Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Засгийн газар тариалангийн талбайн хөрс хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 21-22-нд тариалангийн бүс нутгуудад ажиллав. Тэрбээр төгсгөлд нь сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Монгол Улс энэ онд 258 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс 380 мянга гаруй га талбайд үр тариа тариалах юм. Улсын хэмжээнд тариалалтын явц 70 хувьтай байгааг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

Тэрбээр, “Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын асуудлыг ярих болсон. Хөрсөө хамгаалахгүй бол үржил шим алдагдаж, цөлжилтөд орж байна. Хөрсөө тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Шинжилгээндээ тулгуурлан бордох, тордох үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байна. Газар тариалан монголчуудыг олон жил тэжээх чухал салбар. Тиймээс үр хойчдоо бүрэн бүтэн үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудалд гол анхаарлаа хандуулах ёстой. Энэ чиглэлд ч Засгийн газар анхаарлаа хандуулах болно” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.


-Газар тариалангийн салбарт боловсон хүчин дутагдаж байгаа талаар тариаланчид хэлсэн. Энэ чиглэлд Засгийн газар ямар ажил хийх вэ?

-Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-үүд тогооч, үсчин, нарийн боовчин бэлтгэж байна. Тиймээс МСҮТ-үүдийг газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхийг цаг үе шаардаж буйн илрэл. Хоёрдугаарт, залуусын хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх нь чухал. Энэ салбарт ажилласнаар тухайн хүнд ямар ашигтай вэ гэдэгт тулгуурлан залуусын сонирхол нэмэгдэнэ. Тиймээс Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргасан. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт Атрын III аяныг үргэлжлүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр тариаланчидтай уулзахад Атрын III аяны хүрээнд тодорхой дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.

-Дотоодын төмсний хэрэгцээг 100 хувь хангадаг болсон. Үүнтэй холбогдуулан импортоор орж ирж байгаа төмсөнд тодорхой хяналт тавих уу?

-Импортын бүтээгдэхүүнийг 100 хувь хориглох боломж байхгүй. Тиймээс импортын бараатай өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Үүний тулд тариаланчдын өртөг, зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар ОХУ, Украин зэрэг улсаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж оруулж ирэхээр ярьж байгаа. Тоног төхөөрөмжтэй болоод өөрийн ажлаа хөнгөлсөн тариаланч аль болох илүү талбайд ногоо тариалах боломж бүрдэх юм. Тэгэхгүйгээр бага талбайд тариалалт хийж байгаа хүмүүс бол ногоогоо аль болох өндөр үнээр борлуулах сонирхолтой байх нь тодорхой.

-Үрийн асуудалд хэрхэн анхаарах вэ. Нэг үрийг 5 жилээс дээш ашиглахаар ашиг шим нь мууддаг гэсэн асуудал яригдаж байна?

-Улаанбуудайн найдвартай үрээр тариаланчдаа хангахын тулд үрийн аж ахуйг байгуулах талаар ярилцаж байгаа. Үрийн аж ахуй байгуулах боломж бий. Хүнсний ногооны үрийн хувьд заавал эрдэм шинжилгээний газруудтай хамтарч хийх хэрэгтэй. Зөвхөн нэг аж ахуйн нэгж байгууллагад даатгаад орхиж болохгүй. Тариаланчидтай уулзахад “Урд нь өөр үр тарьдаг байсан. Энэ жил шинэ үрээр тарьсан. Ашиг шим сайн байна” гэх зэргээр ярьж байна. Шинэ үр турших ажлыг тариаланчид л хийж байна. Тиймээс шинжлэх ухааны байгууллагууд аль үр нь өгөөж өндөртэй, тэсвэртэй байна вэ гэдгийг тодорхойлдог байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *