Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганхуяг: “Нэхмэлийн шар” байрны иргэд эцсийн шийдвэрийг гаргана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай ярилцлаа.

-Танай дүүргийн “Нэхмэлийн шар” гэж нэрлэгдэх байруудыг дахин төлөвлөж барилга барихад төр, иргэдийн хооронд нэлээд маргаан үүсээд байна. Асуудал юунаас эхлэлтэй вэ?

-Нэхмэлийн шарын байрыг дахин төлөвлөн барилгажуулах асуудал наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хороог байгуулснаар эхэлсэн юм. Түүнээс өмнө буюу энэ оны зургадугаар сард нийслэлээс “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны байрыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг өнгөрөгч зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлаар баталсан юм. Тэр журмын дагуу Нэхмэлийн гэж нэрлэдэг манай дүүргийн II болон III хорооны нутаг дахь 20 байрыг дахин төлөвлөж барилгажуулах компанийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан нь тэр юм. Тус хороог Засаг дарга миний бие ахалж байгаа.

Дээрх журамд тухайн санал ирүүлж буй байгууллага ямар, ямар шаардлага хангасан байх талаар ч заасан байгаа. Тухайлбал, журмын 6.4-д санал ирүүлэх барилгын компани нь барилгажилтын төсөл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын туршлага, санхүүгийн техникийн чадавхи гээд таван зүйлийг бичиг баримтын төсөлдөө хавсарган оруулж ирэх ёстойг заасан.

Журмын дагуу Хотын ерөнхий төлөвлөгөөний газар сонгон шалгаруулалтаа зарласан.

-Журмын дагуу атал иргэд яагаад бухимдаад байгаа юм бэ?

-Сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо бус Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас явуулсан.

Уг нь Үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд шинээр барих барилгад хичнээн хүн амьдрах, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж нь ямар байх гээд ерөнхий мэдээллээ сонссон. Гэтэл энэ үед Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсээс “Сонгон шалгаруулалтаа зарлачихсан. Материалуудаа хүлээж аваад эхэлчихсэн шүү” гэсэн. Угтаа бол Үнэлгээний хороо хуралдаж, нөхцөл, шаардлагаа тавьсны дараа сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан юм.

Манай Үнэлгээний хорооны хувьд ерөнхий шаардлагуудаа нарийвчилсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Ямар ч ажлыг хийх гэж байгаа хүмүүст шаардлага тавьдаг шүү дээ. Хамгийн багадаа тийм туршлагатай, санхүүгийн чадавхитай, техникийн болон хүний нөөц ийм байх ёстой гэх мэт. Гэтэл эдгээр шаардлага огт тавигдалгүйгээр зарлагдчихсан юм. Үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй л дээ. Нэг хоногийн ч өмнө болохноо муу байрнаасаа салаад авъя гэсэн иргэдийн зөв. Нөгөө талаас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч журмынхаа дагуу зарласан нь зөв. Үнэлгээний хороо бас шаардлагаа тавихгүй бол болохгүй нь ээ гэдэг нь ч зөв. Ингэж гурван талаасаа нэгдэж байж иргэдийн эрх ашиг хамгаалагдах ёстой юм. Энэ ажлын хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр иргэд маань ямар ч асуудалгүйгээр орон сууцтай болох л асуудал.

-Тэгээд тэр зарлагдсан сонгон шалгаруулалтад хоёр компани шалгарчихсан байгаа юм уу?

-Ямар ч компани шалгараагүй. Компаниудын ирүүлсэн санал лацтайгаа Ерөнхий төлөвлөгөөний газарт байгаа. Уг сонгон шалгаруулалтыг манай Үнэлгээний хорооны шаардлагыг тусгаагүй учир алдаатай байна гэж үзээд дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон.

-Үнэлгээний хорооноос ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, техникийн талын үзүүлэлт буюу инженерингийн тооцоо судалгаа, ерөнхий төлөвлөгөөтэй холбогдсон болон газар орчны байдал, архитектур төлөвлөлт гэх мэтийг харгалзах ёстой гэж байгаа. Нөгөө талаас чадварын үзүүлэлт буюу гүйцэтгэгч байгууллагын чадавхийн асуудал байгаа юм.

Ер нь бол энэхүү дахин төлөвлөлтийн ажил нь барилга угсралтын болон зураг төслийн компани хоёр нийлж байж хийх ажил. Тиймээс чадавхийн тухай асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Тухайлбал, найман байшин буулгаад дахин барилга барих гэж байгаа компани санхүүгийн хувьд чадавхитай, мөнгө босгох чадвартай, техникийн нөөц бололцоо нь сайн байх ёстой гэх мэтчилэн шаардлагыг тавьж байгаа юм. Хэрэв ямар нэгэн байдлаар эрсдэл учраад тухайн байгууллага барьж чадахгүйд хүрвэл иргэдэд ямар баталгаа гаргаж өгөх вэ. Муугаар бодоод барьж чадахгүй болбол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Ийм эрсдлүүдийг хааж байж Үнэлгээний хороо үнэлгээгээ зарлах ёстой байсан гэдэг шаардлагыг тавьж сонгон шалгаруулалтын ажлыг зогсоосон юм.

-Гэхдээ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь таныг ашиг сонирхлын зөрчилтэй байснаас үүдэлтэй гэж иргэд хэлж байгаа?

-Энэ бүхний цаана иргэдийн эрх ашгийг хамгаалах, ямар нэг эрсдэлгүйгээр орон сууцанд нь оруулах зүйл яригдаж байгаа юм шүү дээ. Ийм зүйлийг ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй, хамаатныхаа, базынхаа, эсвэл хувьцаа эзэмшдэг компаниа оруулах гэж байна гэх мэтээр арай өөр өнцгөөс ярьж эхэлсэн л дээ. Тэр дагуу намайг иргэд АТГ-т өгч шалгуулсан. Хариу нь өнгөрөгч долоо хоногт гарсан. Мэдээж ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон.

Намайг шалгуулсан нь иргэдийн зөв. Тэд хардах эрхтэй. Магадгүй Ганхуяг хамаатнаа оруулсан ч байж болох шүү дээ. Гэхдээ одоо нэгэнт хуулийн байгууллага нь шалгаад түүнийг тогтоочихлоо.

-Тэгвэл энэ бүх маргааны зангилаа нь дээр хэлсэн журам болж таарч байна уу?

-Журамд учир дутагдал байна гэж харж байгаа. Тиймээс сайжруулах тухай цаашид ярина. Гэхдээ нэгэнт зарлаад авчихсан зүйлээ үнэлэх үү, үгүй юу гэдэг нь асуудал болоод байна.

-Тэгвэл хэзээ өөрчлөлт оруулах вэ. Иргэд журамдаа өөрчлөлт оруулахыг илүүтэйгээр хүсч байгаа нь өнгөрөгч долоо хоногт Э.Бат-Үүл даргаар ахлуулсан удирдлагуудтай хийсэн уулзалтаас анзаарагдаж байсан?

-2014 оны зургадугаар сард журам батлагдсан. Миний зүгээс ч өөрчлөлт оруулах тухай санал тавьж байгаа. Үнэлгээний хорооны эрх, үүргийг тодорхой болгох гэх мэтээр нарийвчилсан заалтуудыг оруулах шаардлагатай байгаа юм.

Журамд өөрчлөлт оруулах тухай асуудал нь Иргэдийн хурлаар орж байж шийдэгдэнэ. Тиймээс энэ удаагийн “Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудын тухайд одоогийн мөрдөж байгаа журмын дагуу л дахин төлөвлөлт нь явагдах болов уу. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо журмын өөрчлөлтийг хүлээхгүй. Өөрчлөлтийг хүлээлээ ч гэсэн журам нэгэнт буцаж үйлчлэхгүй тул одоо хүчин төгөлдөр байгаа журмаараа л явна гэсэн үг. Харин Үнэлгээний хороо аль болох чанартай гүйцэтгэж чадах боломжийн компанийг иргэдэд шалгаруулж өгөхийн тулд чадлаараа ажиллана. Иргэд ч үүнд давхар хяналт тавих ёстой. Компани танилцуулгаа хийхэд үнэхээр өөрийнх нь шаардлагад нийцэж байгаа эсэх талаар сайтар судлах ёстой. Тэгээгүй тохиолдолд татгалзах эрхтэй. Яагаад гэвэл энэ бол бүх насаар нь өөрт байх өмч хөрөнгийн асуудал тул хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Тэгвэл таны зүгээс журмын өөрчлөлтийг ИТХ-д яаралтай оруулж ирэх үүрэг ногдож байна?

-Бид журмын өөрчлөлтийг оруулахын төлөө ажиллана. Гэхдээ энэ удаагийнх нь хуучин журмаараа л явахыг дээр хэлсэн. Тиймээс журмын өөрчлөлт нь дараа дараагийн барилгын дахин төлөвлөлтийг хийхэд л нөлөөлнө. Манай дүүргийн хувьд хамгийн эхний барилга тул энэ удаа учир дутагдал байгааг үгүйсгэхгүй.

-Хамгийн эцсийн хариуцлагыг иргэд хүлээнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн байдлаар орон сууцгүй хоцорлоо гэхэд Үнэлгээний хороо буюу төр ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

-Тийм. Үнэлгээний хороо эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм биш. Үнэлгээний хороо нь тухайн компанийг иргэдтэй гэрээ хийх эрхийг л өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо дүгнэлтээ гаргаад Нийслэлийн Засаг даргад танилцуулна. Засаг дарга үүнийг болж байна гэж үзвэл батламж гардуулна. Ингэснээр тухайн компани иргэдэд танилцуулгаа хийх эрхээ авлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдтэй гэрээ хийнэ. Танай байрыг тэгнэ, ийм болгон гэх мэтээр. Тэгэхээр эцсийн шийдвэрийг өмчлөгч иргэд гаргана. Тиймээс Үнэлгээний хорооны санал болгосон компани иргэдэд таалагдахгүй ч байж болно. Харин иргэдийн олонхи татгалзаад эхэлбэл дахин сонгон шалгаруулалт явуулна.

Өөрөөр хэлбэл, барилга барьж өгөх чадамжтай компани эсэхийг Үнэлгээний хороо буюу төр иргэддээ сонгож өгөөд иргэд өөрсдөө эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм. Тиймээс ямар нэгэн байдлаар асуудал үүсвэл иргэд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Энэ бүхэн нь энэ ажил иргэн хүн хувийн компани хоёр гэрээ хийж байгаа асуудал бөгөөд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлээр зохицуулагдан явж байгаа. Мөн Барилгын тухай болон Орон сууцны тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа.

-Одоо тэгвэл Үнэлгээний хороо хэзээ хуралдах вэ. Одоогийн байдлаар хичнээн компанийн санал ирээд байгаа вэ?

-Өнгөрөгч пүрэв гаригт Үнэлгээний хороо хуралдсан. Журамд зааснаар үнэлгээний хорооны бүх гишүүд дүгнэлт дээр гарын үсэг зурах ёстой юм. Гэтэл зарим нэг гишүүд маань өвчтэй, томилолттой таарсан. Тиймээс бүх гишүүдийгээ байхад гарын үсгийг нь авъя гээд энэ сарын 21-нд Үнэлгээний хороо дахин хуралдахаар болсон. Өөрөөр хэлбэл, тэр өдөр бид үнэлгээгээ хийнэ гэсэн үг. Урьдчилсан мэдээллээр найман санал ирээд байгаа.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *