Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Залуус соёлтой, мэдрэмжтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунантай ярилцлаа.


-Төв талбай дээр “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх шаардлага бүхий жагсаал ид өрнөж байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн уг жагсаалын үеэр Хүний эрхийн Үндэсний комисс хэрхэн яаж ажиллаж байна вэ?

-Д.Сүхбаатарын талбай дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглааны явцад Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) анхнаас нь ажиглалт хийж, хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хуваарь гарган ажиглалт, баримтжуулалт хийхээс гадна жагсаал, цуглаанд оролцогчдод хүний эрхийн чиглэлээр видео хэлбэрээр мэдээлэл өгөх, уриалга, сэрэмжлүүлэг гаргах, Цагдаагийн байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал, зөвлөмж өгөх зэрэг арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байна.

-Зөвлөмжүүдийн агуулгыг дурдаж болох уу?

-Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эмх замбараагүй байдал үүсч, нийтийн хэв журам алдагдаж эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гарч оройн 21:00 цагаас жагсаал, цуглааныг албадан тарааж эхэлсэн. Энэ хүрээнд тайван, эсэргүүцэл үзүүлээгүй, шаардлага биелүүлж байгаа жагсагчийг саатуулахгүй байх, албадан тараах ажиллагааны явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулах, хүч хэрэглэсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдол нэг бүрийг бүртгэж анхан шатны тусламж авах боломжийг бүрдүүлэх, албадан тараах үйл явцад галт зэвсэг хэрэглэхээс бүх талаар зайлсхийх, албадан тараах үйл явцыг сурвалжилж буй сэтгүүлч, баримтжуулж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, саатуулагдсан хүнд саатуулах болсон шалтгаан, үндэслэлийг тайлбарлах, гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь даруй мэдэгдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, эдлүүлэх, мэдүүлэг, тайлбар авахдаа өмгөөлөөгчийг байлцуулах, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн жагсаал, цуглаанд оролцогчид арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн суулт хийх болсонтой холбоотойгоор дулаацах байр, гэр барих боломжоор хангах, ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлээд байна.

-Жагсаал, цуглааны үеэр ХЭҮК-оос хяналт тавьж, дүн шинжилгээ хийж байна гэлээ. Гэтэл жагсаал, цуглаанд хамрагдаж буй иргэдийн тоог танай Комиссын алба хаагчдын тоо хоёрыг харьцуулбал ажиллах хүний нөөц хангалтгүй байгаа нь тодорхой. Цаг үеийн нөхцөл байдалд аль аль байгууллагатай хамтран ажиллаж байна вэ?

-Мэдээж цагдаа болон төрийн захиргааны байгууллагуудаас гадна хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн идэвхтнүүдтэй хамтарч байна. Монголын Эмнести интернэшнл, Хүний эрхийн форумын гишүүн, төлөөлөгчидтэй хамтран ажиглалт, мониторинг хийж байна. Харамсалтай нь, эдгээр ТББ-ын ажилчид “Хүний эрх хамгаалагч” гэсэн таних тэмдэг бүхий хантааз өмсөж, жагсаалын явцыг баримтжуулж, иргэдтэй уулзаж ярилцах үеэр биед нь халдах, хөөх тохиолдол цөөнгүй гарсан. Уг нь “Хүний эрх хамгаалагч” гэсэн таних тэмдэг бүхий хантааз өмссөн хүмүүс нь жагсаж байгаа иргэдийн эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд битгий зөрчигдөөсэй, эд хөрөнгө бүү үрэгдээсэй гэж санаа тавин ажиллаж байгаа. Гэтэл өөрсдийг нь хамгаалах гэж яваа иргэд рүү дайрч давшилж, халдаж байгаа нь харамсалтай.

-Цагдаагийн байгууллагаас жагсагчдад хүч хэрэглэсэн, эсвэл халдсан зэрэг ямар нэгэн зөрчил гаргасан болов уу?

-Өнөөгийн залуус ухамсартай, соёлтой, мэдрэмжтэй болж.Тэд мэдлэгтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж чадаж байна. Үүнийг жагсаал, цуглааны үеэр хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж байгаагаас харж болно. Цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байна, тэднийг аарц, цай гээд байгаа бүх зүйлээрээ дайлж байна. Бусаддаа үймээн самуун гаргахгүй шүү гэж уриалж байна. Энэ бол эрүүл нийгмийн шинж. Эрүүл, эрх чөлөөтэй нийгмийн шинж нь өнөөдрийн өрнөж байгаа жагсаал, цуглаан юм. Бидэнд байгаа мэдээллээр иргэн хохирсон тохиолдол гараагүй. Харин төрийн тусгай хамгаалалт, цагдаагийн 15 алба хаагч гэмтэж бэртэн, эрүүл мэндээрээ хохирсон.

Жагсаалын үеэр гарч болох эрсдэлүүд юу байна вэ?

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудын дунд тал бүрийн ашиг сонирхолтой бүлэглэл цуглаж байх шиг байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олон байна. Магадгүй энэ жагсаал, цуглааныг далимдуулж олны танил болохыг, цаашлаад өөр ямар нэг сонирхол агуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жагсаж байгаа залуус үүнээс урьдчилан сэргийлж, бусдын нөлөөнд хэт автахгүй байхад анхаарах нь зүйтэй.

-Жагсаал, цуглааны үеэр иргэдэд хоол хүнсээр үнэ төлбөргүй үйлчилсэн. Маркер, ватум цаас тараасан иргэнийг жагсаал, цуглаан ивээн тэтгэсэн гэж цагдаагаас байцаалт авсан тухай цахим хуудаст бичсэн байна лээ. Энэ талаарх мэдээлэл танайд ирсэн үү. Хууль сахиулах байгууллагатай танайх хэрхэн, яаж хамтарч ажиллаж байна вэ?

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн, жагсаж цуглах эрхээ эдэлсэн хэнийг ч мөрдөн мөшгөж, саатуулж баривчилж болохгүй. Харин үймээн самуун зохион байгуулах, бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаар санаархсан үндэслэл бүхий баримт, мэдээ байвал цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэг өөр зорилгоор үймээн самуун дэгдээх, жагсагчдын үндсэн зорилгоос өөр хүчирхийлэлд уриалсан шинж чанартай зүйл гарвал урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа ажлаа хийх нь зүйн хэрэг. Гэхдээ шалгах ажиллагаа явуулахдаа эдлэх ёстой эрхийг нь хангах үүрэгтэй. Энэ нь хэн нэг иргэнийг саатуулж тайлбар, байцаалт авч байгаа бол эрхийг нь сануулах, өөрийнхөө үйлдлийг тайлбарлах боломжийг олгох, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах, хүнлэг харьцах, баримтжуулалт хийх зэрэг шаардлагыг хангана гэсэн үг. Таны хэлсэн жагсаал, цуглаан санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн гэдэг үндэслэлээр байцаалт авсан, баривчилсан гэх гомдол өнөөдрийн байдлаар Комисст ирээгүй. Хэрвээ ийм гомдол, мэдээлэл ирвэл бид зайлшгүй ажиллагаа явуулна.

-Дээрх жагсаал, цуглааныг бүртгүүлээгүй гэдэг зүйл яригдсан. Заавал бүртгүүлэх ёстой гэдэг нь жагсаал, цуглааныг хязгаарлах гэсэн зорилготой гэх юм билээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтад жагсаал, цуглаан зохион байгуулахдаа заавал мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж заасан. Мэдээж бүртгүүлэх нь жагсагчдын аюулгүй байдал, нийтийн хэв журам сахиулахад хэрэгтэй ч өөр зорилгоор бүртгэхгүй байх боломжийг олгодог тул хязгаарлалт гэж үздэг. Гэхдээ бодит амьдрал дээр сайн дураараа цуглан үзэл бодлоо илэрхийлэн нэгдэж байгаа органик жагсаалыг бүртгэх, бүртгүүлэх боломжгүй гэдгийг бид бүгд л харж байна. Тиймээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай.

-Монгол Улс жагсаал, цуглааны эрх чөлөөгөөрөө дэлхийн улс орнуудын хэддүгээрт жагсдаг юм бэ?

-Монгол Улсын хувьд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд харьцангүй чөлөөтэй улсын тоонд ордог. Олон улсын байгууллагуудаас улс орнуудын эрх чөлөөний байдлыг үнэлж индекс гаргадаг. Жишээ нь Хүний эрх чөлөөний индексээр Монгол Улс 165 улсаас 47-т, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 90-т, дэлхийн эрх чөлөөний индексээр 84 оноогоор эрх чөлөөтэй гэдэг ангилалд жагссан байдаг. Өнөөдрийн Д.Сүхбаатарын талбай дээр өрнөж буй жагсаал, цуглаан ч үүнийг илтгэж байна.

-Идэр ес эхлэх гэж буй энэ цаг үед иргэд талбай дээр хонож байна, нүцгэлж байна. Энэ нь хүний эрх талаасаа ямар вэ?

-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд Сүхбаатарын талбайд гэр барихыг хориглодог. Гэхдээ нөгөө талаасаа шөнөдөө -35 хэм хүрч хүйтэрч байгаа энэ үед бид иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймдээ ч ХЭҮК-оос холбогдох газруудад үе шаттай хандсан. Нөхцөл байдлаас үүдэн иргэдэд дулаацах газар, гэр барих асуудал, бие засах газраар үйлчлүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэх хүсэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн уржигдар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, дээрх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үр дүнд гэр барих зөвшөөрөл олгогдлоо. Өнөөдрийн байдлаар эмчийн үзлэг тогтмол хийгдэж байна. Ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж байна. Шат шатандаа авах ёстой арга хэмжээг авч байгаад холбогдох албаныхан талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Жагсаалын үеэр хүний эрхийн зөрчил гарсан уу. Үүнээс сэргийлж, анхааруулах зүйлийг та дурдахгүй юу?

-Жагсаал цуглааны үеэр зарим иргэн бусдын биед халдах, эд хөрөнгө сүйтгэх, нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэх, нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлах, өлсгөлөн зарлах, бага насны хүүхэд дагуулж ирэх зэргээр өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй зүйл хийж байна. Дахиад ч хийж болзошгүй. Тиймээс ийм үйлдэл дахин битгий гаргаач ээ гэж хүсч байна. Жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар, бусдын эрхэд халдахгүй байдлаар хийвэл жинхэнэ утгаараа эрх, эрх чөлөө хэрэгжинэ гэдгийг санах нь зүйтэй. Бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах, бусдын эд хөрөнгийг сүйтгэвэл хуулийн хамгаалалт үйлчлэхгүй. Мөн бусдыг өдөөн хатгасан, турхирсан үйлдэлд автахгүй байх, хэт бөөгнөрөлд орохоос татгалзах, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн биед халдахгүй байхыг анхаарах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *