Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Цэвээнжав: Газрын тос олборлож байгаа Дорнодод нефть боловсруулах зөөврийн үйлдвэрийг барьж ойрын хугацаанд түлш үйлдвэрлэх боломжтой DNN.mn

Монголчууд өнөөдөр цас зудын хүнд нөхцөл байдлаас гадна хахир хүйтэнд шатахуун, эрчим хүчний хомсдолтой нүүр туллаа. Тиймээс энэ хүнд цаг үеийг даван туулах гарц шийдэл эрэлхийлсэн мэдээллийг манай сонин цувралаар хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын зөвлөх инженер, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, профессор, доктор Ж.Цэвээнжавтай Монголд нефть боловсруулах зөөврийн үйлдвэр нэвтрүүлж хоолойд тулчихсан байгаа асуудлаас нэн хурдан гарах боломжтой эсэх талаарх шийдлийн талаар ярилцлаа.


-Сүүлд тантай 2021 оны есдүгээр сард шатахууны хомсдол үүсэхэд бодлогын гарц шийдэл, шатахууны нөөцийн асуудлаар ярилцсан. Тиймээс энэ удаад зөөврийн нефть боловсруулах үйлдвэрийг нэн ойрын хугацаанд Монголд нэвтрүүлэх боломжтой эсэх гэхчилэнгээр зөвхөн энэ сэдвийг хүрээнд ярилцъя?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал нэн яаралтай шийдвэрийг хүлээж байна. Цас зудын хүндрэлтэй энэ үед зөөврийн ч гэнэ үү, явуулын ч гэнэ үү, шатахууны бага хүчин чадлын үйлдвэр барих нь хамгийн чухал. Үүнийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж байгаа бизнесийнхэн, үйлдвэрлэгчдийг төрөөс яаралтай дэмжиж, санхүүжүүлэх хэрэгтэй. Ингэж нэн яаралтайгаар бага ч болтугай үйлдвэрлэлийг явуулбал нийт хэрэглээний даацыг хөнгөвчлөх боломжтой. Хөдөө орон нутагт цас зуд, цаг агаарын маш хүндрэлтэй байгаа энэ үед ачаа тээвэрт яаралтай хэрэглэх шатахууныг ийн үйлдвэрлэж гаргах бололцоотой гэж үзэж байна.

-Зөөврийн нефть боловсруулах үйлдвэр барихад ямар бүтээгдэхүүн шаардагдаж, ямар хугацаа ордог бол?

 

-Би боловсруулах үйлдвэрийн нарийн мэргэжлийн хүн биш. Гэхдээ яг энэ үйлдвэрийн чиглэлээр сургалт, судалгаа хийдэг хүний хувьд цаасан дээрх судалгаа тооцоолол биш, яг бэлэн боловсруулах үйлдвэр баригдчихсан төхөөрөмжүүд байгаа гэж бодож байна. Бага хүчин чадлын зөөврийн, өөрөө явдаг, тээвэрлэгддэг ч юм уу, аваачаад угсарчихдаг бэлэн үйлдвэрүүд дэлхийн үйлдвэрлэгч улсуудад байгаа. Жишээ нь, ОХУ-д. Манай үйлдвэрлэгчид, зохион бүтээгчдэд зураг төслийн санаа авч уг үйлдвэрийг хийх, авч ирж угсрах боломжтой.

Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ гаргах нь чухал. Би эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлдээ их ч бичсэн дээ. Нэрэхээс өөрөөр хутгаад ч байдаг юмуу, сэгсрээд ч байдаг юмуу шинжлэх ухааны түвшинд үндэслэж гол процесс явуулах хэсгээ бодох хэрэгтэй. Үүнд шинжлэх ухаан хэрэгтэй. Судалгаа ч хэрэгтэй. Эрдэмтэд, инженерүүд, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа хэрэгтэй байх гэж бодож байна.

-Зөөврийн нэг удаагийн үйлдвэрлэлээр хэдэн тонн шатахуун үйлдвэрлэх боломжтой бол?

-Хүчин чадал хэд ч байж болно. Одоо бидэнд маш яаралтай хэргтэй байна. Тиймээс 10, 20 тонноос эхлээд дээд тал нь 50, 60 тонныг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг газар дээр нь барьж, үйлдвэрлэх зохион байгуулалт хэрэгтэй.

Тосгүй (түүхий эдгүй), усгүй газар үйлдвэр барина гэж улс орныг, төр засгийг, түмэн олныг хорлож байгаа мэт ойлгомжгүй байдал үүсгэснийг бид олон жил ярьж байна. Монголын газрын тосны 98 хувь нь Дорнодод бий. Яахаараа газрын тос байгаа газар нь үйлдвэр барьдаггүй, нүүрсний мөнгөөр төлчихнө гээд тосгүй газар үйлдвэр барьдаг юм бэ. Дамжуулах хоолой барина гээд Хятадын нэг компанийг шалгаруулсан. Тэнд хятад хүмүүс л ажилтай боллоо шүү дээ. Энэ бол том асуудал. Харин өнөө маргаашдаа бол зөөврийн нефть боловсруулах үйлдвэр барих санал санаачилгыг яаралтай дэмжиж, төрөөс эрх зүйн болон санхүүгийн тусламж үзүүлж, бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон дахин ярих хэрэггүй. Алтанширээд боловсруулах үйлдвэр барина гээд хууль хүртэл баталсан. Хаана байна вэ тэр үйлдвэр. Тиймээс цагаан сараас, шинэ оноос өмнө бушуухан асуудлыг шийдмээр байна. Танай сонины тавьж байгаа энэ асуудлыг би байж болох нэг хувилбар гэж харж байна. Цаг нь тулаад аргагүйдэхэд аливаа юмны муу тал нь олон жил шийдэгдэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэх боломж гарч байгаа юм биш биз гэж бодож, дэмжиж, санаа оруулж, уриалж байна.

-Бид өөрсдөө дизель, шатахуунаа үйлдвэрлэлээ гэхэд шатахууны чанар шаардлага хангаж чадах болов уу?

-Үйлдвэрийн чанар стандарт чухал л даа. Гэхдээ бидэнд одоо заавал “евро-5” шиг стандарт хэрэггүй. Миний заримдаа инээд хүрдэг. Дарга нар, төрийнхөн “евро-5” гэж их ярих юм. Дорнодод байхдаа “евро-5” дизель болон ердийн дизель хоёрын алийг нь хүнд даацын жолооч, тээвэрчид авч байна гэдгийг ажиглалаа л даа. Тэд аль хямдыг нь авдаг. Өөрөөр хэлбэл, ердийн дизелийг авдаг. Асуухаар “Адилхан л юм билээ. Хэтийн ирээдүйдээ машинд хэр нөлөөтэйг мэдэхгүй байна. Үнэн хэрэг дээрээ бид өнөөдрөөрөө амьдарч байгаа учраас хямдыг нь авч байна шүү дээ, багшаа” гэдэг. Үүн шиг манайх гарах бүтээгдэхүүн дээр нь Монгол Улсын стандартын, олон улсын стандартын шаардлагын хамгийн бага, доод хэмжээг хангах шаардлагыг тавих хэрэгтэй гэж бодож байна. Яваандаа чангаруулчихна биз. Түүнээс “евро-5” үйлдвэрлэдэг үйлдвэр орж ирнэ гэвэл бодит ажил болж чадахгүй олон жилийн нүүр үзэж, олон өвлийн цас зудыг өнгөрүүлэх байх.

-Зөөврийн үйлдвэр оруулж ирээд угсарчихвал шууд үйлдвэрлэл эхлэх боломжтой юу. Газар хөлдчихсөн, олборлолтгүй гээд асуудал үүсэх болов уу?

-Би ойлгохдоо болно л гэж бодож байна. Дорнодод газрын тос түүхий эд гарч л байгаа шүү дээ. Өвөл ундарга нь багасаж байгаа ч гэсэн байнга олборлолт явагдаж байгаа. 300-аад цооногт олборлолт хийгдэж байгаа шүү дээ. Тэрнээс нь хамж шимээд тухайн зөөврийн, бага хүчин чадлын үйлдвэрийг ажиллуулах боломжтой гэж бодож байна. Өглөө үнээгээ саагаад орой нь цайгаа сүлдэг шиг ийм боломж, хувилбар байна.

-Та манай сонинд өмнө нь ярилцлага өгөхдөө шатахуун нөөцлөх бус дундын дансанд мөнгөө байршуулах нь чухал. Хэтэрхий удаан хадгалах нь шатахууны чанарт нөлөөлдөг гэж ярьж байсан. Тэгвэл нийлүүлэлт доголдсон энэ үед өнөөдөр шатахууны нөөцийг бүрдүүлэх нь чухал болчихоод байна. Яг бодлогын ямар алдаа гаргаад байна вэ?

-Шатахууныг нөөцлөх нь манайд ч, дэлхийн хүчин чадал ихтэй том орнуудад байдаг асуудал. Тэр тусмаа тархай бутархай хэрэглэгчтэй, томоохон нутаг дэвсгэртэй, үйлдвэрлэгчээсээ алслагдсан манай улсын хувьд энэ чухал асуудал. Гэхдээ нөөцөлнө гэдэг нь хэмжээтэй. Өнөөдөр салбарын сайдыг янз бүрээр шүүмжилж байна. Энэ бол байж болно. Гэхдээ нөгөө талаас нөөцлөөд нөөцлөөд болохгүй байна. Яам татан авалтдаа хяналт тавьж байгаа. Гэтэл хэрэглээ хэд дахин өсчихөөд байна шүү дээ.

Нөөцлөх нь зүйтэй. Гэхдээ том орнууд стратегийн түүхий эдээ шатахуунаар нь биш, түүхий тосоор нь нөөцөлдөг. Тиймээс өнөөдөр манайх татан авалтаа чадлаараа хийх хэрэгтэй. Үүнээс гадна “Петрочайна Дачин Тамсаг”-ын газрын тосыг 76/24-өөр хувааж байгаа шүү дээ. Энэ утгаараа манайх аймаг орон нутгаас, хятадын “Дачин Тамсаг”-аас, хэнээс ч асуулгүй нийт олборлож байгаа түүхий тосны өөрт ногдох 24 хувиа эхний ээлжид боловсруулах хэрэгтэй. Одоо бол жилдээ 680 орчим мянган тонн түүхий тосыг олборлож байгаа.

Өнөөдөр шатахуун ховордоод байна. Нөөц нь хүрэхгүй байна. Татаж аваад амжихгүй байна. Хүйтэрч байна. Хэрэглээ ихсэж байна. Энэ үед цагийн юмыг цагт нь нийлүүлэх хэрэгтэй гэдэг зарчмаар ярих нь зөв болов уу гэж бодож байна.

Үүнээс гадна хэрэглэгчид ч гэсэн анхаармаар байна. 100 хувь, 110 хувийн найдвартай хангамж хийж болохгүй байгаа учраас хэрэглээг хэсэгчлэх хэрэгтэй. Дизель түлшийг хөдөө орон нутаг, тэр дундаа Дорнодын нүүрсний уурхайнууд тээвэрлэлт хийхэд хэрэгтэй. Заавал Улаанбаатар хотод үйлдвэрлээд зөөж авна гэх хэрэггүй. Хаана түүхий эд байна тэндээ бага хүчин чадлын зөөврийн үйлдвэрээ барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ түшиглэх ёстой.

Алтанширээгийн үйлдвэрийг би ойлгохгүй байгаа юм. Үүнд сайд дарга нар, улстөрчдөд бурууг чихээд яахав. Хажууд нь зөвлөж байгаа, мэргэжлийг нь хариуцсан жишээлбэл, УУХҮ-ийн яамны АМГТГ, Газрын тосны хайгуулын хэлтсийн ажилтнууд мэдэж баймаар юм. Тэд мэргэжлийн хүмүүс шүү дээ. Мэдэхгүй бол мэддэг хүнээс нь асуух хэрэгтэй. Тэд дээшээгээ хэлж, зөвлөдөг бололтой юм. Ингээд муу муухайг нь шаварт суусан шарын эзэд нь үүрэх юм. Сая бол Ж.Ганбаатар сайдыг өрөвдсөн. Колонкуудаар явж байна гэнэ үү. Тэр хүний ажил мөн үү. Тэр хүн бодлого ярих ёстой. Бодлогыг буруу гаргасан нь тэр хүний буруу юу. Эсвэл мэдээллийг нь өгдөг ажил хариуцсан хүмүүсийн буруу юу. Би мэргэжлийн зөвлөлд зөндөө хэлсэн. Шийдвэрийг гаргахад танилцуулга хийсэн мэргэжлийн хүмүүс, ажил хариуцсан хүмүүс хариуцах ёстой гэж хэлж байсан.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *