Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Шаардлагатай гэвэл огцруулах асуудал тавьсан хүмүүст өөрийнхөө хийсэн ажлыг үзүүлэхэд бэлэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байлаа. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар энэ асуудал ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцүүлэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороонд гаргаад буй. Энэ хороод асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулган хуралдах юм.

Энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өглөө.


-Таныг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайд миний биеийг огцруулах асуудлыг тавьсан байгаа. Энэ асуудлын өмнө Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэх мэдээллийг хэвлэлээр нийгэмд цацсан. Үүнээс үүдэж нийгэмд эргэлзээ үүссэн. Тиймээс би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Дараа нь есдүгээр сарын нэгэнд Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж үзэж байна. Би залуу хүн. Цаашдаа олон жил улс төрд ажиллана. Ийм бохир асуудалд хутгалдаж, улс төрд явахыг хүсэхгүй байна.

-Огцруулах үндэслэлийг та хэрхэн харж байгаа вэ?

Түмний хүүхдэд Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно гэсний төлөө огцруулна гэж байгаа. Мөн өмнөх Засгийн газрын үед байгуулсан концессуудын хугацааг нь сунгаж, 50 тэрбум төгрөгөөр хямд гэрээ байгуулсныг буруу гэж үзсэн. Шаардлагатай гэвэл огцруулах асуудал тавьсан хүмүүст өөрийнхөө хийсэн ажлыг үзүүлэхэд бэлэн байна.

-Таныг огцрох өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

-Тийм зүйл байхгүй. Өргөдлөө өгөөгүй.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *