Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэсэн асуудлыг эцэслэж, байнгын хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна

Засгийн газрыг огцруулах эсэх талаар хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Дараа нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан юм. Наймдугаар сарын 30-ны өдөр тус байнгын хороогоор нэр бүхий 30 гишүүний санал болгосон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах саналыг дэмжээгүй гэлээ.

Уг танилцуулгын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэх зөвшөөрөл авсан юм.

Тэрбээр хэлэхдээ: Саяхан нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат миний биеийг огцруулах саналыг УИХ-д гаргасан байгаа. Гэхдээ энэ огцруулах хүсэлт гаргахаас өмнө нийгэмд сошиалд ард түмний дунд нэгэн мэдээлэл тархсан. Үүнийг манай гишүүд бүгдээрээ мэдэж байгаа байх. Тэр нь юу гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нэлээд их явуулсан. Миний бие бодохдоо энэ тагнасан чагнасан гэсэн мэдээлэл нь олон хүнд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн. Тэр битгий хэл ард түмний дунд ч гэсэн үнэхээр энэ Ж.Эрдэнэбат гэдэг хүн Шадар сайдыгаа тагнаж чагнасан юм байна гэсэн эргэлзээ төрсөн байгаа. Энэ асуудлыг би шийдүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд наймдугаар сарын 22-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргуулсан. Үүнийг хаалттай байдлаар хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд бас хүсэлт гаргасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж, ямар нөхцөл байдал үүссэн юм бэ гэдгийг тодорхойлж өгөөч гэж хүссэн. Би залуу хүн цаашдаа ийм нэр хүндээ унагаасан асуудалд холбогдож явах сонирхол байхгүй. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэсэн асуудлыг эцэслэж, байнгын хороод болон дэд хороогоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Энэ хүсэлтийг маань хүлээж аваач гэж УИХ-ын даргаас хүсэх байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *