтын өргөтгөлийн Азийн хөгжлийн банкны зээлээр эхлүүлснээ ашиглалтад оруулах хэрэгтэй. Анхааруулж хэлэхэд Гашуунсухайт дээр Хятадын талтай хилийн огтлолцох цэгээ тохирч чадалгүй олон жил будилсан шиг зүйл Ховдын Булганы боомт дээр бас ажиглагдаж байгаа. Монголын талаас одоо байгаа хилийн 123 дугаар багана дээр өргөтгөл хийж байгаа бол Хятадын тал 126, 127 дугаар багана орчмоор нурмаг ачаа нэвтрүүлэх байр суурьтай байгаа гэсэн. Үүнийг ажил хэт их явчихаас өмнө төрийн байгууллагууд харилцан ярилцаж тохиролцох шаардлагатай байна. Хоёрт, Монгол, Хятад улсын худалдааны хамтын ажиллагааны хүрээнд төрийн дээд түвшинд нүүрсний экспортыг тогтвортой явуулах, олон талын оролцоог жигд хангуулах, Хятадын нутгаар далайн боомт хүргэх зэрэг асуудлуудыг төрийн зүгээс анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ мэтчилэн төрөөс суурь дэд бүтэц болон худалдааны суурь хэлэлцээрээ хөгжүүлээд явбал бусдыг нь аж ахуйн нэгжүүд хийгээд явах бүрэн чадамжтай болсон байгаа.

-Нүүрсний бизнес өндөр ашигтай болоод ирэхээр энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв байна уу?

-Тийм төлөв байна. Энэ бол хөрөнгө оруулалт татах, Монгол Улс ашиг орлогоо нэмэгдүүлэх бодит боломж мөн.Гэхдээ хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаас гадна хүчинтэй байгаа хуулиа мөрдүүлэх, эрх мэдэлтнүүд өөрсдөө мөрдөх нь чухал байна. Улс төрийн элдэв дуулиан шуугианд аж ахуйн нэгжүүдийг хавчуулж олон нийтэд буруу ойлголт өгдөг байдал сүүлийн үед хэтэрч байна. УИХ дээр нүүрсний нээлттэй сонсгол болсон нь олон нийтэд мэдээлэл өгсөн эерэг алхам болсон нь үнэн. Гэхдээ эрх мэдэлтнүүдийн хийсэн алдаа, авлигын хэргүүдийн хажуугаар Монгол Улсын хуулийн дагуу хөрөнгө оруулаад, ажлаа хийж байгаа бизнесменүүдийг хавчуулж ярих болсон нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна. Ер нь Монгол Улс хуультай улс юм уу эсвэл дарга нарын ашиг сонирхол, улс төрийн мөчлөг хамаг юмыг нь шийддэг үү гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

-Тодруулж хэлбэл?

-Тодорхой л доо. Олон жил ярьсан шүү дээ. Уул уурхай эрхэлж байгаа хүмүүсийг орон нутгийн түвшнээс эхлээд дарамтлах, шантаажлах зүйлс одоо ч байсаар байна. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хуулийн дагуу ажиллаж, хуульд заасны дагуу татвар төлөх л үүрэгтэй. Үүний хажуугаар манай сумын хашааг буд, баяраар бэлэг өг, бүр манай хотын байрнуудын паарны халаалтын төл гэх мэт сонирхолтой шаардлагууд тавьдаг. Цаад санаа нь олон тохиолдол сонгогсдын санал авах гэсэн улс төрчийн санаархал байх нь бий. Хэрэгжүүлэхгүй бол ард түмнээ жагсаана гэж дарамтлах асуудлууд байна. Одоо сонгууль дөхөөд ирэхээр бүр иргэдийн анхаарлыг авахын тулд уурхайнуудыг хэл амны объект болгох нь нэмэгдэж байна. Хамгийн их асуудалтай нь Өмнөговийн уурхайнууд. Ялангуяа Таван толгой орчмын хэл ам барагдахгүй. Нарийнсухайт орчим дараа нь орно. Одоо араас Ховдын Хөшөөтийн уурхай гарч ирж байна. Хэдэн жил чимээгүй, ажлаа хариуцлагатай хийж ирсэн. Гэтэл улстөрчдийн хоорондын маргааны сэдэв болж, түүндээ олон нийтийг турхирсан сонин үзэгдлүүд сүүлийн өдрүүдэд болж байгааг та өөрөө харсан байх. Жишээлбэл, энэ компанийн олон улсын бирж дээрх хувьцааг эзэмшдэг 11 мянган хүн бий. Тэд бол зөвхөн нүүрс ч биш, биржээр дамжуулан уул уурхайн салбарын төрөл бүрийн чиглэлээр хөрөнгө оруулагчид. Монголд ажил явуулахгүй, хуульгүй, улстөрчид тоглоод байдаг нөхцөлд тэднээр дамжуулан дэлхий нийтэд маш муу мессеж тарж байгаа.

