Өчигдөр “Генетик нөөцийн тухай” хууль боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийв. Генетик нөөцтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монголд бий болгохоор Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх” төсөл хэрэгжиж байгаа аж. Энэ талаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх” төслийн ахлах зөвлөх Ж.Жаргалтай ярилцлаа.
-Генетик нөөц гэж юу вэ?
-Аливаа амьтан ургамал нь гениэр нөхцөлдөж цаг хугацааны шалгуурыг даван туулсан байдаг. Эдгээрийг судлаад хүнс, эм, гоо сайхны үнэт түүхий эд болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл эдгээр биетүүд маш их цаг хугацааг даван туулж өнөөг хүрснээрээ байгалийн цэвэр түүхий эд.
-Манай оронд генетик нөөц хэр их байдаг бол?
-Харамсалтай нь өнөөдрийг хүртэл манай орны генетик нөөцийг тогтоогоогүй байна. Одоо “Генетик нөөцийн тухай” хууль батлагдсанаар энэ ажил хийгдэнэ. Тогтоож, гаргахад маш түвэгтэй асуудал үүснэ.
-Яагаад?
-Био технологи, судалгааны ажлыг маш өргөн хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ургамал, амьтан бүрийн генийг судална. Бүртгэлжүүлнэ.
-Өмнө нь энэ чиглэлээр судалгаа хийж байгаагүй юм уу?
-Тэгж үзэж болохгүй. Манай улсад байгаа бүх судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг байгууллагууд өөрсдийн хүрээнд боломжийн хэрээр бараг 50 шахам жил судалгаа хийсэн байдаг. Манай химийн хүрээлэнгийн нэг эрдэмтэн өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй 100 гаруй биетийг олж тогтоосон байдаг. Хөтөлбөрийн хүрээнд Монгол орны генетикийн нөөц хэр байна, юу байна гэдгийг тодорхойлно.
-Генетик нөөцөд орж болох ямар нэгэн жишээ байна уу?
-Олон сая жилийн байгалийн шалгарал, манай орных шиг эрс тэс уур амьсгалыг даваад өнөөг хүрсэн ургамал, амьтан, бичил биет бол үнэт зүйл. Жишээлбэл, өнгөрсөн жил 2-3 сар бороо ороогүй газрын ургамал бороо оронгуут ургаад сэргээд эхэлсэн. Энэ чинь тэр ургамлын тэсвэрийг баталж байгаа юм. Эрт цагийн гениэ өнөөг хүртэл хадгалж ирсний хүчинд энэ ургамал ийм тэсвэртэй болсон. Зөвхөн бороо биш, зуд, шуурга гэх мэт байгалийн гамшгийг даваад ирсэн.
-Нагоягийн протокол гэж юу вэ?
-1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод батлагдсан олон улсын баримт бичиг. Энд дэлхийн 200 гаруй орон оролцсон. Дэлхийн хүмүүс байгалиас хамааралтай амьдардаг. Гэтэл хүн богинохон амьдралынхаа хугацаанд байгалтай зэрлэг харьцаж байна. Эко системээ хайрлахгүй байна. Хэт материаллаг тал руугаа яваад байгаа. Бидний амьдарч байгаа эрин байгаль орчны сүйрлийн эрин болсон. Одоо та бид хоёрыг яриад сууж байхад олон төрөл зүйлийн амьтан ургамал мөхөж байна. Энэ тохиолдолд дээрх протоколоор генетикийн нөөцийг зөв зохистой, шударгаар тэгш хүртэх эрхтэй гэсэн зарчим барина. Гэхдээ энэ хэрэгжихэд нэлээд түвэгтэй асуудал.
-Яагаад?
-Дэлхийн оюуны өмчийн байгууллага эсэргүүцэж байна. Генетикийн нөөц хүнс, эм, гоо сайхны түүхий эд болдог. Гэтэл энэ бүхний технологийн 95 хувийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эзэмшиж байна. Үлдсэн таван хувь нь ядуу буурай орнуудад байдаг. Тэгсэн ч тэр таван хувийг буурай орнуудад байгаа өндөр технологийн компани эзэмшдэг. Гэтэл баялгийн ихэнх хувь нь ядуу буурай орнуудад байна. Тийм учраас тэгш хуваах бодлого хэрэгжихэд хүнд. Эндээс харахад дэлхийн хэмжээнд шударга бус явдал гараад байгаа юм.
-Ийм баялагтай буурай орнуудыг дээрэмдээд байна гэсэн үг үү?
-Шууд тэгж үзэж болохгүй байх. Гэхдээ нарийн хууль эрх зүйн зохицуулалтыг ашиглаад байгаа юм. Нэгэнт буурай орнуудын хууль зүйн зохицуулалт муу учраас тэд өөрсдөө ашиглаж чадахгүй үнэт түүхий эдээ хурдхан баян компаниудад зарж мөнгө болгох бодлого явуулаад байгаа юм.
-Нагоягийн протоколд нэгдсэнээр бидэнд ямар ашигтай вэ?
-Бид баялагаа ашиглах гадагшаа гаргах, гаднаас оруулах, технологи эзэмших гээд олон боломжтой болно. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд өгчихвөл эдийн засгийн хувьд ч ашигтай.
-Энэ түүхий эд хэр үнэтэй вэ?
-Өндөр хөгжилтэй орнууд энэ чиглэлийн баялагаа үндсэндээ дууссан. Тэд энэ төрлийн түүхий эдэд их хэмжээний хөрөнгө зарж байгаа нь түүхий эд өндөр үнэтэй байх баталгаа. Хүний хүнс, эмийн хэрэгцээ мөнх гэдэг нь ойлгомжтой. Мэдээж урт наслах, залуу харагдах гэдэг хүсэл их бий. Тийм учраас энэ төрлийн түүхий эд мөнхөд үнэтэй байна.
-Энэ түүхий эдийн үнэ цэнэ чухам юунд байгаа юм бэ?
-Олон сая жилийг туулаад ирсэн энэ төрлийн ургамал амьтад одоо өндөр хөгжилтэй орнуудад байхгүй. Тэдний хэрэглэж байгаа зүйлийн ихэнх нь хиймэл. Өвс ногоо гэхэд харахад л сайхан болохоор манай хөдөөгийн өвс шиг сайхан үнэр байхгүй. Энэ сайхан үнэр гэдэг тухайн ургамалд маш олон төрлийн бодис байгаа гэсэн үг. Энэ бүхнээс технологийн тусламжтайгаар ямар ч шинэ, эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж болно. Үүгээрээ өндөр ач холбогдолтой. Жишээлбэл манай оронд ургаж байгаа 3000 төрлийн ургамлаас 80 гаруй нь эмийн ургамал гэж судлаачид тогтоосон.
-Тэгээд яагаад энэ үнэт зүйлээ ашиглахгүй байна?
-Одоо янз бүрийн хэмжээгээр ашиглаж байгаа. Зарим гадны эрдэмтэд манайхантай нийлээд судалгаа хийх замаар янз бүрийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ бүхнийг зохицуулсан хууль байхгүй учраас хэн, хаана, юу хийж байгааг мэдэх арга байхгүй.
-Хууль гарснаар ямар үр дүн гарах бол?
-Тэр хүн чулуу гаргалаа, тэр эрдэмтэн тийм юм хийлээ, тийм өвс гаргалаа гэсэн барих юмгүй юм яриад байгаа байхгүй юу. Энэ бүхэн нь албан ёсны биш, далд байдалд байгаа юм. Хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно. Энэ түүхий эдтэй харьцах эрх албан ёсоор нээгдэнэ. Жишээлбэл гадна, дотныхон албан ёсоор судалгаа хийх эрх нээгдэнэ. Манайхан түүхий эдээ авсныхаа тодорхой ашиг өгнө гэх мэт зохицуулалтыг хуульчилна.
-Генетикийн нөөцийн тухай мэдээллийн сан байдаг уу?
-Байхгүй. Одоо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлнэ. Хууль гараад бүх юм нэг өдөр сайхан болчихгүй шүү дээ. Хууль хэрэгжих нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэр нөхцөлийн нэг нь бидэнд ямар генетик нөөц байгаа тухай мэдээллийн сан хэрэгтэй. Бас уламжлалт генетик мэдлэгийн сан гэж байдаг. Түүнийг бас бүрдүүлнэ.
-Уламжлалт генетик мэдлэгийн сан гэдэг нь…
-Зөвхөн монголчуудад ёс заншлаар дамжиж ирсэн мэдлэг байдаг. Айраг исгэх, өрөм, ааруул. Ямар нэгэн ургамлаар ямар өвчин эмчилдэг гэх хувь хүнд байдаг мэдээлэл бас генетикийн нөөцөд багтдаг.
-Санг хэзээ байгуулах вэ?
-Бид дизайныг гаргаад судлаачдад санал болгосон.
-Энэ мэдээллийн сан нууцад хамаарах уу?
-Үгүй. Гэхдээ тодорхой хязгаартай байх шаардлагатай. Өнөөгийн хүмүүсийн ухамсар янз бүрийн түвшинд байна. Мэдлэггүй хүн ямар нэгэн ургамал дураараа хэрэглээд эрсдэлд орох магадлалтай. Манайхан дам сургаар их үнэтэй ургамал гэж дуулаад нөгөө нөөцийг устгаж мэднэ. Алт руу дайрдаг шиг юм болно. Сургаар нэг ургамлыг ходоодонд сайн гэж сонсоод амь насаа ч алдаж болно. Гэтэл энэ бүхэн чинь мэргэжилтэн хийдэг зүйл байхгүй.