Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хайрулла: Би Монголын ганц татар

Монгол Улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич, доктор, профессор Ж.Хайруллатай уулзаж хөөрөлдлөө.

Таныг угсаа гарлаар чинь дөрөв таван үндэстэн булаацалддаг гэж сонссон. Та чинь хасаг хүн биш юм уу?

-Ардын уран зохиолч Тангадын Галсан бид хоёр их найзууд л даа. Тэр нөхөр миний цолны хүлээн авалтанд уригдаж ирээд “В.Путин “Хайрулла бол Оросын татар. Тэгэхээр манай хүн” гэж хэлжээ. Хятадын удирдагч Ху Жинтао “Хайруллын ээж уйгар хүн учраас манай хүн” гэжээ. Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев тэндээс “Хайрулла казах хүн. Худлаа гэвэл Алма-Аты хотод хүүхдүүдээ дагуулчихсан есөн авгай нь байна” гэсэн. Тэгтэл харин манай Ерөнхийлөгч монголоос гэж баталгаажуулаад хөдөлмөрийн баатар өгчихсөн” гэж амьтны элэг авсан. Хүнийг мөн баллаж байгаа юм шүү, сүрхий хог чинь. (инээв.сур) Манай аав Жалель үнэхээр Лениний сурч байсан Казанийн тэнд төрж, гимнази дүүргэж шашны дунд боловсролтой молла болсон. Шашны зан үйл дэлгэрүүлэх, сүм хийд бариулах зорилгоор аавыг маань Хятадын казахууд руу томилолтоор явуулсан байгаа юм. Шинжаанд байхдаа ээжтэй танилцаж, одоогийнхтой адил хил хязгаарын зааггүй байсан учраас Ховд аймгийн Булган сумын Цагаан голд нүүн ирж суурьшсан байгаа юм. Тэнд ногоо тарьж, шашныхаа номлолыг ч явуулдаг байж. Хил тогтоход Монголд үлдэж, 1938 оны их хэлмэгдүүлэлтээр баригдан тэр чигтээ сураг алдарсан. Тэр үед би наймхан настай өнчирч хоцорсон доо. 1972 онд цагаадсан гэдэг тогтоолыг нь надад гардуулсан. Хоёрхон өдөр байцаагаад “Гадаадын тагнуул” гээд шууд буудчихсан гэж хавтаст хэрэгт бичсэн байна лээ. Миний уг гарал татар, уйгарын эрлийз, төрсөн нутаг минь эх сайхан Монгол, Ховдын Минжит Булганы рашаанаар угааж хүн болсон.

Та ах дүү олуулаа юу?

-Аав маань боловсролтой хүн байсан болохоор дөрвөн хүүхдээ Улаанбаатар, Москва руу сургуульд явуулсан байдаг юм. Монголын анхны инженер Ахмад байна. Удаахь ах Эрхүүд КУТВ-д эмч мэргэжил эзэмшиж ирсэн. Валя гэдэг ах маань Улаанбаатарт цэр­гийн алба хааж, офицер болоод ажиллаж байгаад бур­хан болсон. Абдил ах маань Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргааны дарга, аймгуудын намын хорооны даргаар ажиллаж байгаад нас барсан. Миний төрсөн эгч наян естэй хөгшин насаараа багшилсан. Гэр бүлийн хүн маань Х.Гүлсэн гэж казах хүн бий.

Та сургууль соёлын мөр хөөсөн түүхээ өдий өндөрлөгөөс хуучлаач!

-Баян-Өлгий аймгийн нэг­дүгээр арван жилийн дөрөв­дүгээр анги төгсөөд, 1945 оны зуны сүүлээрмодон кабинтай “ЗИС-5” гэдэг машинаар хорин нэг хоног явсаар Улаанбаатар хотод орж ирэн, Офицерын сургуульд орох боллоо. Надтай хамт ирсэн Хаби гэдэг хүн жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуайнд дагуулж очин, хичээл эхэлтэл тэднийд байхаар болов. Янжмаа гуайнх тэр үед Тавын халуун ус гэж байсан өндөр яндантай, дан цагаан байшингийн арын дэнж дээр, одоогийн Болгар улсын элчин сайдын яам байгаа орчимд том хашаанд сараалжин цонхтой хятад маягийн хийцтэй зуны байшинтай, том цагаан гэртэй айл байв. Зуных нь байшинд жанжны хүү Галсан гуай, гэргий ньхожим ардын жүжигчин болсон Ичинхорлоотой хамт, харин гэрт Янжмаа гуай хүүгийнхээ жаахан охин Тамара, бид гурав байна. Тамара хожим нэрээ монголоор солиод Гадаад яамны сайд байсан Дүгэрсүрэн гуайн гэргий болсон. Янжмаа гуай өглөө болгон “М-1” гэдэг битүү хар машинаар ажилдаа явчихна. Эднийхний ачаар би хэд гурван монгол үгтэй боллоо. Ингээд хэд хоногийн дараа Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийн захирал генерал Дагдантай уулзуулан “Онц сурна шүү” гээд духан дээр үнсээд явсан.

Зохиолч С.Эрдэнэ гуай тэр сургуульд сурч байсан гэдэг. Анги нь ойролцоо байсан уу?

-Сэнгийн Эрдэнэ надаас нэг ах анги. Офицерийн сургууль төгсөгчдөөс Армийн Улс төрийн газрын орлогч дарга байсан хурандаа генерал Гомбосүрэн, генерал Моломжамц хоёр л амьд сэрүүн байх шив дээ. Би Офицерийн сургуулиас Монгол Улсын их сургуульд шилжин эмч мэргэжил эзэмшин, 56-57 жил эмч-багшийн ажил эрхэлсэн. Мэс засал хийхдээ дадлагын оюутнуудад багшилдаг болохоор багш болчих юм даа. Гадаадад курс төгсөж ирээд 1966 онд Монголд анх удаа хүний уураг тархинд мэс засал хийж гар хүрсэн. Тэрнээс хойш тавь гаруй жил уураг тархитай ноцолдож, тархи мэдрэлийн мэс заслын мэргэжлийн гучаад эмч нарыг бэлдсэн. Монголын эмч нарын жар далан хувь нь миний гараар дамжсан шавь нар байгаа биз дээ. Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар явсан даа.

Таны үр хүүхдүүд алтан гартай, бурхан мэргэжлийг тань өвлөсөн биз?

-Би гурван хүү, нэг охинтой. Төмөр замд машинист, цэргийн газар багш байсан хоёр хүү маань өөд болсон. Костя хүү маань миний мэргэжлийг өвлөн Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эрхлэгчээр сүүлийн арваад жил ажиллаж байна. Костягийн хүү Жам тархины мэс засалч болох гээд явж байна. Миний зээ хүү Абай маань саяхан тархин доторх судсыг нөгөө судсаар залгах нарийн хагалгааг Монголд анх удаа хийлээ. Миний хийгээгүй нарийн мэс засал. Зээ хүүгээрээ бахархаж байна.

Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа бүтэн жарныг үдсэн хүний хувьд та өнөөгийн байдлыг юу гэж бодож явдаг бол?

-Хатуухан хэлэхэд Эрүүл мэндийн яам, эрүүлийг хамгаа­лах салбар өнчин хурга, ишиг шиг санагддаг болчихлоо. Бусад яам, салбарыг ажиглаж байхад улсын төсөвт нэмэр хандив өргөж, муугаар хэлэхэд авилгадаж оршин тогтнож байхад Эрүүл мэндийн яам гуйлгачин шиг л байна. Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн болоод мэргэжлийн бус хүнч томилогдож байна. УИХ-аар 2015 оны улсын төсвийг хэлэлцэхэд эрүүл мэндийн салбарт нэг ч эмнэлгийн барил­га барих, засвар хийх мөн­гө төсөвлөгдсөнгүй. Намайг анх 1966 онд тархинд хагалгаа хийж, 1971 онд Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулагдахад дөчин хүний ортой, зургаа долоон эмчийн орон тоотой байсан. Тэр үед Монгол Улсын хүн ам нийтдээ ганцхан сая, манай тасаг долоо хоногт хоёр гурван хүнд л мэс засал хийдэг байлаа. Өнөөдөр гурван сая дахь иргэ­нээ хүлээж авах гээд хоёр сая есөн зуун ерэн мянган хүнтэй болчихоод, долоо хоногт дөч тавин хүнд хагалгаа хийдэг болжээ. Ийм байтал эмчийнх нь орон тоо ч нэмэгдэхгүй, орны тоо нэмэгдэхгүй ч оочир дугаар нь дийлдэхээ байлаа. Төр засаг гэж байдаг бол энэ бүхнийг анхаараасай. Бид яг дайны үеийн байдалд л ажиллаж байна. Тиймээс мэдрэлийн мэс заслын эмч нар их залуухан нас барцгааж байгаа. Эмнэлгүүдийн зас­вар ч хийх төсөв байхгүй байна гээд бод доо. Аз боло­ход сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар биеийн тамирын спор­тын байрыг чөлөөлж 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарсан. Энэ бол миний мэдэхээр сүүлийн арваад жилд гарч буй сайхан зүйл л дээ. Ингээд бодохоор эрүүл мэндийн байгууллага хавсарга гуйлгачин салбар болжээ.

Эрүүл мэндийн байгууллагыг ийм гуйлгачин хавсарга байлгаж байхаар хувьд гаргачих галт тэргийг хөдөлгөчихөж болдоггүй юм болов уу?

-Манай улсын төрийн бодлогод боловсролын гажуу­дал үүсчихсэн. Эмч бэлтгэх хувийн дээд сургуулиуд олшир­сон. Дэлхийд 100 мянган хүнд үйлчлэх эмчийн тоогоороо АНУ-ын дараа аман хүзүүдэж байгаа шүү дээ. Чанаргүй, мэдлэг чадвар тааруу эмч нар замбараагаа алдсан. Хувийн эмнэлэг байгуулсан эмч нар тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд мөнгөний төлөө ажилладаг луйварчингууд болж хувирсан. Өөрийг чинь орж ирэхээс өмнө үзүүлээд явсан өвчтөн “Очирваань” эмнэлэгт хоёр гурван сая төгрөгөө цацсан ч ямар ч үр дүн гарсангүй гэж орж ирж байна. Тэр эмнэлгийг орой бүр зурагтаар сурталчлаад байдаг шүү дээ. “Жигүүр гранд” компанийн “Гранд мед”-ийнхэн нуруу нугасны мэс засал хийдэг юм байна. Манайд энэ хагалгааг хийгээд дөч тавин жил болж байгаа шүү дээ. Тэнд солонгос эмчээр 15 сая төгрөгөөр мэс засал хийлгэсэн хүн надад үзүүлэх гээд хүрээд ирж байна. Тэгэхэд тэр хагалгааг хийхэд улсын эмнэлэг 1500 төгрөг ч авдаггүй шүү дээ. Энэ их хэцүү еэ. Ингэж манай хувийн эмнэлгүүд өвчтөнийг хохироож мөнгө угааж байна. Иймэрхүү байдалтай өнчин салбарт халаад нөмөрч үзээгүй Шийлэгдамба гэдэг нэг өнчин сайд ороод ирлээ.

Өөр мэргэжлийн сайд салбараа мэдэхгүй сандарна гэх гээд байна уу?

-Халаат өмсөж үзээгүй Ламбаа, Т.Ганди нарын сайдыг би муу ажилласан гэж үзэхгүй. Шийлэгдамба сайдад ч итгэж байна. Сайн эмч нар гэгдэж байсан Гүндалай, Удвал нар амжилт гаргасан уу гэвэл гаргаагүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр мөнгө санхүүгээс гадна эмнэлгийн ажил мэргэжлийн чадамж, эмнэлгийн менежмент цаг үеэс төө хойно хоцорсонд байгаа юм. Тиймээс би эрүүл мэндийн салбарынхандаа ажил мэргэжилдээ чин сэтгэлээс зүтгэе, мэргэжлийн ч бай, мэргэжлийн бус ч бай төрийн сайдын алба ажлыг хүндлэн дэмжиж ажиллая гэж уриалъя. Санаа нийлсэн нөхцөлд монголчууд ямар ч саад бэрхшээлийг туулна аа. Эмч мэргэжил олгодог хувийн сургуулиудыг цөөлж, улсын ч бай, хувийн ч бай сургуулиудын элсэлтийн шалгалтын босго оноог өндөрсгөе. Халаас зузаан­тай, толгой нимгэн эмч нарын цувааг ингэж л цөөлж чадна. Эмнэлгүүдийг аттестатчлах цаг болсон. Шалгаруулалтанд тэнцсэн эмнэл­гүүдийн харьяанд харин бусад эмнэлгийг менеж­ментээр хариуцуулан ажиллавал үр дүн нь эерэг гарна. Хүүхдийн өвчин, эх барих эмэгтэйчүүд,гэмтэл, зүрх, тархимэдрэлийн эмнэл­гүүдийг өргөтгөх хэрэгтэй. Өнөөдөр Гэмлийн эмнэлгийн хонгил дүүрч, Эх нялхсын эмнэлэгт нэг орон дээр хоёр эх хүүхэдтэйгээ байж байна шүү дээ. Тархи, зүрхний мэс заслын багаж төхөөрөмжийг улс маань аваад өгч чадахгүй байна. Тархины нэг судсан дээр тавих хавчаар гэхэд нэг сая төгрөгийн үнэтэй. Ийм үнэтэй багаж төхөөрөмжүүдийг улс хангаж өгч чадахгүйгээс хойш тархины мэс засал, зүрхний мэс заслын эмнэлгүүдийг менежментээр гаргамаар байна. Эмнэлгүүд амин зуулгаа алдахгүйнтулд гадаадын боломжтой газраас хямд төмөр олоод ирнэ шүү дээ. Эрүүл мэндийн даатгалыг өвчний хүнд, хөнгөн байдлаар нь ялгаж онооход болохгүй гэх газаргүй. Хуруугаа исгэчихээд иод түрхүүлээд гарч байгаа өвчтөн, тархины хүнд мэс засал хийлгэсэн өвчтөн хоёрын даатгал адилхан бай­гаа нь яавч амьдралд нийцэхгүй зүйл шүү дээ. Адуу, тэмээ, хонь, ямааны даатгал тус тусдаа үнэлгээтэй байдаг биз дээ. Арван цаг цусны үнэрт ядартлаа ажиллаад нам унаж байгаа мэс заслын эмч, гэртээ амарч байгаа шүдний эмчийнхтэй адилхан байж таарахгүй шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн даатгалыг боловсронгуй болгож, өвчний байдлаар нь ангилах хэрэгтэй гээд байгаагийн учир энэ.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *