Categories
мэдээ цаг-үе

Ж.Уранчимэг: Хүүхнүүд хайрыг л хүсдэг

Эстрадын нэрт дуучин гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй ярилцлаа. Дуулсаар яваа энэ эмэгтэй 60, 70, 80-аад оны эстрадын шилдэг дуунуудаас бүрдсэн “Хүүхэн хүний хүслэн” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд СТӨ-нд хийх гэнэ.

-“Хүүхэн хүний хүслэн” тоглолтынхоо тухай яриач?

-За баярлалаа. Миний сайхан ээж гуравдугаар сарын 7-нд төрсөн юм. Эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол миний хувьд маш том баяр. Би анх дуулж эхлэхдээ ээжүүдэд зориулсан дуугаар гарч ирж байсан. Д.Бэхбатын хөгжим, Л.Гаваасүрэнгийн шүлэг “Эх үрсийн элбэрэл” буюу ард түмний хэлдгээр Нарлаг хорвоогийн Урнаа гэсэн тодотголтой явж ирлээ. Эстрадын урлагт олон жил зүтгэлээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхийн хөгжим, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Сэрээнэн гуайн шүлэг “Хүүхэн хүний хүслэн” дуу миний дуулснаар “XX зууны шилдэг дуу”-гаар шалгарсан. Одоо үе үеийнхний уулзалтууд дээр “Хүүхэн хүний хүслэн”-г дуулдаггүй хүн байдаггүй юм. Ер нь би дуугаараа овоглож тоглолтоо хийдэг. Миний дуулсан дуу болгон ард түмэнд түүх болж үлдсэн. Би өөрөө ч түүх бичилцэж яваа. Сая “Хүүхэн хүний хүслэн” дуугаа шинэчиллээ. Зөвхөн энэ дуунд зориулж өөрийгөө өөрчилсөн. Энэ дууг дуулах болгондоо би догдолдог.

-Энэ дуу танаас ч өмнө дуулагдаж байсан болов уу?

-Манай ээж, аав багш хүмүүс. Улаанбаатар төмөр замын II сургуулийг төгссөн, би. Энэ дуу яагаад сэтгэлд хоногшсон гэхээр хүүхэд байхдаа Пионерийн ордны дугуйлан, Төмөр замын “Ган зам” чуулгын дугуйлангуудад 1 “А”-гаас 10 “А”-гийн дуучин болтлоо явсан. Миний ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одон авсан хүн. Багш нарын баяр, одонгийн найрыг тэр үед айлууд байрандаа тэмдэглэдэг байлаа. Багш нар цуглаад найрлахад “Хүүхэн хүний хүслэн”-г ганхаж найгаж ирээд л дуулдаг. Хүүхэд байхдаа “Энэ ямар гоё дуу вэ” гэж боддог байлаа. Эстрадын дуучдын уралдаанд ороод, “Баянмонгол” чуулгад дуучин болох эрхээ авсан. “Баянмонгол” чуулгын урын санд энэ дуу байв. Эхлээд энэ дууг Д.Цэцгээ гуай анх дуулсан. Би “Баянмонгол”-д ороод эстрад хэлбэрт оруулж дуулсан даа. 37 жил энэ дууг дуулчихжээ.

-Ер нь хүүхнүүд юу хүсдэг вэ?

-Хайр шүү дээ.

-Таны дуулснаар энэ дуу чихэнд хоногшжээ?

-Надаас гарч байгаа баяр догдлолыг ард түмэн мэдэрч байгаа. Хүүхэн хүн гэдэг чинь уян налархай, дөлгөөн, хайр шингэсэн харц, инээмсэглэлтэй хүмүүс. Энэ бүгдийг гаргаж байгаа учраас хүмүүс миний дуулсан дуунд хайртай байдаг гэж боддог.

-Нэг дууг удаан дуулах ямар вэ?

-Дуу хуучирдаггүй. Дуулах болгонд шинэ. Миний “Нарлаг хорвоо” надтай хамт 37 жил явж байгаа. Энд тэнд очиход “Нарлаг хорвоогоо дуулсангүй” гээд нэхээд байдаг.

-Энэ дууг сонсоод ээж тань их баярласан байх даа?

-Намайг “Баянмонгол” чуулгад ороод тайзнаа гарахад ээж маань “Монголын ээжүүдийг баярлуулсан сайхан дуу дууллаа даа” гэсэн юм. Гадаадад гурван сар аялан тоглож байхдаа “Мелоди” гээд тэр үеийн пянз тоглуулагч авчирч, ээждээ бэлэглэж байлаа. Миний ээж сайхан дуулдаг, пянзаа дэргэдээ тавьчихаад дуу сонсоод сууна. “Баянмонгол” чуулгын, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны пянз гараад тэр бүгдийг тавиад догдлоод дуулдаг байсан. Ээжийн маань зүрх сэтгэл, хайр, уярал бүхэн надад шингэж дээ.

-“Баянмонгол” чуулгынхан биднийг багад “бут авдаг” байсан. Тэр үеийн одууд яаж амьдардаг байсан бэ?

-Тэр үед од гэж нэрлэдэггүй байсан. Гэхдээ жинхэнэ одууд байлаа. Намайг филармонийн алтан босгыг алхахад Н.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Н.Янжиндулам эгч нар маань байлаа. Д.Дуламсүрэн, Б.Баяраа, Х.Галхүү, Д.Галсанбат гээд одууд байлаа. Би Д.Галсанбат ахын “Ханийн дуу”, “Хайрын тэнгэр”, “Үйлчин бүсгүй”-г дуулсан. Одоо ч “Үйлчин бүсгүй”-нхээ найруулгыг шинэчлээд тоглолт дээрээ дуулна. Энэ дуучдаас би маш их юм сурсан. Тэр үедээ эд маань моод дэлгэрүүлэгчид байв. Химитэй үс эстрадын урлагаас л гарсан. Трапецан өмднүүд, платформ гутлыг тэд л моод болгосон. Цалингаа буухаар Улаанбаатар, Баянгол, Туул ресторанд ордог. “Чи цалингаа аваад шууд ээж, аавдаа өгөх гээд байна уу, ганц удаа таван төгрөгний хуйцаа идчих л дээ” гэж намайг шоолдог байлаа. “Баянгол” ресторанд урлагийнхан, спортынхон их очдог. Би тэдэнтэй хамт хоол идээд сууж байхдаа нүүр улайгаад, эмээдэг байсан. Том тамирчид, урлагийн томчууд, дуурийн мундаг улсууд тэнд л ордог байсан.

-Тэр үед моод болж байсан хувцсаа хаанаас авдаг байв?

-Өөрсдөө оёдог байсан. Үнэхээр мундаг оёдолчид байлаа. Манай Соёл-Эрдэнийн бөмбөрчин Б.Цолмон насаараа чуулгадаа уран бүтээл хийж байна даа. Тэр үед Цоомоогоор бид трапецан өмд, мини юбка оёулна. Одоо моод эргэчихлээ. Европ руу тоглолтоор явж ирэхдээ шинэ загварыг манай эстрадын дуучид л авчирч байсан даа. Өмссөн хувцсыг нь хүмүүс шохоорхоод, тоглолт тарахад араас хошуураад, хэв маягийг нь дуурайдаг. Би гэхэд л гурван сар гадаадад тоглож ирээд бичигтэй цав цагаан футболктой филармонийн гадаа зогсч л байсан. Хүмүүс урдуур хойгуур гарахдаа “Урнаа зогсч байна” гэж шивэгнэлдээд л.

-Дуучид хэдэн ч настай байсан үеийн фэнүүд нь байдаг л даа. Таны тоглолт дээр голцуу ямар насныхан ирдэг вэ?

-Аль ч насныхан ирдэг. Залуучууд маш их сонсоно. Миний насныхан бол бүгдээрээ тэр үеийн дуунд хайртай байдаг юм.

-Та хэнийг дагаж дуурайдаг байв?

-Тэр үед “Орбит” л үздэг, шугамын радио сонсоно. Монгол телевизээ үзнэ. Шинэ жил, Мартын найман, баярын үдэш бичлэгт ороод шөнөжин өдөржин болоод, үүр цайж байхад л гэртээ харьдаг. Тэр үед филармониос нэгдсэн журмаар туфль тавьж өгдөг. 45-ын туфль гээд лакан өндөр өсгийтэй туфль байсан. Даашинзууд нь сул ханцуй, хормойтой Пугачёвагийн стилийг л дуурайж байхгүй юу. Пугачёвагийн дуунуудаар концерт хийж байсан. АББА, Бони`м, Европын том хамтлагуудын дуунуудыг бүгдийг нь манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг тоглож байлаа.

-Тайзан дээр хэр удах нь хувь хүний онцлогоос шалтгаалдаг болов уу?

-Миний хувьд жил болгон уран бүтээлийн цэнгүүн, тайлан тоглолт хийдэг. Их бага хэмжээгээр хөдөө гадаа явдаг. Сая “Хоёр зууны хурд” гээд аялан тоглолтоор явсан. Морь дуулдаг Л.Нарантуяа бид хоёр 21 аймгаа бүтэн тойрлоо. “Хоёр зууны хурд” гэдэг нэрийг Завханы гавьяат С.Батсүх өгсөн юм. “Урнаа гавьяат эрч хүчтэй дуучин шүү дээ. XX зууны дуучин өнөөдөр яаж дуулж явна, гэтэл Л.Нарантуяа XXI зуунд морь дуулаад гараад ирлээ” гэж тэр хэлсэн юм.

-Таны дуу олон хүний залуу нас, дурсгалт мөчүүдийг санагдуулдаг байх?

-“Оюутны намар”-ыг дуулахад гарын үсгээ өгөөч, зургаа авахуулъя. Оюутны намраар ханьтайгаа учирч байлаа. Таны кассетыг манай сумынхан бүгд авсан. Сумын бүжиг дээр эхнээсээ дуустал таны кассет л явдаг байсан гэцгээдэг. Би 1998 онд кассетаа гаргасан юм. Анхны хуурцаг гарахад хөдөөнөөс “Нарантуул” явж байгаа жолоочид кассет их захидаг байсан гэнэ. “Ханийн дуу”-г чинь бид хоёр хуриман дээрээ дуулуулж байсан. Одоо миний хүүгийн хуриман дээр та “Ханийн дуу”-гаа дуулаач гэсэн үе дамжсан хүсэлт ч ирсэн. Би бас хүмүүнлэгийн тоглолт их хийж байгаа л даа. 2007 оноос хойш Монголын бүх хорих ангид очиж дуулсан. Одоо ч урилга, хүсэлт тасардаггүй. Тэд хүн шүү дээ. Хэн ч алдаж энддэг хорвоо. Дуулахаар уйлдаг, уярдаг. Нийгмийн ажилтан нь “Та нарыг тоглолт хийгээд явсны дараа нэг хэсэгтээ л хэрүүлгүй, ханиа, аав ээж, залуу насаа яриад, кино үзсэн юм шиг болдог” гэж хэлсэн.

-Тоглолтын бус цагт та юу хийдэг вэ?

-Миний хань урлагийн хүн. Бид хоёр хамтраад найман хандивын тоглолт хийсэн байна. Найман гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Хандивын тоглолт маш их хийсэн дээ. Өвчтэй хүмүүс их ханддаг. Бурхнаас өгсөн авьяасыг бусдад үнэгүйгээр өгөх үе байна. Дуулж өгөөч гэсэн хүсэлт тасардаггүй. Насны ой, хурим, цолны найр, аймаг, сумын наадам гээд л үргэлжилдэг.

-Таныг нүүрний тосны сурталчилгаанд тоглохыг хараад энэ дуучин сайхан хэвээрээ байна гэж хардаг?

-Баярлалаа. 2007 онд Солонгост тоглолтоор явахдаа нүүрнийхээ кремийг сольчихъё гэж бодсон юм. “Гранд” плазагийн доод давхарт “Октард” гээд салон нээгдчихсэн байсан. Зүгээр л анх кремийг нь авч хэрэглэхэд захирал эмэгтэй санаандгүй таараад, “Та сууриар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Таны дууг сонсох дуртай шүү” гэсэн юм. Энэ салоны бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Үр дүн нь гарсан. “Та манай хэрэглэгч учраас рекламанд ороод өгөөч ээ” гэсэн юм.

-Та урлагаар амьдарч ирсэн хүн. Оёж хатгаж, хоол хийж амждаг уу?

-Гурван сайхан хүүхэдтэй. Хоёр охиноо Соёлын яамны 24-ийн цэцэрлэгт өгөөд, сүүлд Хөгжим, бүжгийн дотуур байранд өгөөд явж л байсан. Одоо миний охин төгөлдөр хуурч, Хөгжим бүжигт багшилж байна. Хүргэн маань хийл хөгжим тоглодог. Том охин үндэсний хөгжимд суралцсан. Одоо СУИС-д суралцдаг. Хүү маань барилгын салбарт ажилладаг. Гурван сараар гадаадад тоглолтоор явах үе ч байна, хөдөө бригадаар 30-45 хоног явдаг байлаа. Одоо миний хүүхдүүд, хань маань бүгдээрээ намайг сайхан хоол хийдэг гэдэг. Хийж байгаа бантан нь хүртэл гайхалтай гэж магтана. Гурил бантагнах хүртэл урлаг. Хоолыг өөрөө зохиож хийдэг. Хүүхдүүдийнхээ уранхай цоорхойг нөхдөг байсан. Эхээсээ наймуулаа учраас шинэ форм өмсөхгүй дөрөв тавдугаар анги хүртлээ явсан. Онгорхой цоорхойгоо нөхдөг байсан л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *