Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишигтэй ярилцлаа.
-Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслүүдээр шүүхэд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийхээр тусгасан бэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх ажил явагдаж байна. Энэ хүрээнд Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн хууль санаачлах эрх бүхий тодорхой субьектийн зүгээс хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Шүүхийн тухай хуулийн төслийн тухайд гол зохицуулалт нь шүүхийн зохион байгуулалт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субьектийн баталгааг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Мөн шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, шүүхийн хариуцлагын орчныг боловсронгуй болгох, шүүхэд шинэ технологийг нэвтрүүлэх асуудлыг тусгасан. Энэ хууль батлагдсанаар шүүхийн бие даасан баталгаа хангагдах эрх зүйн орчин сайжирна. Улмаар шүүхийн иргэдэд хүргэх үйлчилгээнд ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа. Хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлал нь шүүх хараат бусаар ажиллах нөхцөлийг сайжруулах, олон улсын нийтлэг стандартад нийцүүлэхэд чиглэх ёстой.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо олны анхаарлыг татдаг. Тухайлбал, томилгооны систем Ерөнхийлөгчөөс хамааралтай байдаг. Та Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласны хувьд энэ хүрээнд ямар өөрчлөлт хийхээр төсөлд тусгасныг тодруулбал?
-Үндсэн хуульд ШЕЗ-ийн хараат бус байдлыг дээшлүүлж, бүрэлдэхүүнийг өргөтгөх зохицуулалт нэмэлт, өөрчлөлтөөр орсон. Шүүхийн тухай хуулийн төслөөр ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нь хэрхэн сонгохыг зохицуулсан байдаг.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ-ийн томилгоонд нэг чухал зарчмыг тодорхой болгосон. Тодруулбал, арван гишүүний тав нь шүүгчдийн төлөөлөл байх зарчим. Шүүгч нар өөрсдөө төлөөллөө шууд сонгох нь шүүхийн бие даасан байдлыг дээшлүүлэх чухал алхам болсон. Бусад таван гишүүн нь нээлттэй сонгон шалгаруулалтаар аль нэг субьектээс томилох, сонгохоор Үндсэн хуулийн үзэл баримтлал гарсан.Тэгэхлээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч-биш гишүүдийг ямар байгууллага, албан тушаалтан хэрхэн томилох, шүүгч-гишүүдийг хэрхэн сонгох журмыг шинээр батлах хуулиар зохистой зохицуулснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
-Шүүхийн сахилгын хороо гэсэн Үндсэн хуулийн шинэ байгууллагыг байгуулахаар болсон. Энэ байгууллагын бүтэц, чиг үүргийн онцлог ямар байдлаар төсөлд туссан вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүгчийн хариуцлагын асуудлыг хариуцсан Шүүхийн сахилгын хороо гэсэн бие даасан байгууллагыг шинээр тусгасан. Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн сахилгын хороо өмнө нь ажиллаж байсан. Тэгвэл энэ удаад үндсэн чиг үүрэг, бүрэн эрх нь нэлээд өргөжсөн. Иймд Шүүхийн тухай хуулийн төсөлд тус байгууллагыг хэрхэн байгуулах, бүтэц бүрэлдэхүүн болон сахилгын процесс нь ямар байх, шүүгчийн сахилгын зөрчилд ямар хариуцлага тооцох зэрэг тодорхой зохицуулалтыг хуулийн төслийн хүрээнд авч үзэж байгаа. Ялангуяа, хуульч судлаачдын зүгээс шүүгчийн мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлийн ойлголтыг хэрхэн томьёолох, сахилгын зөрчилд юуг хамааруулах вэ гэдгийг судалж тодорхой саналуудыг гаргаж байна.Шүүхийн бие даасан байдлын эдийн засгийн баталгааны эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг тусгах шаардлагатай.Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахын тулд улсын төсвийн урсгал зардлын 1-8 хувийг шүүхэд хуваарилах үндсэн хуулийн зохицуулалттай зарим улсууд байдаг. Монгол Улсын хувьд энэ механик зохицуулалт гэхээсээ илүү төсөв боловсруулах, хэлэлцэх явцад шүүхэд шаардлагатай төсвийг улс орны төсвийн орлоготой уялдуулан үндэслэлгүйгээр танахгүйгээр батлах механизм бүрдүүлэх нь оновчтой гэж үзэж байна. ШЕЗ шүүхийн төсвийг боловсруулаад Сангийн яаманд хүргүүлдэг.Засгийн газарт төсвийг нь ямар нэгэн тодорхой тайлбар хэлэхгүйгээр их хэмжээгээр танах үзэгдэл байдаг.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ШЕЗ төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсөв боловсруулахаас гадна хөндлөнгийн хараат бус шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн боловсруулсан төсөв бол энэ салбарын хэрэгцээ шаардлагыг бүрэн хамарсан уу, шүүхийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, иргэд шүүхэд хандах эрхийг хангахад шаардлагатай зардлыг тусгасан эсэх дээр шинжээчийн дүгнэлтийг нь гаргах. Мөн Засгийн газрын түвшинд шууд хасахгүйгээр өөрийн дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх, улмаар УИХ-д шүүхийн хэрэгцээ шаардлага, хөндлөнгийн төсвийн шинжээч болон Засгийн газрын дүгнэлт зэргийг харгалзан үзсэний үндсэнд шийдвэрлэх механизм бүрдүүлснээр шүүхийн эдийн засгийн бие даасан байдлын эрх зүйн орчныг сайжруулах юм.
-Одоогийн байдлаар хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцэх шатанд явж байгаа юм байна шүү дээ.Энэ талд шүүгч, судлаачдын байр суурь ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал тавигдахгүй байх асуудал үүсч байгаа.Энэ нь шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Жишээ нь, 2013 оноос хойш хэрэгжиж буй хуулиар шүүх хуралдааны бичлэгийг хадгалах зохицуулалт байдаг. Бичлэг хийдэг төхөөрөмжөөр хангахад төсөвт хүндрэлтэй байна л даа. Өмнө нь авсан төхөөрөмжүүдийн хугацаа нь дуусах эрсдэлтэй. Бичлэг хийдэг төхөөрөмж гэдэг чинь шүүхийн үйл ажиллагааг баримтжуулах ач холбогдолтой шүү дээ. Хэрэв маргаан үүсвэл бичлэгээс нь тулгаж үзэх шаардлага үүсдэг. Харилцаа хандлагыг тухайн хэргийн оролцогчдод ил тод болгож буй ийм зорилготой зохицуулалт. Энэ мэтчилэн заалт болгоны цаана иргэдийн шүүхэд хандах эрхийг хангах зорилт байдаг.Гэтэл төсөв батлагдахгүй тохиолдолд хүлээгдэж буй үр дүнд хүрдэггүй.
-Төсвийн бие даасан байдлыг нь сайжруулах шаардлагатай юм байна гэж ойлголоо. Тэгвэл өөр ямар санал гаргаж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт ШЕЗ-ийн байранд хуулийн төсөлтэй холбоотой шүүгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт шүүгчийн хараат бус байдлыг хангахад ШЕЗ-д бие даасан бүтцийг бий болгох санал гарсан. Хэрэв шүүгчийн хараат бус байдалтай холбогдолтой гомдол гарвал ямар процетураар явах юм бэ гэдгийг хуулиар тодруулах шаардлагатай гэсэн саналууд байна. ШЕЗ Үндсэн хуулиар шүүгч эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хүлээсэн. Тэгэхээр энэ асуудлыг илүү боловсронгуй болгох саналыг ч тавьж байгаа. Үүнийг магадгүй УИХ-ын шатанд хэлэлцүүлж анхаарч үзэх болов уу.
Мөн шүүхтэй холбоотой илт худал мэдээллийг олон нийтэд түгээх нь эргээд шүүхэд итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлдөг талтай. Илт худал гүжирдсэн шинжтэй мэдээлэл гарсан тохиолдолд ШЕЗ болон бусад байгууллага бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх механизмыг хуульдаа тусгайлан тусгаж өгөх шаардлагатай гэдгийг зарим шүүгч зүгээс хөндөж тавьсан. Энэ саналыг анхаарч үзэх шаардлагатай.
-Шүүхийн тухай хуулийн төсөл батлагдсанаар гарах шинэтгэл, ач холбогдлыг товч дурдвал…?
-Дээр дурдсанчлан ШЕЗ-ийн хараат бус байдлыг дээшлүүлж, бүрэлдэхүүнийг өргөтгөж боловсронгуй болгоно. Мөн Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, сахилгын процессыг нарийвчлан хуульчилж, шүүгчийн хариуцлагын механизмыг үр нөлөөтэй болгоно. Шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн шүүхэд цахим шилжилт, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлдэг болгохыг энэ хуулиараа оруулж ирж байгаа юм. Ингэснээр зарим тодорхой төрлийн хэрэг маргааны нэхэмжлэлийг цахим хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэх, цахим нотлох баримтыг шүүхэд үнэлэх хуулийн боломж бүрдэнэ. Цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хуулиудад илүү нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, шүүхийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай болгох, зарим бичиг баримтаа цаасаар биечлэн өгөхөөс илүү цахим хэлбэрээр илгээх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, иргэдийн эрхийг хамгаалах механизмыг дээшлүүлнэ гэж харж байна.
П.САЙНЖАРГАЛ