Төсвийн байнгын хороо хуралдаж, 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-АМНАТ-ийг ҮХЦ хүчингүй болгосноор 1.3 их наяд төгрөг дутна гэж мэдэгдсэн. Энэ ямар зарцуулалтай байсан бэ? Асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажил том дүнгээрээ байгаа. Засгийн газрын гишүүд бүгдээрээ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд байгаа. Хуваарилалт дээр өөрсдийнхдөө тавиад явах вий дээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Ашигт малтмалын тухай зарим хуулийн заалтыг ҮХЦ хүчингүй болгосон. АМНАТ-өөс 2020 оны төсвөөс 1.294 тэрбум төгрөг олохоор тооцсон. Үүнээс 50 хувь нь “Ирээдүйн өв сан”-д, 50 хувь нь улсын болон орон нутгийн төсөвт орохоор тооцсон байна лээ. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, хуулийг эхэлж батлахаар ажиллаж байна.
Сайд нарын багц дээрх их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг өнгөрсөн оноос нэмэгдүүлсэн байна лээ. Тухайлбал, БСШУС-ийн сайдынх 32 тэрбум, ЭМ-ийн сайдынх 24 тэрбум төгрөг гээд. Үүнийг гарах тогтоолын төсөл дээр тодотгоно.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Энэ жилийн төсөв дотор бэлчээрийн хортон шавьжтай тэмцэхэд зориулж 5 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад ахиц болсон. Өмнө нь нэг тэрбум төгрөг тусгаад, 600-800 мянган га-д устгал хийдэг байсан. Эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 3/1-д буюу 38.4 сая га талбайд үлийн цагаан оготоны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрсэн, энэ нь бэлчээрийн даацанд сөрөг нөлөөтэй гэж гарсан. Бид ирэх онд 2-3 сая га-д л устгал хийж чадна. Цаашид бид энэ асуудлаар онцгой анхаарч байна. Үлийн цагаан оготоны тархалт гамшгийн хэмжээнд хүрсэн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-ҮХЦ-ийн дүгнэлтийг аваад Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаад явж байгаа. Шийдэл олоод хуулийн төсөл боловсруулж танилцуулна гэсэн.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Одоо хүртэл шийдэл, гарцаа олоогүй байгаа бол удаан байна. Төсөв батлах хуулийн заалттай. Хуулийн хугацаанд батлагдана. Гэтэл төсвийн гол орлогыг бүрдүүлдэг гол татвараар хуулийн асуудал үүссэн байдаг. Төсөв бол эдийн засгийн зохицуулалтын гол хэрэгсэл. Манайх шиг жижиг эдийн засагтай орон төсвийн зохицуулалтыг хийгээд яваад байх боломжтой. Төсвийн хөрөнгөөр ажил хийсэн байгууллагууд мөнгөө авч чадахгүй, алдагдал үүсч, дансаа хаалгасан байсан. Төр өөрийн үйл ажиллагаатай хамааралтай хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагаа хохироогоод байж болохгүй. Төсөв зөв явж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа бүрдэнэ.
Улаанбаатар-Мандал чиглэлийн автозамын ажлаас бараг 6 тэрбум төгрөг хасахаар болжээ. Ямар үндэслэлээр ингэж бууруулж байна вэ? Арьс ширээ экспортод гаргаснаар мөнгө орж ирнэ. Бид өөрсдөө боловсруулж чадахгүй байж заавал боловсруул гэдэг шаардлага тавиад, үүнээс үүдээд арьс ширний үнэ уналаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Бид төсвийн хуулиар орлого нэмээд зарлага нэмж болохгүй. Зарлага мэдээж өндөр байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх санал мөн их байгаа. Тийм учраас нийт дүнгээр 300 тэрбум төгрөгийн зарлагыг бууруулж, тэр хэмжээний зардлыг нэмсэн байгаа. Надад ирсэн мэдээллээр, Мандалын зам гүйцэтгэл муу байгаа, 2020 онд ашиглалтад оруулж чадахгүй гэж үзэж, бууруулсан. Нийтдээ 31 объект, 21 ажлаас бууруулсан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газар төсвөө өргөн барьсан. УИХ-аас гарсан ажлын хэсэг дээр хассан байна лээ. Гүйцэтгэл удаан байгаа объектийн санхүүжилтийг хасч, хурдтай явж байгаа объект рүү шилжүүлдэг. Бид эхэлсэн ажлаа дуусгах зарчим барьж орж ирсэн.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Ахмадуудын тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах вэ? Төр хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа онцгой салбаруудыг үнэлж, тооцдог. Зорилтот бүлэг дээрээ бодлогоо анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Бид сонгуулийн тогтолцоотой холбоотой тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн сайн талтай. Улсын хэмжээнд томоохон асуудлуудаа анхаарах тал дээр сөрөг талууд гарч ирсэн.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Байнгын хорооноос 2020 оны улсын төсвийг хоёрдугаар хэлэлүүлэгт бэлтгэсэн дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар болов.