Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Гурван хувийн хүүтэй зээлд 3600-гаад аж ахуйн нэгж хамрагдаад байна

УИХын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Эдийн засгаа сэргээхээр арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч урт хугацаандаа дарамт учруулах вий гэх болгоомжлол байна. Та үүнд юу хэлэх вэ?

-10 их наяд төгрөгийг нэг өдөрт л эдийн засаг руу оруулж, мөнгөний ханшийг унагааж, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулчих юм биш л дээ. Зарим хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай хэрэгжээд явах юм. 10 их наяд төгрөгийн долоон их наяд төгрөгийн хөтөлбөрт Монголбанкнаас дэмжлэг үзүүлж байгаа. Үүний гурван их наяд төгрөг нь ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоход чиглэж байна. Энэ нь өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөр учраас цоо шинэ байдлаар эдийн засагт нөлөөлөхгүй. Ипотек бол 100 сая төгрөгөөс бага үнэтэй, 80 м.кв-аас доош хэмжээтэй байр анх удаа авч байгаа хүмүүст дэмжлэг болгон өгдөг зургаан хувийн хүүтэй зээл. Энэ хөтөлбөр хэрэгжээд явж байгаа учраас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага байна гэж бодож байна.

Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмж байгаа. Репо санхүүжилт гэдэг нь өмнө нь өндөр хүүтэй авсан зээлийг бага хүүтэй зээлээр сольж өгөхийг хэлж байгаа. Аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалж үлдэхэд энэ арга хэмжээ нь түлхэц болох учиртай. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал болоод 2021 оны эхний улиралд арилжааны банкууд руу 430-аад тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Энэ хөрөнгө Монголбанкнаас 6.5 хувийн хүүтэй гарч байгаа, арилжааны банкууд зээлдэгч нарт 10.5 хувиас дээш хүүтэй өгөх нь хориотой юм. Энэ арга хэмжээг эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад тодорхой дэмжлэг болно гэж харж байна. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд зээлэхээр болсон.

Тус зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно гэж ойлгож байгаа. Эхнээсээ өгч эхэлж байгаа талаар Сангийн сайд хэлж байсан. Хэр хүртээмжтэй байж чадаж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гэж байгаа боловч ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалахад чиглэсэн хөтөлбөр юм. Саяын шинэ журам батлагдахаас өмнө тус гурван хувийн хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд болоод уул уурхайн бус экспортод олгодог байсан. Энэ утгаараа иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд л олгох нь гэж ойлгоод байгаа. Цогц хөтөлбөрийн хүрээнд батлагдсан шинэ журмаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, уул уурхайн бус экспортоос гадна худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт гурван хувийн хүүтэй зээлийг олгохоор болсон. Тэгэхээр зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нь гэж ойлгож болохгүй. Одоогийн байдлаар тус хөтөлбөрт 3600-гаад аж ахуйн нэгж хамрагдаж 252 тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Энэ хөтөлбөрийг арилжааны банкууд өөрсдийнхөө хөрөнгөөр хэрэгжүүлж, Монголбанкны хувьд дэмжлэг л үзүүлж байгаа. Мэдээж хадгаламжаа ес, арван хувиар авч байгаа арилжааны банкууд гурван хувийн хүүтэй зээл гаргаж чадахгүй учраас тэрхүү зөрүүг нь төр өгч байгаа. Аж ахуйн нэгжид долоон хувь, иргэнд зургаан хувийн татаасыг Засгийн газраас өгч байна. Ингэж хүүн дээр нь дэмжлэг үзүүлж байгаа юм. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс зээл гаргаж байгаа учраас тэдний зүгээс иргэд, аж ахуйн нэгжид тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Заавал НӨАТ төлдөг, зээлийн түүх нь тунгалаг, барьцаа хөрөнгөтэй байхыг шаардаж байна. Энэ нь иргэдэд амаргүй санагдаж байгааг үгүйсгэхгүй. Жишээ нь, сүүлийн хоёр жилийн хугацаан дахь зээлийн түүх нь тунгалаг байна гэдэг хэцүү. Тиймээс энэ талыг нь анзаарч, уян хатан хандаач, 2019 оноос өмнөх зээлийн түүхийг нь илүү анзаараач ээ гэдгийг Монголбанк, Эдийн засгийн байнгын хорооноос арилжааны банкуудад хэлж байгаа. Барьцаа хөрөнгөний асуудал дээр Зээлийн батлан даалтын сан ажиллах ёстой. Тус сангийн тухайд арилжааны банкуудтайгаар төдийлөн сайн хамтарч ажиллахгүй байна уу гэж харагдаж байгаа. Үүн дээр анхаарал хандуулж ажиллах ёстой. Монголбанк, Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам гээд холбогдох газрууд нь тус сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа.

Хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй нэг гол хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл. Тус хууль батлагдсанаар гадны банкуудыг нэвтрүүлж, санхүүгийн зах зээлд түлхэц болно гэдэг. Энэ хууль ямар шатандаа явна вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадны банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах асуудлыг хуульчлах юм. Ажлын хэсэг гарч ажиллаад хоёр жил болж байна, олон ч хүмүүс ажлын хэсгийг ахалсан, багагүй маргаантай байсаар өнөөдрийг хүрч байгаа. Мэдээж болгоомжлох зүйлүүд бий. Гэхдээ гадны банкуудыг оруулж ирээд иргэдээс хадгаламж татдаггүй, 50, 100 тэрбум төгрөгөөс дээш бизнесийн зээл олгодог байхаар ч юмуу хуульчилбал боломжтой гэж хардаг. Өрсөлдөөнийг бий болгож, зээлийн хүүг буулгах л гол зорилго нь байх ёстой шүү дээ. Хууль хэзээ батлагдах вэ гэдэг нь гарч ажиллаж буй ажлын хэсгийнхний идэвх санаачилга, хурдаас л хамаарна.

Байнгын хороогоор өөр ямар хуулиуд хэлэлцэх вэ?

-Манай байнгын хороон дээр хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль бий. Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн най-руулгын төсөл, Хоршооны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Төмөр замын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон хууль хүлээгдэж байна. Гэхдээ сүүлийн үед өргөн баригдаж байгаа хуулинд нэлээд маргаан дагуулсан, олон талаас нь хараагүй түүхий орж ирж байгаа асуудал бий. Тиймээс УИХ-аас гарсан ажлын хэсгүүд дээр ачаалал өндөр байна.

Саяхан Ж.Сүхбаатар гишүүн та хоёрын дунд маргаан өрнөсөн. Түүний хувьд таныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох гэлээ гэж нэлээд уурсаж, наймаачин хулгайч гэж хэлсэн. Энэ нь хэр зөв үйлдэл юм бэ. Ер нь тэнд яг юу болов?

-УИХ дахь бүлэг бүрээс нэг хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт оруулна гэсэн юм. АН-ын бүлгээс Д.Ганбат гишүүн, МАН-аас Ж.Ганбаатар ор гэсэн. Бүлгээс л ийм шийд гаргасан. Гэтэл би ороогүй байхад чи орох гэлээ, би энэ ажлын хэсгийн ахлах ёстой гэсэн байдлаар л асуудалд хандаж, над руу дайрсан. Ж.Ганбаатар хөрөнгө мөнгөтэйгөөрөө далимдуулж шүүхэд нөлөөлөх гэлээ гэж гүтгэж байна лээ л дээ. Ийм байдлаар л намайг олон нийтэд ойлгуулах гэж хүссэн шиг байгаа юм. Намайг муучлах өө олдохгүй болохоор л наймаачин хулгайч гэж хэлж байгаа юм байлгүй. Намайг яг юу хулгайлсан гээд тэгж хэлж байгааг би ойлгоогүй. Би ямар нэгэн байдлаар улсаас тендер авч үзээгүй, улсын томоохон үйлдвэрийг хувьчлаад авчихсан юм алга. Чин шударгаараа л хөдөлмөрлөж байна. Бизнес хийж байгаа юм чинь хулгайч байж таараа гэсэн хувийнхаа сэтгэлгээгээр хандаж байгаа бол үүнийгээ засах л ёстой. Үнэхээр мундаг, шударга хуульчид юм бол хэрүүл хийх бус хэлэлцэж байгаа асуудлаа л ярих ёстой шүү дээ. Миний хувьд тэр ажлын хэсгээс нэрээ татсан, надад тийшээ ороод байх шаардлага ч байхгүй.

Ингэхэд та Ж.Сүхбаатар гишүүнийгОргил”-руугаа оруулахгүй гэж жиргэсэн юм уу, эсвэл тэр худал жиргээ байв уу?

-Дөрөвдүгээр сарын 1-нийг угтаж жиргээчид улстөрчдийн нэр, зургийг ашиглаж жиргэж, хүмүүсийг хуурдаг юм билээ. Яг ийм байдлаар нэг залуу миний өмнөөс янз бүрийн жиргээ оруулсан байна лээ л дээ. Мэдээж идэвхтэй жиргээчид түүнийг тоглоом шоглоом гэдгийг түвэггүй мэдчихдэг юм билээ. Нөгөө талдаа үнэн мэт ойлгодог хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна. Тэр бол худал жиргээ шүү, би тийм зүйл жиргээгүй. Ганц би биш, олон улстөрчдийн нэр ус, зургийг ашигласан байна лээ. Ер нь зах замбараагүй ингэж шоглоом хийх нь зохимжгүй л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *