Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Отгонбаяр: Төрийн хүний ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна DNN.mn

Ёс суртахуунгүй боловсрол ямар хортой болох, нийгэмд ёс зүй ямар үүрэгтэй талаар МУБИС-ийн философи, нийгэм судлалын багш Ж.Отгонбаяртай ярилцлаа.


-Ёс зүй гэж юу вэ. Хүн яагаад ёс зүйтэй байх ёстой вэ?

-Ёс зүй нь ёс суртахууны харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Харин хүн өөрийн гэсэн ёс суртахуун, үнэт зүйл, үнэлэмжтэй байна. Бага наснаас нь хүүхдэд өвөө, эмээ нар юмсын мөн чанарыг “баба, гого” гэж зааж эхэлдэг шүү дээ. Өсвөр насанд бол “буян, нүгэл” гэдэг заагаар ёс суртахуун тодорхойлогддог. Монголчууд бидэнд эртнээс уламжилж ирсэн эрхэмлэх ёс, цээрлэх ёс бий. Үүнийг философийн хэлээр үнэлэмжийн систем, үнэт зүйлсийн тогтолцоо ч гэдэг. Үнэт зүйлс бол ээмэг, бөгж биш. Харин хүнийг хүн болгодог зүйл юм. Амьтны хүрээлэн үзээд ирсэн хүүхдүүд амьтны дууг дуурайх ч дөрвөн хөллөөд мөлхөхгүй. Тиймээс хүүхэд өөрийгөө хүн гэдгийг аль эрт ялгачихсан байгаа юм. Ёс суртахуун хүн юуг үнэт зүйл, үнэлэмж гэж хүлээн авч байгаагаар тодорхойлогдоно. Үнэлэмж гэдгийг гартаам гэдэг чулуугаар төсөөлье. Мэдэхгүй хүн бол дээгүүр нь сохор юм шиг алхаад гарна. Мэддэг хүн бол шүүрээд авна.

Ёс суртахуун бол хүнд төрөлхөөс л байдаг зүйл. Харин юуг өөрийн үнэт зүйл гэж үзэж байгаагаас их зүйл шалтгаална.

-Танихгүй хүн хүүхдэд чихэр өгч болдог нийгэмд би өссөн. Одоо цагт яагаад энэ үйлдэл байж боломгүй үйлдэл болов?

-Өмнө нь хүүхдэд чихэр өгч байгаа хүн бол өглөгч, хүүхдэд хайртай хүн. Хэрвээ чи одоо танихгүй хүүхдэд чихэр өгөх гэвэл чамайг гэмт хэрэг үйлдэх нь байна гэж хөндлөнгийн хүмүүс харна. Танихгүй эмээгийн цүнхийг өргөж өгье гэвэл чамайг аваад зугтчих вий гэж бодно. Үүнийг нийгмийн үнэлэмж өөрчлөгдөх гэдэг. Хуучин нийгэмд бид итгэлцэл дээр үндэслэж харилцдаг байлаа. Манай үеийн хүмүүс худлаа хэлж чаддаггүй байлаа. Одоо бол хэн хүнгүй худлаа ярьж байна. Худлаа яриагүй хүн нь тэнэг юм биш үү. Энэ бол нийгэм хөгжих үед болж буй энгийн л үзэгдэл.

-Одууд, улстөрчид хэрэг түвэгт нэр холбогдох болжээ. Ёс суртахуун үгүй болсны шинж үү?

-1990 оноос өмнө дээд боловсрол, ёс суртахуун хоёр хамт байлаа. Дээд боловсролтой хүн ёс суртахуунтай байдаг. Ёс суртахуунтай хүн дээд боловсролтой. Харин өнөө үед ёс суртахуун, боловсрол хоёр тусдаа орших болжээ. Ашиг орлого л хөөцөлддөг хүмүүс бий болж. Дээд боловсролтой хулгайч, луйварчид, хуульч боловсролтой авлигачид бий болсон. Төр гэдэг албадлагын тогтолцоо. Гэхдээ төрд байгаа хүмүүс энгийн хүмүүс. Төрд байгаа хүмүүс хамгийн том үлгэрлэлийг нийгэмд үзүүлэх ёстой байтал тэр үүрэг нь алдагдчихсан. Төрийн хүрээнд ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна. Нийгэм өөрөө үүнийг цахим орчинд ч хурцаар шүүмжилдэг болж. Төрийн алба хашиж байгаа хүн өөрийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг чухалчлах ёстой.

-Орчин үеийн олны танил одууд хүүхэд залууст буруу үлгэрлэл үзүүлээд байна даа?

-Манай сургуулийн сэтгэл зүйн танхимын судлаачид өсвөр насны хүүхдүүд дунд судалгаа хийжээ. Өсвөр насны хүүхдүүд урлаг, спортын оддыг даган дуурайж, үлгэр жишээ авдаг. Бараг шүтдэг. Гэтэл тэр шүтдэг хүн нь ямар нэгэн хэрэг түвэгт нэр холбогдож, муу муухай нь ил гарах үед хүүхдүүдэд хямрал үүсдэг байна. XVII зууны Францын нэгэн алдартай философич “театрын төөрөгдөл” гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг юм. Хүн театрт байгаа байдлыг бодит байдал мэт хүлээж аваад бодит амьдрал дээр төөрөгдөлд ордог. Манай залуус ч нийгмийн амьдралыг театрчилсан өнцгөөс нь хараад төөрөгдөлд орох нь байна. Амьдрал үргэлж өөгүй сайхан мэт хуурмагаар харуулж байгаа нь буруу. Ер нь амьдралыг гоё сайхан гэж хэн хэлээд байгаа юм.

-Эрэгтэй хүүхдүүдийн төлөвшилд эрэгтэй хүний үлгэрлэл чухал уу?

-Манай сургуулийн эмэгтэй оюутны тоо эрэгтэйгээс илүү байдаг юм. Техникийн сургуулийг эс тооцвол олон Их, дээд сургуулийн хүйсийн харьцаа ийм байгаа. Мөн эрэгтэй багш, удирдагч нарын тоо ч харьцангуй цөөн. ЕБС-д ч бас эрэгтэй багш цөөхөн. Хөвгүүд хүүхэд насандаа ээждээ илүү их ханддаг. Эмэгтэй хүүхэд ч аавдаа илүү хайртай байдаг. Харин өсвөр насан дээрээ хөвгүүдэд зөв үлгэр дуурайл авах дүр хажууд нь байх ёстой. Эрэгтэй хүүхдэд эрэгтэй хүний хайр хэрэгтэй байдаг. Хатуу хайр гэхээр барьж аваад, зодож нүдээд байх тухай биш шүү. Яаж хувцаслах, ярих, биеэ авч явах, хэрхэн эмэгтэй хүнтэй харьцах гэх мэт зүйлийг зөв дүрээс үлгэрлэх ёстой юм. Тэгж чадахгүй болохоор солонгос залуучуудыг даган дуурайгаад байна. Хөвгүүдийн ажиллаж, суралцдаг орчинд нь үлгэрлэх эрчүүд байхгүй нь сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй.

-Өнөөгийн нийгэмд ёс зүй орхигдож байна уу?

-Миний түрүүн хэлсэнчлэн мэддэг хүнд бол эрдэнэ. Мэдэхгүй хүн бол дээгүүр нь алхаад гарна. Нийгмийн үнэлэмж гэдэг зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. 100 жилийн өмнө бидний эрхэмлэж байсан зүйл, өнөөдөр эрхэмлэж байгаа зүйлс тэс өөр. Энэ үнэлэмжийг хэн нэгэн хүн тогтоохгүй. Нийгмийн харилцаанд оролцож байгаа хүн бүр үнэлэмжийг тодорхойлоход оролцдог. Социалист нийгэмд хүний үйлдэл, үнэт зүйлсийн хэм хэмжээ, шашин, гэр бүл салах, нийлэх нь хүртэл төрийн хяналт дор байсан. Зах зээлийн, ардчилсан нийгэмд ёс суртахуунтай байх эсэх нь хувь хүний сонголт. Мэдлэг боловсролгүй хүмүүс энэ эрх чөлөөг зөв, үр ашигтай ашиглаж чаддаггүй. Социализмын үед өөрийн гэсэн өмчгүй, төрийн үзэл суртлыг дагадаг, хамтын хөдөлмөрийг шүтэн биширсэн хүн сайн хүн байлаа. Одоо хэн нэгэн хүн би социалист хүн юм гэвэл бид бараг айж, гайхна шүү дээ. Заавал үнэт зүйлтэй бай, үнэлэмжтэй бай, ёс суртахуунтай бай гэж бид бусдад тулгах боломжгүй нийгэм.

-2000-аад оноос өмнө өнөөгийнх шиг нийгмийн элит, сэхээтэн гэж хэлж болох хүмүүс арай ч ийм их хэрэг түвэгт орооцолддоггүй байсан?

-Олны танил одод, төрийн зүтгэлтэн хүмүүс ямар нэгэн хэрэгт холбогдох үед нийгэм анхаардаг. Манай нийгэм сайн хяналт тавьж байна гэсэн үг. Залуучууд өсөн өндийж байна. Ёс суртахууны мэдрэмжтэй байгаагийн илрэл. Хэрэв нийгэм тэнэг байсан бол одод, төрийн зүтгэлтэн ямар ч муухай зүйл хийсэн ч шүүмжлэхгүй. Харин ёс суртахууны мэдрэмжтэй байгаа тулдаа тэдгээр буруу зүйл хийсэн хүмүүсийг залуус хурцаар шүүмжилж байна.

-Одоогийн залуус болохоо байжээ гэж их ярих болсон байна…?

-Одоогийн залуус болохоо байжээ гэдэг үг аль ч нийгэмд, эрт Грекийн нийгэмд ч байсан үг. Зөвхөн монголын өнөөгийн залуус энэ зэмлэлийг сонсоод байгаа юм биш. Олон янз байдал хэвийн зүйл гэдгийг иргэд хараахан хүлээн зөвшөөрч сураагүй. Энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхийг эрх чөлөө гэнэ. Олон янз байгаагаа, өөрийнх нь үнэт зүйлээс өөр үнэт зүйлтэй бусад хүнийг ёс суртахуунгүй, бүдүүлэг гэж шүүмжлэх нь өрөөсгөл.

-Гар утас хулгайлж байгаа хүнд ёс суртахуун ч, хууль ч үйлчлэхгүй байна уу. Ёс суртахуунаас илүү хууль хүнд үйлчилдэг үү. Эсвэл эсрэгээрээ юү?

-Арга зүйн хувьд зөрчилдөөнтэй асуулт. Хоёулаа хүнд үйлчилдэг. Гэр бүлийн хүмүүжлээрээ анхнаасаа хулгай хийхгүй байх нь ёс суртахуун үйлчилж буй илрэл. Хулгай хийчихээд баригдаад хоригдож байгаа бол хууль хэрэгжиж буй хэрэг.

-Худаг дээр ирсэн айлын адууг ч бид усалдаг ард түмэн. Энэхүү үйлдэл ёс суртахууны нөлөөлөл үү?

-Чинийх, минийх эсвэл дайсных байсан ч хамаагүй малтай харьцах монгол хүний ёс тусдаа зүйл. Ёс суртахуунаас тусдаа. Мал бол бидний шүтээн шүү дээ. Шүтээнээ хүн услалгүй яахав.

Н.Нарванчин

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *