Монголын нөхцөлд аялал жуулчлалын кемпүүд, ахуйн хүрээнд бичил цэвэрлэх байгууламжтай болох асуудал нэн тулгамдаж байгаа юм. Монгол болон гадны орнуудад бага оврын цэвэрлэх байгууламжийн технологи хэрхэн хөгжиж байгаа талаар “Ультрасоник” компанийн ерөнхий инженер Ж.Хуягбаатартай ярилцлаа.
-Бичил цэвэрлэх байгууламжийн гадны технологийг нэвтрүүлсэн цөөхөн компанийн нэг нь танайх юм байна. Энэ төрлийн худалдааны зэх зээл ямар байна вэ?
-Цэвэрлэх байгууламж дотроо олон төрөл. Хэрэглэгчид хавар болоход байшингаа барьж эхлэхээс өмнө бохир усаа шийдэх ёстой. Тэгэхээр эрэлт хэрэгцээ бол хаврын улирлаас эхэлнэ. Манай компанийн оруулж ирдэг технологи өндөр хүчин чадалтай, түүнийгээ дагаад үнэ өртөг нь ч өндөр учраас одоохондоо хувь айлууд гэхээс илүү томоохон байгууллага, аялал жуулчлалын кемпүүд сонирхдог. Айл өрхүүд бол хямд технологийг сонирхож байна. Сүүлийн үед хотын захад шинээр баригдаж байгаа хотхонуудад цэвэрлэх байгууламжийг суурилуулах сонирхолтой компаниуд хандах болсон.
-Цэвэрлэх байгууламж нэн шаардлагатай объект бол манай аялал жуулчлалын кемпүүд. Тэд хэр их сонирхох юм?
-Амралтын газруудын цэвэрлэх байгууламжийг шийдэх нь зөв. Цэвэрлэх байгууламжийг бохир усны хэрэглээнээс шалтгаалж сонгодог. Нэг дор 100 хүнийг зэрэг хүлээж авах кемп гэхэд ийм тооны хүний хүчин чадалтай бохирыг цэвэрлэх байгууламж тавих ёстой болдог. Нэг ёсондоо хамгийн тулсан хэмжээгээр сонгох ёстой. Одоогоор манайх “Тэрэлж”, “Цонжин болдог”-т тус бүр хоёр газарт цэвэрлэх байгууламжаа суурилуулж ашиглалтад өгөөд байна.
-Манайд нэвтрээд байгаа цэвэрлэх байгууламжуудын технологийг тайлбарлаж өгөхгүй юу?
-Олонх нь бохирыг газар руу шингээж байна. Зарим нь модон жорлонтой байгаа. Цэвэрлэх технологи гээд хүмүүс хоёр юм уу гурван дамжлагатайгаар бохирыг тунгаагаад шүүрүүлээд гаргадаг. Гэхдээ тэр нь цэвэрлэгээний процесс биш, бохирын хүнд, лагийг тунгааж шингэнийг нь газрын хөрс рүү шингээдэг. Яваандаа хөрс өөрөө цэвэрлэх боломжгүй болдог. Угаас энэ нь олон улсад ашиглахаа больчихсон технологи. Дараагийнх нь “SBR”гэж микро биологийн аргаар цэвэршүүлдэг технологи байгаа ч Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжгүй. Хүйтний улиралд, хүйтэн усанд цэвэрлэгээ явагддаггүй, дутагдалтай тал ихтэй технологи. Харин манай технологи Монголд нутагшуулсан гэдгээрээ давуу талтай. Германы эрдэмтэд нэлээд олон цэвэрлэх байгууламжийн технологийг Монголд авчирч туршаад “WSB”технологийг гаргаж авсан. Энэ нь микробилологийн зарчмаар бохироо цэвэрлэдэг.Бохироос өөрөөс нь микро элементийг бий болгож задлаад 97 хувь хүртэл усыг цэвэршүүлдэг. Ямар нэгэн химийн бодис ордоггүй, шүүж тунгаах шаардлагагүй цэвэрлэх байгууламж.
-Олон улсад хамгийн дэвшилтэт технологи юу байна вэ?
-Цэвэрлэгдсэн усны стандарт хэр байгаагаар улс орон өрсөлддөг. Хамгийн сайн нь Дани. Тэнд ахуйн бохирдлоос гарсан цэвэршүүлэх стандарт нь өндөр. Монгол ч тийм муу биш. Германаас чанга. Мөрдөх юм бол өндөр чанарын стандарт байгаа. Манай улс 5-50 хүний жижиг оврын цэвэрлэх байгууламжид Европын холбооны стандартыг шууд 1*1 зарчмаар мөрдөж явдаг. Өөрөөр хэлбэл, Европоос оруулж ирсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангана гэсэн үг. Гэхдээ Монголын нөхцөл Европоос өөр гэдгийг санах ёстой. Хасах 30 хэмээс дээш гарах үе байдаг. Манай технологи гэхэд усны температур нэмэх дөрвөн хэм байхад цэвэрлэгээ явагдаж л байна.Бусад цэвэрлэх байгууламжид усны хэм нэмэх 12-оос доош ороход цэвэрлэгээ явагддаггүй. Биобактер бохирыг задалж дийлдэггүй. Хүн бээрчихээр ажиллаж чаддаггүйтэй адил.
-Манайд дийлэнхдээ бохироо соруулахыг зөвлөдөг. Энэ нь хэр зөв арга вэ?
-Ер нь харахад онцгой объектуудыг соруулахыг зөвлөөд байгаа. Соруулахад ашиглалтын зардал өндөр гардаг. Том кемп бол нэлээд зардалтай. Бас нөгөө талаар цэвэршүүлэх байгууламжууд баригдлаа гэхэд хяналтын хувьд асуудалтай. Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга очиж хянаад байх боломжгүй. Германд бол цэвэрлэх байгууламжийг суурилуулсан байгууллага нь хяналтаа өөрөө хариуцдаг. Компани өөрөө шинжилгээгээ тогтмол хугацаанд авдаг, протокол үйлдээд явдаг. Түүнийг нь мэргэжлийн хяналтынхан шалгачихна. Ер нь манайд бохир ус цэвэршүүлэх технологи маш асуудалтай. Олон компани технологи оруулж ирж байгаа гэх ч яг төгс шийдлийг олж чадаагүй байна. Ус шинжилдэг лаборатори гэхэд манайд цөөхөн байна. Ус сувгийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрт л байгаа болов уу. Уг нь шинжилдэг лаборатори олон байвал хэрэглэгчид дээжээ шинжлүүлэх боломж өргөн болох юм.
-Бага оврын цэвэрлэх байгууламжийн зах зээлд худалдаалагдаж байгаа үнийн хувьд ямар байдаг юм бол. Жишээ нь танайх?
-Зах зээл дээр 2-3 сая төгрөгөөр шийдэх шийдлүүд байна. Төхөөрөмжөө газар булдаг. Тэр нь усыг хэр зэрэг цэвэршүүлж байгаа нь бүрхэг. Дүрэм стандартаа баривал ийм технологи байх ёсгүй. Манайх зах зээлд зарагдаж байгаа жирийн технологийг бодоход 2-3 дахин үнэтэй. Бид технологио нэг айлд 10 сая төгрөгөөр санал болгодог. Байгууллагын хэмжээнд 100 хүнийх гэвэл 100 сая төгрөг болох жишээтэй. Гэхдээ ийм өндөр өртгөөр технологи нэвтрүүлчихэд дэргэд нь байгаа айл өрх, байгууллагууд нөгөө л чанаргүй технологийг ашиглавал ямар ч үр дүнгүй. Тиймээс үүнд төр засгийн хяналт заавал байх ёстой юм.
Б.ЗАЯА