-МАРГААШААС ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙН ХААЛГЫГ ӨШИГЛӨӨД ОРНО. ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА НӨХДҮҮД ҮҮДЭЭ НЭЭЖ ӨГӨӨРЭЙ-
“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр суллагдаад арав гаруй хонож байгаа аж. Ж.Мэндбаяртай хамт хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэд Ж.Мэндбаярыг хэлмэгдүүлэн шоронд хорьсон бөгөөд хадгаламж зээлийн хоршоотой нь гэрээ байгуулсан хүмүүсийг хүчээр хохирогч болгосон гэж үзэж байгаагаа яриад үүний үр дүнд мянга гаруй айл хүнд байдалд байгааг ярилаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Мэндбаяртай ярилцлаа.
–Таныг анх баривчлахдаа хадгаламж зээлийн хоршооны хэргээр шалгаагүй гэдэг юм билээ. Ямар үндэслэлээр шалгаж, хорьсон билээ?
-Тухайн үед Монголд анхны 26 давхар орон сууц барихаар ажиллаж байлаа. Гэтэл 2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 02.00 цагийн орчимд УМБГ-аас шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хорьсон шүү дээ. Прокурорын гарын үсэггүй, шүүхийн шийдвэргүйгээр барьж хорьсон нь Монголын хууль болон олон улсын Хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн ажиллагаа байлаа. Тэгэхдээ надад татварын хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн албан тушаалаа ашиглаж хоршооны мөнгийг өөрийнхөө компанид зээлдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр хэрэг үүсгэж байсан. Үүнээс болоод нэг ч удаа хаалгаа барьж үзээгүй “Глоб кредит” ХЗХ-ны үүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ингэснээр хадгаламж эзэмшигчид бухимдаж, хардах сэрдэх ажиллагаа эхэлсэн. Үүнээс гадна “Глоб” группийн бүх компанийн хөрөнгийг битүүмжилж, бүх үйл ажиллагааг нь зогсоосон шүү дээ. Эндээс манай харилцагч, хадгаламж эзэмшигч болох 1000 гаруй хүн хохирч үлдэх зам нээгдсэн.
–Танд үүсгэсэн эрүүгийн хэрэг юу болсон бэ?
-Би татварын илүү төлөлттэй, өөрөө хоршооны гишүүн байсан учраас хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хадгаламж нэрээр иргэдээс мөнгө татсан, орон сууц барьж өгөх нэрийдлээр захиалагчдаас арван хувийн урьдчилгаа авсан, хаалттай бонд гаргах нэрийдлээр бусдаас мөнгө авч залилсан гэх гурван үйлдэл тулгасан. Ингээд өмнө нь хэрэг үүсгэсэн зүйл ангиа залилан болгож өөрчилсөн. Ингээд 1233 хохирогчийг хүчээр бий болгож, манай группийн бүх үйл ажиллагааг зогсоосон учраас хадгаламжийн мөнгө олгох, барилгын ажил үргэлжлэх боломж олдоогүй. Бондын үйл ажиллагаа ч зогссон. Өөрөөр хэлбэл, группийн үйл ажиллагааг зогсоож, хүчээр хохирогч бий болгох бүдүүлэг алхмыг тухайн үеийн хүчний байгууллага хийсэн. Ингэхдээ хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр “Мэндбаяр олон мянган хүнийг залилсан, Глоб луйврын уул уурхай байсан” гэх мэтээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа идэвхтэй явагдсан. Олон нийтийн санаа бодлыг ингэж угаах нь хэлмэгдүүлэлтийн сонгодог хэлбэр л дээ. Надад арван жил хорих ял онооход нийгмийн бүх давхаргын сэтгэл зүйг бэлтгэчихсэн байлаа. Учир нь тухайн үед олон нийт намайг залилагч, маш олон хүнийг залилсан гэдэг сэтгэл зүйтэй болчихсон байсан. Гэтэл би шоронд явснаар 1233 хохирогч бүрмөсөн хохирч үлдэх зам баталгаажсан.
–Хохирогчид таныг батлан даалтан дааж, суллуулах хүсэлт гаргаж байсан байх аа?
-Хохирогчид гэж нэрлэгдсэн хүмүүс намайг батлан даалтад гаргах саналыг удаа дараа гаргаж байсан. Мөн миний саналаар “Глоб”-ыг хувьцаат компани болгож үнэт цаасаар учрах гээд байгаа эрсдлээс хамгаалах арга хэмжээг хамтарч авах хүсэлтэй байлаа. Энэ саналыг хоршооны нийт гишүүдийн 98 хувь нь дэмжиж байсан ч төр хүлээж аваагүй. Хэрвээ мөрдөн байцаалтын үед ийм арга зам авсан бол хохирогчид өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан. Мэндбаяр яах вэ, арван жилийн ялаа эдлээд явдаг л юм байгаа биз. Хэрвээ тэгж шийдсэн бол Мэндбаярыг шоронд хийх боломжгүй байсан учраас төр анхааралдаа аваагүй. Гадны түншүүд ирж “Мэндбаярын 10 сая ам.долларын хохирлыг төлчихөөд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гэхэд хүлээж аваагүй. Тухайн үед Монголд анхны амины сууцны хороолол барихаар гадныхантай төсөл хэрэгжүүлж байлаа. 26 давхар зочид буудал барихаар бэлтгэж байлаа. Нарны гүүрийг жаахан цаагуур тавихаар Хятадын компанитай хамтран ажиллаж байв. “Глоб”-ын ажил үргэлжилж, барилга барьж, хадгаламж олгогдож байсныг манай харилцагчид бүгд мэдэж байсан. Гэнэт хаалгыг нь барьчихаар хүмүүс мөнгөө авна гэх нь аргагүй биз дээ.
–Хохирогчид гомдол гаргаагүй, хамтраад хохирлоо барагдуулъя гэж байсан. Ер нь хэний гомдлоор танд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?
-Энэ бол эрүүгийн болон иргэний хэргийн аль нь ч биш. Хууль мэддэг хүн бүр мэддэг ч төрийн машин ажиллаад эхэлсэн учраас асуудал шийдэгдсэн гэж үздэг. Жишээлбэл, Намайг шийтгэсэн шүүхийн шийдвэрт шүүх Иргэний хуулийн мөнгөн хадгаламж гэсэн 454 дүгээр зүйлийн 454.1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т -Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно”, Хоршооны тухай хуулийн хадгаламж, зээлийн хүүний талаарх заалт зэргийг үндэслэн хадгаламж эзэмшигчдэд хүү тогтоосон байдаг. Эндээс би банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, харилцагчидтай эрх зүйн харилцаа тогтоосон зэргээр иргэний үйл ажиллагаа явагдаж байсныг шүүх өөрөө тогтоосон. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад төр дундуур нь орж ирж, хүчээр зогсоогоод “Энэ Мэндбаяр та нарт мөнгө өгөхгүй” гээд нэгийг нь шоронд хийж, нөгөөдөхийг нь үсийг нь зулгаалгаад үлдээсэн. Ийм л зүйл болсон. Хэрвээ эрүүгийн хэрэг мөн байсан бол хүү тогтоох ёсгүй байсан. Зөвхөн иргэний хэрэгт хүү тогтоодог. Шүүх эрүүгийн хэрэг биш гэдгийг тогтоосон нотлох баримт нь харилцагчдад хүү тогтоосон баримт шүү дээ.
–Орон сууц захиалагчдыг залилсан гэдэг хэргийн тухайд яриач?
-“Баянгол дүүргийн IV хорооны нутагт 362 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ч албан ёсоор батлагдсан газрын зөвшөөрөл, зураг төсөл, экспертизийн дүгнэлт байхгүй байхад 2007 онд ашиглалтад оруулна гэж зарлан, иргэдээс хууль бусаар захиалга авч залилсан” гэж ялласан. Гэтэл орон сууц барихаар төлөвлөсөн газрыг хууль сахиулагчид битүүмжлэн хурааж аваад 70 сая төгрөгөөр зарсан байдаг. Гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг 70 сая төгрөгөөр зарсан шүү. Газар байхгүй гэж яллачихаад тэд хаанаас газар гаргаж ирж 70 сая төгрөгөөр зарав. “Хохирогч Дамдинсүрэн барилгын зураг төсөв хүлээлгэн өглөө” гэдэг тодорхойлолт хавтаст хэрэгт байж байдаг. Газрын гэрчилгээ, барилгын зураг төсөв хавтаст хэрэгт бий. Экспертизийн дүгнэлтийг хохирогчид Барилгын өмчлөлийн төвөөс олж авсан байдаг. Гэтэл намайг юу ч байхгүй гээд яллачихсан. Энэ бүхнээс миний хэрэг эрүүгийн хэрэг биш гэдэг нь маш тодорхой. Шүүх ч хүлээн зөвшөөрсөн.
–Тэгвэл яагаад иргэний хэрэг биш гэж?
-Хэн нэгэн хүн намайг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан тохиолдолд иргэний хэрэг үүсдэг. Гэтэл нэг ч хүн гомдол гаргаагүй байсан. Нэг ч өргөдөл, гомдолгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн барьж хориод арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл оноосон. Тэр ялыг би биеэр эдлээд арав гаруй хоногийн өмнө суллагдлаа.
–Тухайн үед танай группийн дампуурлыг албан ёсоор зарлаагүй байх аа?
-Үгүй. “Глоб”-ыг дампуурсан гэдгийг шүүх тогтоогоогүй. Мэндбаярыг шоронд хийгээд, “Глоб”-ын хаалгыг хүчээр хаасныгаа дампуурсан гэж нэрлэсэн. Тухайн үед банк хүндэрсэн, хоршоодыг байхгүй болгох сонирхол байсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Төр банкийг аврах нь зүй ёсны хэрэг. Тухайн үед би төрд байсан бол иймэрхүү арга хэмжээ авах л байсан. Гэхдээ өөр аргаар хийх байсан болов уу. Хүчээр баахан хүн орилуулж, томыг нь нураах шаардлага байсан уу, үгүй юу гээд асуудал их бий.
–Та ял эдлээд суллагдлаа. Гэтэл хохирогчид хохирлоо барагдуулж чадсангүй. Таны бүх хөрөнгийг битүүмжилчихсэн байдаг. Түүнээс хохирогчдод хэд орчим төгрөг өгсөн юм бэ?
-Хохирогчдоос гадна төр хохирчихож. Төр хохирлын 50 хувийг олгожээ. Энэ хэргийн учир начрыг хайгаад, хөрөнгөө эрээд эхлэхээр төр 50 хувийг олгож ам хаачихаж. Үлдсэн хөрөнгийг борлуулаад 50 хувийг чинь олгоно гэсэн. Мэндбаяр болон “Глоб”-той холбоотой бүх хөрөнгийг хурааж, битүүмжилж авсан. 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө шүү. Гэтэл тэр хөрөнгийг хоёрхон тэрбум төгрөг болгож үгүй хийсэн байна. Явж, явж ирэхэд шүү. Төр тавин хувиараа хохирчихоод нэг ч төгрөг авч чадаагүй. Төр гэдэг нэрээр гурван сая иргэн хохирчихож. Цаана нь албан ёсны 1233 хохирогч, дээр нь Мэндбаяр гэдэг иргэн бас хохирчихсон байна. Би хохирол гэж тогтоосон 11 тэрбум төгрөгийг төлөөд цаана нь дахиад 16 тэрбум төгрөгийн хөрөнгө үлдээгээд шоронд орсон.
–Та одоо хохирогчдод мөнгө өгөх үү?
-Би хохирлыг төлөх ёстой. Гэхдээ би бүх ялаа биеэр эдэлсэн учраас төлөхгүй ч байж болно. Хэрвээ хохирлыг төлсөн бол 3.5 жилийн өмнө суллагдчих байсан. Төлөөгүй учраас бүх ялаа биеэр эдэлдэг хуультай. Энэ дунд өлсгөлөн зарласан, дарамтад өртсөн. Сүүлийн хоёр, гурван жил дарамтгүй байсныг нуухгүй. Түүнээс өмнө байнга дарамтад байсныг ч нуухгүй. Одоо би гараад ирлээ. Гараад ирэхэд хэргийн эзэн би, төр, хохирогчид гээд гурван тал 11 тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал хэвээрээ байна. Бид хамтарч хохирлыг барагдуулахын тулд зарагдсан, хууль бусаар алга болсон, үрэгдэж алга болсон бүх хөрөнгийнхөө учрыг олох ёстой. Хариуцлагагүй этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хууль бусаар дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой. “Глоб”-ынхон төрөөс дахиж мөнгө нэхэхгүй, харин хөрөнгөө л авъя. Бидний, миний хөрөнгийг анх ямар байдалтай хурааж авсан тэр чигээр нь өгчих. 47 автомашиныг “Глоб”-оос хураасан. Тэр олон машин хаачив. Амгалангийн хорих ангийн хашаанд ХЗХ-оос хураагдсан машинуудыг тавьчихсан байж байгаад гал алдаад заримыг нь шатаачихсан. Тэрийг хэн төлөх вэ. Арван жил зогссон машиныг хэн худалдаж авах вэ. Гэрэл чийдэн нь тоногдчихсон, элгээрээ хэвтчихсэн машин бол хамгийн жижиг жишээ. Барилга, байшин, газар гээд бүх хөрөнгө тэр машины хувь заяатай ижил болсон. Ганданд шинээр барьсан 1180 метр.кв талбайтай дөрвөн давхар байшинг 254 метр.кв гэж хуурамч тогтоол үйлдээд зарчихсан байдаг. Нэг давхрынх нь талбайн хэмжээгээр зарчихсан гэсэн үг. Үлдсэн гурван давхрыг нь бэлэглэчихсэн. Одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлэг байгаа 4.3 тэрбумаар үнэлсэн барилгыг гурван жил хөлдөөж, балгас болгосныхоо дараа 1.5 тэрбум болгож бууруулж зарсан. Засгийн газрын 247 гэдэг хууль бус тогтоол гаргаад арван жилийн өмнө үнэлсэн үнэлгээгээр есөн жилийн дараа зарж байна. Гэх мэтээр эзнийг нь шоронд хийгээд хөрөнгийг нь идэж, ашигладаг олон арга байдаг юм байна. Одоо энэ хөрөнгийг төртэйгээ нийлээд буцааж аваад зах зээлийн ханшаар нь заръя.
–Таны ярьснаар 27 тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгөө буцааж авна гэж үү?
-Тэгнэ. Газрын албанаас Мэндбаярын нэр дээр 20 гаруй газар байна гэсэн тодорхойлолт авсан. Тэр олон газар хааччихав. Хоёрхоныг нь зах зээлийн үнээс 25 дахин хямд үнээр зарсан байдаг. Энэ бүхнийг учрыг олмоор байна. Төр өөрөө хохирчихсон учраас төрийн болон хууль, хүчний байгууллага хамтраад ажиллаад өгөөч. Хамтарч ажиллахгүй гэдэг шийдвэрээ зарим байгууллага гаргачихсан байна лээ. Тэгвэл өөрсдөө арга хэмжээ авна. Дөрвөн давхар барилгыг нэг давхар байшингийн үнээр худалдаж авсан хүн түүнийгээ л аваг. Үлдсэн гурван давхар барилгыг надад буцааж өгөх ёстой биз дээ. Тиймээс би хаалгыг нь өшиглөөд орно. Бусдын хөрөнгөд халдаагүй, өөрийнхөө юманд орж байгаа нь тэр. Энэ мэт олон үл хөдлөх хөрөнгийн асуудал бий. Би маргаашаас эхлээд өөрийнхөө хөрөнгийн хаалгыг өшиглөөд орно. Хууль бусаар эзэмшиж байгаа нөхдүүд хаалгаа нээж өгөөрэй. Өөрийнхөө хаалгыг өөрөө эвдээд ороход битгий асуудал үүсгээрэй. Яагаад гэвэл хөрөнгөө авч байгаад энэ олон хүний хохирлыг юун түрүүнд барагдуулъя. Дараа нь энэ хэргийн учрыг олох боломж олдох байх гэж найдаж байна. Ганц сандал, ширээтэй ХЗХ маш олон байсан. Түүнээс юуг нь авна гэж хохирогчдынх нь хохирлын 50 хувийг төр барагдуулсан юм бэ. Энэ сонирхолтой биш гэж үү. Ганц ширээ, сандлыг нь зараад төр мөнгө авна гээд 50 хувийн хохирлыг барагдуулсан утгагүй ажлыг тухайн үеийн төр хийсэн юм шүү.
–Одоо хөрөнгөө авъя гэж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхийн шийдвэр нэгэнт гарсан гээд асуудал бас байгаа байх?
-Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр нь дуусчихсан байдаг юм байна. Гэхдээ дөрвөн давхар байшинг нэг давхар гээд зарчихсан байхад зүгээр хаяж болохгүй.
–Танай гэрийн хүн бас ял эдэлсэн байх аа?
-Дөрвөн сар “Ганц худаг”-т хорьж долоон жилийн ял оноосон. Дөрвөн хүүхэд минь гудамжинд үлдсэн. ХЗХ-нд хамааралгүй гэдэг нь нотлогдохоор бонд гаргасан гэдэг шал утгагүй үндэслэл гаргаж ирээд 15 жил хорих ял сонсгоод долоон жилийн ял оноосон.21 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн байх жишээтэй. Хүнлэг биш олон зүйл бий. Гэхдээ энэ миний асуудал учраас энэ удаад ингээд зогсъё.
Ц.ӨРНӨХ