Би танд дахиад нэг жишээ хэлье. Монгол Улсад газрын хэвлийн эрдсийг олборлож л байгаа бол ашигтай байна уу, үгүй байна уу гэдгээс үл  хамаараад тонн тутмаас нөөцийн төлбөрийг төлөх ёстой. Яагаад гэвэл энэ баялаг бол ард түмний мэдлийнх. Тэр нь ч зөв. Дээрээс нь борлуулаад ашиг олох юм бол ашгийн татвараа төлнө. Гэтэл гэрээ байгуулаад борлуулсан үнийг чинь тооцохгүй. Хэд дахин өндөр үнээр борлуулсан гэж үзье гэж байгаад тэндээсээ нөөцийн төлбөр авчихдаг. Олон жил ингэж явж ирлээ. Одоо ч асуудал шийдэгдээгүй байна. Хэрэв бирж дээр зарвал биржийн үнээс нөөцийн төлбөр тооцно гэдэг Засгийн газрын тогтоол өнгөрсөн есдүгээр сард гарсан нь нэг дэвшил болсон. Гэхдээ биржээр зараагүй бол нугалсан үнээс бодож л байгаа. Энэ нь хууль бус гэж би үздэг, ийм учраас захиргааны хэргийн шүүх дээр асуудал явж байна. Хамгийн гайхалтай нь нөөцийн төлбөрөөс гадна бүр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг борлуулсан үнээс нь хэд дахин үнээс бодоод, татварын акт тавьчихсан жишээ байна. Энэ бол эрх зүйн хувьд байтугай эрүүл ухаанаар төсөөлөхөд төвөгтэй асуудал. Тэгэхээр энэ улсад хууль үйлчилдэг юм уу эсвэл даргын сэтгэл зүйн асуудал чухал уу гэсэн сонин асуулт хөрөнгө оруулагчдад тавигдах нь ойлгомжтой биз дээ? Тийм учраас уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, экспортоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхэд эрх зүйн болоод наад захын ёс зүйн, соёлын эрүүл орчин үгүйлэгдэж байна. Энэ орчныг эрүүл болгохгүй бол хөгжил ярих боломжгүй.

-Цаашдаа хэрхэх вэ?

-Түрүүн хэлсэн. Төрөөс гол нь дэд бүтцэд анхаарах. Үүнд төмөр, авто зам, хил гаалиас гадна ус гэж асуудал байна. Үнэхээр том цар хүрээтэй гол мөрний урсгал тохируулж, үерийн усыг хурааж сан байгуулаад Говийн үйлдвэрүүдийг хангах төсөл бэлтгэгдсэн байгаа. Ийм ажлаа төр манлайлж хийх хэрэгтэй. Энэ бол голоо урагш урсгаад алга болгочих биш, урсгалд нөлөөлөхгүйгээр илүүдэл үерийг хураах сангууд гэдгийг одоо хүмүүс ойлгодог болсон байх. Өнгөрсөн жилийн Улаанбаатарын үерийг л аваад үзчих. Гүний усыг ашиглах тохиолдол ундарга нь хэд юм, хэчнээнийг ашиглаж болох юм гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад, тогтоогоод, боломжтой бол ашиглаад явах хэрэгтэй. Боломжтой эсэхийг нь ч мэдэхгүй зүгээр л эсэргүүцэхийн тулд эсэргүүцэх, түүнийг нь сонгуулийн санал авах зорилгоор дэвэргэхийг бүх түвшинд, төрийн түвшинд ч, улс төрийн намын түвшинд ч бодлогоор хязгаарлах хэрэгтэй байна. Салбарын яам, агентлаг аймаг бүрд төлөөлөлтэй болох асуудал яригдаж буй. Тэд хариуцлагатай уул уурхайг хянахаас гадна орон нутгийн иргэдтэй тулж ажиллаж, зөв хяналтаа тавихын зэрэгцээ учир утгагүй ажилд саад болохгүй байх талаас нь зөв ойлголтыг түгээх хэрэгтэй байна.

Дахин Монголын баялгийг ашиглаж байгаа бүх компани нөөцийн төлбөр, ашгийн татвар төлөөд байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээд явах үүрэгтэй. Эдгээрээс бусдаар дарамтлах, мөнгө гаргуулах нь өөрөө хууль бус бөгөөд эргээд найзан дундаа орж хариуцлагагүй уул уурхай бий болох, авлигад идэгдэх шалтгаан болдог юм. Бодит байдал дээр Монгол Улсад хууль засаглахгүй байгаа жишээнүүд олон байна. Хуулийн дагуу бүх ажлаа хийсэн ч даргын ашиг сонирхол ажилд хүчтэй нөлөөлж байна. Дарга нь болохоор сонгуульд зориулж, олон нийтэд хандаж компанийг шантаачилж байгаад хөрөнгө авч попорч зарцуулдаг. Хэрэв татгалзвал олон нийтийг босгож дарамталдаг. Замыг нь хаадаг. Тоног төхөөрөмжийг нь лацаддаг. Үндэслэлгүй татварын акт тавьдаг. Иймэрхүү байдлаар яваад байхаар энэ компаниуд чинь хуулийн заалт дагадаг биш, даргын үгийг дагадаг болно. Авлигыг системд орж ажиллана гэсэн үг. Ингэх юм бол цэвэр бизнесийн шударга хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхгүй. Авлигачидтай ажиллаж сурсан богино ашиг харсан хүмүүс, эсвэл төрд нөлөөлөх маш том төрийн өмчийн компаниудл Монголд хөгжинө гэсэн үг. Энэ бол Монголын чөлөөт эдийн засгийн эсрэг, уул уурхайн салбар, бизнесийн эрүүл орчныг үгүй болгох маш том аюул. Эдийн засаг төрөлжих нь бүү хэл хэдэн дарга нарын халаасанд орох зам руу яваад байна. Энэ бол үнэхээр харамсалтай бөгөөд болгоомжлох ёстой зүйл юм.

Б.ЦЭЛМЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *