Монголын эрэгтэйчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Аюулгүй байдлын ухааны доктор (Ph.D) Ж.Цогтсугартай архины хор хөнөөлийн талаар ярилцлаа.
-Архины хор хөнөөлөөс болоод нэг нь шоронд, нөгөө нь шороонд орсон харамсалтай хэрэг гарч нийгмийг цочроолоо. Н.Түвшинбаяр саяхан 16 жилийн ял аваад аавын хаалга татлаа. Энэхүү хэргийг архинаас болж үүдсэн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Энэ тал дээр та үзэл бодлоо хуваалцаач?
-Би хорин жилийн өмнө яг ингэж хэлж байсан. Яагаад нийгмийг цочроосон гэж байгаа юм бэ. Би энэ үйл явдлыг нийгмийг цочроосон хэрэг гэж огтхон ч үзэхгүй байна. Яагаад гэвэл жилд яг ийм тохиолдлоор 4000 хүн амь насаараа хохирч, алдаж эндэж байдаг. Бид аргаа бараад архины эмчилгээ хийгээд явж байна. Энэ хорвоо дээр ганцхан агуу хүн энэ залуу биш шүү дээ. Агуу болох гэж зүтгэж явсан залуус алдаж гишгээд жилд 4000 хүн амь насаараа хохирч байхад нийгэм яагаад цочрохгүй байгаа юм. Алдар цуутай ганц хүн алдаж эндсэний төлөө бид яагаад нийгмээрээ цочрох ёстой гэж. Нэг хүний алдаа 4000 хүнийхтэй тэнцээд байгаа хэрэг үү? Харин миний бие 4000 монгол хүн архинаас болоод амь насаа алдаж байгаад гүнээ эмгэнэн гашуудаж байна. Би цочирдоогүй ч харамсахын дээдээр харамссан. Бусдын л адил хэн байсан ч тэр залуугийн ард бас нэг ижий шаналаад, бэтгэрч яваа. Бид илүү цаг завтайдаа архины эсрэг тэмцээд яваа юм огтхон ч биш ээ. Энэ залуусыг соён гэгээрүүлэх, оюун ухаан, сэтгэхүйг нь өөрчлөх гэх мэт төр нийгмийн олж хараагүй асар их ажил байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэх ТББ-ууд ч байна. Алдар цуутай хүмүүс, төр нийгмийнхэн, амьдралын зовлон үзсэн олон олон шавь нар минь бүгд гайхамшигтай. Эдгээр хүмүүсийг архинд орж алдахаас нь өмнө урьдчилан сэргийлэх төвийг үүсгэн байгуулъя гээд гучин жилийн турш төрөөс бид гуйж байна. Жил бүхэн нас барж байгаа 4000 хүндээ эхлээд эмгэнэ гэж хэлмээр байна. Үрээ архинд оруулчихаад ээж нь сэтгэлээр унаад бурхны оронд заларч байгаа маш олон тохиолдол бидний дунд байдаг шүү дээ. Яагаад нийгмээрээ аливаа зүйлийг жижигхэнээр эргүүлж тойруулж хараад том асуудлаа олж харахаа больчихсон юм бэ. Энэ дээр миний хувьд маш их эмгэнэж байна.
-Үүнээс улбаалаад төр засаг архины эсрэг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Мэргэжлийн хүний хувьд таны бодлыг сонсъё?
-Би энэ асуудлаар төрөөс маш олон жил гуйсан. Сүүлдээ бүр аргаа бараад энэ нийгэм бол угаасаа сэргэхгүй нийгэм юм байна. Их зовлон үзэж алдсаны эцэст ойлгож ухаарах юм байна гэж ойлгосон. Гэхдээ хэлэх ёстой зүйлээ хэлээд зогсохгүй үргэлжлүүлэх нь миний ажил. Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын асуудлаар анхаарч эхэлсэн. Бид ард нь зөвлөөд явж л байна. Эрчүүдийнхээ асуудал дээр анхаарч байна. Үүнд нийгмийг сэрээх, соён гэгээрүүлэх асар хүчтэй ажил хэрэгтэй. Өнөөгийн нийгэм өөрөө архины хүчирхийлэлд өртсөн байна. Залуучууд хий хоосон бардамнал болон биеэ тоолтод автчихсан. Энэ бол ноцтой өвчин. Манайхан хүний аюулгүй байдлын асуудлыг үл хайхарч байна. Хамгийн гол нь хүн аюулгүй байдлаа хамгаалах чадвартай байх хэрэгтэй гэж би боддог. Эдийн засаг, оюун санааны, бие организм болон зан чанарын аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Архидалт бол зан үйлийн эмгэг.
-Тэгэхээр тамирчин, эсвэл цэргийн хүмүүс зан үйлийн эмгэг нь архи уусны дараа илэрвэл ямар хор уршигтай вэ?
-Архины хязгааргүй их хэрэглээн дээр зан үйлийн эмгэг нэмэгдэхээрээ спортын болон цэргийн хүнийг хэтэрхий итгэл үнэмшил, омог бардамналтай болгодог аюултай. Би дайсандаа ялагдана гэж байлддаггүйтэй адил спортын хүн ч мөн адил би энэ хүнийг ялна гэж бэлтгэл хийдэг. Иймэрхүү бардам омогтой хүн дээр зан үйлийн эмгэг давхардахаар асуудал буруу тийшээ уруудаж эхэлдэг. Алдахаас нь өмнө мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнээр дамжуулан оюун санаанд нь заавар зөвлөгөөг хүргэх хэрэгтэй. Хүн бол өөрөөрөө бахархаж, бардаж хөөрдөг амьтан. Энэ хөөрлийг зөв газраа дарах ухаан дутсанаас уурын мунхаг үүсч алдахад хүргэдэг. Алдсаных нь дараа харамсах биш, алдахаас нь өмнө сануулдаг хүн хомс байна. Хүчтэй тэнхээтэй явахад нь дэргэд нь байчихаад хүч алдахад нь ичээд зугтдаг тохиолдол бидний дунд зөндөө бий. Тиймээс эмх замбараагүй бие биесээ хөөрөгддөг байдал болон уухыг хүсээгүй үед нь хүчилдэгээ зогсоох хэрэгтэй.
-Ер нь энэ архидалт яг юунаас үүсээд байна вэ. Ажилгүйдэл гэдэг үгээр хаацайлдаг шүү дээ.
-Энэ бол маш энгий хүчинд Зохиомол ёс заншлаас, монгол хүн гурав тогтоох ёстой, даргын, хурандаагийн, докторын, гавьяатын, хүүхдийн үсний найрны хундага гэх мэт маш олон зохиомол ёс заншил байдаг. Монголоос өөр хаана ч ийм ёс байхгүй. Тиймээс ёс суртахуунаар нь дамжуулан хүнийг хүмүүжүүлэх хэрэгтэй. “Тархин дотор чинь гэмт бодол орж ирвэл үтэр түргэн хөөж гарга” гээд бурхан багшийн сургаал байдаг. Гэрт чинь могой ирвэл амар тайван байж чаддаг үгүйтэй адил, толгой дотор чинь архи ууя гэсэн гэмт бодол орж ирвэл хөөж гарга гэсэн санааг хүмүүсийн тархинд суулгаж соён гэгээрүүлэх хэрэгтэй. Толгой руугаа мэдлэг ухаан заалгаж байж хүн ухаардаг болохоос толгой руугаа баринтагтай номоор цохиулж ухаардаггүй юм аа. Тиймээс шашнаараа дамжуулж ард иргэдээ гэгээрүүлж номхотгох боломж ч бидэнд бий. Болохгүй шүү гэсэн мэдээллийг ухамсарласан цагтаа хүн өөрийгөө татаж авч чаддаг.
Эцэст нь залуус дүү нартаа хэлэхэд, архинаас гарах чин үнэн хүсэлтэй манай байгууллагын үүд хаалга засрахыг завдсан хэн бүхэнд нээлттэй. Архидалтыг өвчин гэж манайхан ярьдаг. Гэхдээ ажил таслахад өвчин гэж үздэггүй шүү дээ. Гэмт хэрэг үйлдэхэд ч мөн адил үүнийг сэтгэцийн өвчин гэж томьёолдоггүй. Тиймээс архидалт бол өвчин биш. Архидалт бол зан үйлийн эмгэг. Архинаас гаръя гэсэн ганцхан хүслээ тээгээд хүрээд ир. Бид мөнгө төгрөг төлбөр суутгал гэхгүй та бүхнийг эмчлээд өгнө. Бид 20 жилийн судалгаа, 40 жилийн туршлагаараа энэ ажлыг хийгээд яваа юм шүү. Хэрвээ архинаас гарах чин хүсэлтэй бол 98989993 утас руу холбогдоорой. Чин сэтгэл, хүсэл зорилготой хүмүүст туслахад бид хэзээд бэлхэн байна.