УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Манай намын хэсэг нөхөд АН-ын кнопны тусламжтайгаар засгаа унагах асуудлыг шийдэх гэж байна
Манай нам түүхэндээ анх удаа өөрсдөө олонх болсон үедээ засгаа огцруулах гээд асуудал хэлэлцэж байна. Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байгаа юм билээ. Манай намын хэсэг нөхөд АН-ын кнопны тусламжтайгаар засгаа унагах асуудлыг шийдэх гэж байна. Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр олон гишүүд ярьж байна. Монголын бүх хүүхдийг алагчлалгүй мөнгө өгснийхөө төлөө энэ Засгийн газар огцрох гэж байна. Концессын асуудалд хууль зөрчсөн зүйл байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй хамаатай гэсэн концесс бий. Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүнийг манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна. Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Хөрөнгө оруулагч өнгөрсөн жилтэй харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү. Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Сайдын суудал мөнх биш. Үүн дээр зууралдаад байх зүйл алга. Гишүүд дэмжигчид үнэнийг мэдэх ёстой. Хоорондоо хоёр хуваагдчихаад яаж намынхныгаа нүүрийг харна даа. АН-ынхантай нийлж ийм шийдвэр гаргаж байгаа шүү.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би та бүхнийхээ өндөр итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарт нэг жил ажилласан
Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентын засаглалтай улсад ярьдаг. Би та бүхнийхээ өндөр итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарт нэг жил ажилласан. Нийгэмд яригдаж байгаа олон салбарт сахилга хариуцлага суларсан байна. Энэ бол ганц жилийн дотор бий болсон зүйл биш. Тийм ч учраас биш УИХ-ын хаалттай чуулган дээр Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт болж буй асуудлыг тавьж байсан. Энэ хуримтлагдсан асуудлыг сууриар нь засахгүй бол болохгүй юм билээ. Улс орны эдийн засаг маш хурдтай унаж ямар хэмжээнд хүрснийг та бүгд мэдэж байгаа. Уналтыг зогсоох тогтворжуулах, өсөлт бий болгохын төлөө энэ Засгийн газар ажилласан. Засгийн газрын ажилд алдаа дутагдал, хурдан шуурхай ажиллах байдал зарим хариуцлагагүй байдал байгааг үгүйсгэхгүй. Улс орны ирээдүйн том зургаар нь харахын бол нэлээд эгзэгтэй цаг үед ирээд байгаа учраас бага ч гэсэн үр дүнд хүрсэн төвшингөө хадгалж, цаашид тогтвортой өсөлтийг хангах, хөгжлийн тухай асуудлыг авч үзэх хариуцлагатай цаг үед иржээ. Тиймээс УИХ энэ асуудалд нэлээд бодитойгоор хандах шаардлага бий шүү.