Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хөгжлийн чөдөр-хуулиудыг хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон

Хууль сахиулахын их сургуульд болж байгаа Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Чуулганы төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амгаланг эрж мэндчилье.

Хуулийн салбарын эрдэмтэд анх удаа чуулж, Монгол Улсад шударга ёс, хуулийн засаглал тогтооход болон салбартаа тулгамдаж буй зарим чухал асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд талархаж байна.

Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх, эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, амжилттай үргэлжлүүлэхэд өөрсдөө гардан оролцохоос гадна чадвартай хуульчдыг бэлтгэж сургах, нийгмийн шалгуурыг хангасан сайн хууль “төрөх”-д үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Та бүхний нөр их хөдөлмөрийг Монгол Улсын Засгийн газар үргэлжид өндрөөр үнэлэхийн ялдамд гүн талархал илэрхийлж байна.

Улсынхаа хилийг манаж байгаа цэрэг эрс энхийн манаачид бол, ард түмнийхээ эрхийн манаач нь хуульчид юм. Та бүхэн ардчилсан Монгол Улсын хөгжилд хийсэн ажилтай, цаашид илүү ихийг хийх үүрэгтэй, ард түмэндээ хүндлэгдэх гавьяатай хүмүүс ээ.

Гэвч бид өнөөдөр зөвхөн амжилт, алдар гавьяагаа тоочин дуурсгах гэж энэ танхимд цуглаагүй ээ. Хамтдаа сууж алдаа оноогоо ярьж, гарц шийдлийг шинжлэх ухааны үндэстэйгээр хамтдаа эрэлхийлэхээр цуглаад байна.

Хуулийн шинэчлэл аль ч улс орны хөгжлийн салшгүй нэг хэсэг байдаг. Сайн хуультай, шударга шүүхийн тогтолцоо үйлчилдэг улс орны нэг хүнд ногдох орлого өндөр байдаг. Харин муу хуультай, шударга бус шүүхтэй байх нь улс орны эдийн засгийн хөгжилд төдийгүй нийгмийн ёс суртахуун, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд та бүхэн бэлхнээ мэднэ.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, иргэдийн маань амьдрал амаргүй хүнд байна. Гэсэн ч хувийн хэвшлийнхний зүтгэл, хэдэн малынхаа буян, байгалийн баялаг, газрынхаа үр шимийн хүчинд ард түмэн маань өлсөж, цангалаа гэж яаран зовлон тоочихдоо тулаагүй байна. Харин нийгэм, иргэд шударга ёсоор цангаж, шударга ёсны үнэлэмж алдагдаж байгааг олон хүн ил хэлж, илт шүүмжлэх боллоо. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ч, жирийн иргэний хувьд ч тэдний талд, тэдэнтэй нэгэн адил бодолтой байна. Эдийн засгийн хямрал нь бодлогын алдаанаас гадна хуулийн сул үйлчлэл, шударга ёс алдагдсанаас үүдэлтэй байдаг. Төр, засгийн бодлогын алдаа, алдагдсан шударга ёс хоёрын нийлбэр нь улс орны хөгжлийг төдийгүй, айл гэр, хүн бүрийн сайхан амьдралд садаа болж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлдгийн бодит жишээг бид улсаараа мэдэрч, биеэрээ туулж, нүдээрээ харсан.

Эдийн засагт бодлогын алдаа гаргасан эрх баригчдыг сонгуулиар сольж, хариуцлага тооцож болно. Харин эдийн засгаа өсгөх, бий болсон эдийн засгийн өсөлтийг хадгалах хамгийн найдвартай инкубатор нь эрхзүйн орчны сайн хамгаалалт юм. Зөв бодлогын үр дүнгээр бий болгосон эдийн засгийн өсөлтийг хамгаалах эрхзүйн сайн орчныг бүрдүүлэхэд эрдэмтэн та бүхэн туршлага, мэдлэг, мэргэжил хамгийн үнэ цэнэтэй.

Энэ үгийн далимд Та бүхнээс би нэгэн зүйлийг онцгойлон хүсмээр байна. Монгол Улс дэлхийн эдийн засгийн давалгаанд нэгэнт орсон учраас дэлхийн хэмжээнд тоглодог, дүрэм журмыг нь сайтар судалж мэдсэн, бидний нэрлэдгээр эдийн засгийн том гэрээнүүд дээр ажиллах, хөрөнгийн зах зээлийн хэрэг, маргааныг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чадвартай хуульчдыг бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд нэн яаралтай анхаарах шаардлагатай байна. Ийм төрлийн хэрэг, маргаан гарсан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын шүүх, арбитрт хандахаас илүүтэй олон улсын шүүх, арбитрт хандаж дүгнэлт гаргуулж байна. Тэд манай улсын шүүх, арбитрт итгэхгүй байна уу, эсвэл манайхыг хөрөнгийн зах зээлийн маргаан, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн хуульчидгүй гэж үзэж байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгох, бодитой дүгнэлт хийх хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрт хэд хэдэн удаа дуудагдсан. Тэнд ялж улсынхаа нэр хүндийг өмгөөлж чадсан удаа байхад, ялагдаад өндөр торгууль хүлээж, давхар өмгөөллийн хөлсөөрөө “шатсан” тохиолдол ч бий. Манай Засгийн газар Хэрэг эрхлэх газрынхаа бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллуулж байна. Энэ зөвлөл аливаа хэрэг, маргааныг олон улсын маргаан болгочихгүй, олон улсын арбитр руу явуулахгүйгээр наана нь Монгол Улсын хуулийн хүрээнд асуудлыг шийдэж зохицуулах үүрэгтэй. Цаашдаа Монгол Улс одоогийнх шиг хөрөнгө оруулагчдын нэхэмжлэхээр арбирт дуудагддаг бус, харин гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газар, Монголын хувийн хэвшлийн нэхэмжлэлээр Монголын арбитрт дуудагдахаас айдаг, болгоомжилдог эрхзүйн орчинтой болоход энэ талын мэргэшсэн, бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчин маш их хэрэгтэй байна. Иймд манай Засгийн газар хөрөнгийн зах зээлийн маргаан, олон улсын гэрээ, эрхзүйгээр дагнан мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, мэргэшүүлэхэд бүх талаар дэмжиж туслахад бэлэн байгааг хэлье. Энэ бол аль нэгэн улс төрийн намын юм уу, зөвхөн хуулийн салбарын бус, нийт Монгол Улсын эрх ашгийн төлөө юм.

Ер нь өнөөгийн нийгмийн хувьсан өөрчлөлтөөс гадна эдийн засаг, санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг асар өргөн салбарт оновчтой зохицуулалттай хуулиуд хэрэгтэй байна. Хэрвээ байгаа хуулиуд нь хоцрогдвол нийгмийн хөгжлөө чөдөрлөдөг. Бидэнд одоо байгаа ийм чөдөр-хуулиудыг цаг үетэйгээ нийцсэн, ирээдүйг давхар харж зохицуулсан хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон гэж үзэж байна. Энэ бол нийгмийн хэрэгцээ, бас шаардлага. Мэдлэг чадвар, туршлага шаардсан энэ их ажлыг та бүхэнгүйгээр нугалж, ард нь гарч чадахгүй.

Дэлхийд өнөөдөр хүний зүрхэнд мэс хүргэх онцгой эрхтэй ганц л мэргэжил байдаг. Тэр нь зүрхий мэс засалчид. Үүнтэй нэгэн адилаар хуульчид бол хар, цагааныг дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяаг, тэр байтугай эрх, эрх чөлөөтэй явах үгүйг Монгол Улсын нэрийн өмнөөс шийддэг, шийдэхэд оролцдог онцгой эрхтэй хүмүүс. Ийм хариуцлага, хангамж өндөр, хараат бус байдал баталгаатай байх нь гарцаагүй. Үүний хариуд хуульчид ганцхан хууль, ялангуяа Үндсэн хуулиас хараат ажиллах тангарагтаа үнэнч явах ёстой. Хуульчид хуулиасаа хараат, бусдаас нь хараат бусаар ажиллаж чадах нь нийгэмд шударга ёс тогтохын хамгийн гол шалгуур болно.

Иргэнийг хамгаалж, эрх мэдэлтнийг хязгаарлаж байхын учир хууль оршдог гэдэг. УИХ-аас саяхан Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа “аливаа хэрэг, маргааныг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаггүй байхаар, хэрвээ яллах хэмжээний хангалттай нотлох баримтгүй бол иргэнийг, хохирогчийг цагаатгах зарчим баримтлах” Засгийн газрын төслийн анхны саналаар баталсан нь иргэнээ хамгаалсан шинэчлэл юм.

Хууль ингэж иргэнийг хамгаалахаас гадна бурууд хатуу, зөвд энэрэнгүй байх учиртай. Гэтэл амьдрал дээр хуулийн заалтын хамгийн хатууг жирийн иргэд үүрч, хамгийн сул, хөнгөн заалтаар нь эрх мэдэлтэн, албан тушаалтнууд сугарч байна гэх шүүмжлэл бий. Бас “хуулийн цоорхой” гэх ойлголт бараг албан ёсны, хууль болгонд байх ёстой мэт нийгэмд хэвшлээ. Харамсалтай нь тэрхүү цоорхойгоор бас л албан тушаалтай, эрх мэдэлтэй, эд мөнгөтэй, танил талтай нь гоожиж, хэргээсээ сугарч үлдэж байгааг иргэд шүүмжилдэг. Эдгээр шүүмж оргүй биш учраас л олон түмэн ярьж, тэвчээрийнх нь хүлээс алдарч байгаа хэрэг. Хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим энд хаана байгааг асуумаар байна. Хуулийг амьдралд хэрэглэж, хэрэг маргааныг шийддэг хуульчид-та бүхнээс ард түмэн ингэж асуух эрхтэй.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, нийгмийг хөгжүүлэхэд хамгийн их үүрэгтэй, үлгэрлэх ёстой хүмүүс нь хуульчид юм. Алдарт Цицерон “Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй шүүгч” гэж хуульчид та бүхний нийгэмд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг давхар тодорхойлжээ. Гэвч нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулж барахгүй, боломжгүй. Нийгэмд шударга ёсыг тогтооход сайн хуулиас гадна хувь хүний ёс суртахуун бас их чухал. Шударга хүний ёс суртахуун нь ямар ч хуулийг бүрнээ орлодог гэдэг. Хуулийг орлох хэмжээний ёс суртахууныг хувь хүнд төлөвшүүлэх, нийгэмд хэвшүүлэхэд дахиад л хуульчид та бүхний шударга ажиллах нь зарчим нь үлгэрлэл болно гэдгийг байнга санах хэрэгтэй.

Нийгмийн амьдралыг аливаа нэгэн тэмцээн, уралдаантай зүйрлэхэд тэнд шүүгчгүй, зохицуулагчгүй бол тэр тэмцээн, уралдаан утгаа алдана. Нийгмийн амьдрал хуулийн зохицуулалтгүй, хуульчидгүй бол хүмүүсийн эмх замбараагүй бөөгнөрөл л болно. Нийгмийн зохицуулдаг, чиглүүлдэг ийм л чухал мэргэжил бол хуульчид, тэднийг сургаж бэлтгэдэг нь эрдэмтэд та бүхэн юм. Та бүхний оюуны цаглашгүй их ундарга бол Монгол төрийг мандан бадраах үндсэн түлхүүр бөгөөд та бүхний эхлүүлсэн оюуны голомтыг цаашид үргэлжлүүлэн сахих мянга мянган шилдэг хуульч төрөн гарч, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ эрүүл энх, эв нэгдэл, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *