Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцэгдарь: Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 61 хос гал голомтоо бадраана

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр зуу зуун хос гал голомтоо бадраадаг. Билэгт сайн өдөр хэдэн хос гал голомтоо бадрааж байгаа талаар Гэрлэх ёслолын ордны захиргаа хариуцсан менежер Ж.Цэцэгдарьтай ярилцлаа.


-Монголчууд хурим найрын ёслолыг гол төлөв намрын улиралд тэмдэглэдэг шалтгаан юу вэ?

-Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гэдэг нь хүчин төгсөхийн барилдлагатай, буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд жилийн бусад бүх сайн өдрүүдийн дотроос онцгой, нэн өлзийтэй сайн өдөр л дөө. Монголчууд энэ өдрийг хүлээж, сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг ёстой. Уламжлалт ёс заншлаа дагаад хурим, найрын ёслолыг гол төлөв айраг цагаа дэлгэсэн намрын улиралд тэмдэглэдэг байх.

-Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны өдөр тохиож байна. Дашням, Балжинням давхацсан өдөр Гэрлэх ёслолтын ордонд нийт хэдэн хос хурим хийхээр захиалга өгөөд байна вэ?

-Өнөөдөр 61 хос Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраана. Эдгээр хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгсөн. Өмнөх жилүүдийн энэ өдөр 50-55 хосын хурим Гэрлэх ёслолын ордонд болж байсан. Энэ жилийн тухайд бага зэрэг өсөх хандлагатай байна.

-Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол хийхийн ач холбогдол, гоё сайхан нь юу вэ?

-Ер нь хурим хийнэ гэдэг нь улсдаа өрх нэмж буйгаа эцэг, эх хамаатнуудынхаа өмнө хүндэтгэлтэйгээр ёсолж байгаа хэрэг л дээ. Хуримлах ёслолын үед нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод өөрөө аягалж барина. Үүний дараа цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зүүж өгнө. Эхний галыг нөхөр нь асаадаг нь “Эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна, бөгж солилцдог нь бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлнэ. Хуримын үед солилцох бөгж ихэвчлэн хаан бугуйвч, хатан сүйх хээтэй байдаг. Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай. Амьдралынхаа алтан хормыг Гэрлэх ёслолын ордонд үлдээж эрхэм хүмүүсийнхээ өмнө гэр бүл болох нь хосуудад илүү тод томруун гэгээлэг дурсамж үлдээж, хайр сэтгэлийг нь илүү бат бөх болгож гагнаж өгдөг л дөө. Төрийн Гэрлэх ёслолын төв Азид ганц буюу Улаанбаатарт л байдаг. Өөр хаана ч хуримын ёслол хийх зориулалттай ордон байхгүй.

-Гэрлэх ёслолын ордонд нэг ёслол хэд орчим минут үргэлжилдэг бол?

-Ёслолын үйл ажиллагаа 35-40 минутын турш үргэлжилдэг. Гол танхимд орж ёслол үйлдэх, зориулалтын хаалганы өмнө гэрэл зураг татуулах зэрэг үйл ажиллагаа явагдахад дуусах хүртэл цаг орчим л болно доо.

-Гэрлэх ёслолын ордонд Монголын улс төр, урлаг спортын нэр алдартай эрхмүүдээс хэн хэн гал голомтоо бадрааж байв?

-Олон ч төр нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын одод Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадрааж амьдралын алтан хормоо тэмдэглэж өнгөрүүлсэн дээ. Одоо заримыг нь мартаж. Мэргэжлийн сумод Монголын нэрийг анхлан дуурсгаж байсан гавьяат тамирчин Н.Цэвэгням гал голомтоо бадраахаар арын Японоос Гэрлэх ёслолын ордонг зорьж ирж байлаа. Хамгийн сүүлд л гэхэд соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Идэржавхлан, “Маск” продакшны жүжигчин Отгоо нар энэ танхимд хуримласан.

-Хүндэтгэлийн танхим хэд орчим хүний багтаамжтай байдаг вэ?

-Заалны багтаамж, зураг бичлэгэнд орох зэргийг тооцоолоод бид хүргэн бэрийн талаас ах дүү, төрөл төрөгсөд нийлээд 40-өөс илүүгүй хүнтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Хэтэрхий олон хүнтэй болохоор ёслолын үйл ажиллагаа замбараагүй болох гээд байдаг талтай.

-Үнэ ханшийн тухайд танилцуулахгүй юу. Ачааллаас шалтгаалаад харилцан адилгүй байх уу?

-Ачааллыг бууруулах зорилгоор намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр сая хоёр зуун далан зургаан мянган төгрөгийн ханштай байдаг. Ид ачааллын үед 30 орчим ажилчид давхар давхар үүрэг гүйцэтгэж тасралтгүй 20 орчим цаг ажиллах нь бий. Энэ их ачааллыг бууруулах зорилгоор үнээ өсгөж өгсөн л дөө. Заавал энэ өдөр хийгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Билэгт сайн өдөр гээд бүх хосууд, хүн бүрт сайн юм байдаг биш. Хосуудын жилд ээлтэй энгийн сайхан өдрийн сайн цагт гал голомтоо бадрааж болно шүү дээ. Бусад энгийн ажлын өдрүүдэд 759 мянга, амралтын өдрүүдээр 803 мянга, ажлын өдөр цайны 780 мянга байдаг. Гэрлэх ёслолын ордон үйлчлүүлэгчээсээ зүгээр мөнгө аваад гар хоосон буцаадаггүй. Хосуудын гурван машины чимэглэл, гарын бэлэг, ирсэн зочдод сүү цагаан идээгээр үйлчлэх зэрэг урамшуулал өгдөг. Мөн хосуудад 30 зурагтай цомог, бичлэг хийж үйлчилнэ. Нийгэмд зүгээр юм аваад гаргаад байгаа юм шиг ойлголттой хүмүүс мэр сэр байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *