Categories
мэдээ нийгэм

Ж.Энхсайхан: Умард Солонгос их гүрнүүд шиг нөлөөгөө бусдад тогтооё гэсэн бодолгүй байх

Саяхан “Зүүн хойд Азийн тайван хөгжил ба Солонгосын нэгдэл” сэдэвт Улаанбаатарын олон улсын дугуй ширээний уулзалт болсон. Энэ уулзалтыг “Цэнхэр Сүлд” ТББ, Дэлхийн энх тайвны сан, Нэгдсэн Солонгосын төлөөх Өмнөд Солонгосын 850 гаруй ТББ-уудыг төлөөлсөн холбоо, Солонгосын нэгдлийн төлөөх Монголын форум хамтран зохион байгуулсан юм. Хуралд Өмнөд Солонгос, Монгол, АНУ, Хятад, ОХУ, Англи, Индонез гээд долоон орноос 30 орчим төлөөлөгчид оролцжээ. Энэ талаар уулзалтыг зохион байгуулагчдын нэг олон улсын хуульч, Цэнхэр Сүлд ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Энхсайханаас тодрууллаа.


– Хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Зүүн хойд Ази (ЗХА)-д итгэлцлийг бэхжүүлэх үйл явцыг урагшлуулахад Монголын гүйцэтгэж болох үүрэг, ЗХА-ийн тайван хөгжилд хоёр Солонгосын тус тусын болон нэгэнт нэгдсэний дараа нэгдсэн Солонгосын улс төрийн жин, гео-эдийн засгийн орон зай, мөн ЗХА-ийн тайван хөгжлийн зорилтыг урагшлуулахад цаашид авах практик арга хэмжээ гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн. Хурлыг Улаанбаатарт хийлгэсний зорилго нь ЗХА-д Монгол Улс, ер нь монголчууд ямар оролцоотой байж болох талаар хурлын үеэр болон түүний өмнө хийсэн “зангиагүй” уулзалтын үеэр тодорхой ярилцсан. Эдгээр асуудлыг анх удаагаа зангиагүй уулзалт хэлбэрээр Хаан Жимстэд очиж хийсэн нь хурлын чиглэл, үр дүнд эергээр нөлөөлсөн гэж бодож байна. Хурлын үеэр дээрх гурван чиглэлээр илтгэлүүд тавигдсан, оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулж асуулт тавьж, санаа бодлоо илэн далангүй илэрхийлж байсан нь хурлын уур амьсгалыг ажил хэрэгч болгосон. Цаг хугацааны хувьд энэ уулзалт нь ЗХА-ийн цаашдын улс төрийн байдал, хөгжилд дорвитой нөлөө үзүүлж болох Умард Солонгос, АНУ-ын өндөр, дээд хэмжээний уулзалтын өмнө хийгдсэнээрээ онцлог байв. Өөрөөр хэлбэл тэдний өндөр, дээд хэмжээний уулзалтыг Монголд хийлгэх боломж, сонирхол байгаа эсэх, цаашилбал Монгол Улс ЗХА-д ямар үүрэгтэй оролцож болох талаар олон улсын хэмжээнд, нэн ялангуяа ЗХА, АНУ-д тодорхой мэдээлэл өгөх зорилготой байсан гэж хэлж болно.

-Монгол Улс жижиг улс учраас глобал хэмжээний гэж хэлж болох тийм асуудалд нөлөө үзүүлэх боломж, жин нөлөө байна уу гэж асуумаар байна.

-Ямар ч улс өөрийгөө голох учиргүй. Харин ч жижиг улс өөрийн гео-политик, гео-эдийн засгийн байршил, давуу талаа яриа хэлэлцээнд хөшүүрэг болгож ашиглаж байх хэрэгтэй байдаг. Тухайлбал, далайд гарцгүй түгжигдмэл байршлаа даяаршиж байгаа өнөө үед далайд гарах гэхээсээ илүү Европ-ЗХА-ийг холбосон хамгийн ойр дөт зам, гүүр гэж ойлгож, бусдад ч тэгж ойлгуулах хэрэгтэй юм. Асуудалд эергээр, бүтээлчээр хандвал гарц заавал олддог. ЗХА-ийн хувьд Монголын давуу тал гэвэл бүс нутгийн бүх улс оронтой, түүний дотор хоёр Солонгостой хоёулантай нь сайн хөршийн харилцаатай, нөлөө бүхий ОХУ, Хятад, АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай, Солонгосын хойгийн хувьд өөрийн явцуу санаархал гэж байхгүй, нуур тайван бол нугас тайван байна гэсэн бодлогын дагуу бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх бодлого явуулдгийг бүгд мэднэ. Тиймээс ч Монгол Улс тэр бодлогынхоо хүрээнд УБ-ын үйл явц гэгч бодлогыг бүс нутгийн хэмжээнд явуулж байгаа. Мөн түүний зэрэгцээ Цэнхэр Сүлд ТББ 2015 оноос бүсийн орнуудын ТББ-уудтай хамтран УБ-ын үйл явц гэдэг бүсийн хэмжээний бодлогыг явуулж байгаа.

-Улаанбаатарын яриа хэлэлцээ, Улаанбаатарын үйл явц хоорондоо ямар ялгаатай вэ?

-Улаанбаатарын яриа хэлэлцээний талаар манай хэвлэлд үе үе бичдэг. Түүнийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж бүс нутгийн хэмжээнд яриа хэлэлцээг хөгжүүлж дэмжих замаар бүс нутгийн улс орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засаг, экологи, дэд бүтцийн зэрэг аюулгүй байдлын “зөөлөн” гэж үздэг асуудлуудыг хэлэлцэж байх механизм юм. Жил бүр хуралддаг энэ механизм үр дүнгээ өгч эхэлж байна гэж хэлж болно. Тэгвэл УБ-ын үйл явц нь бүс нутгийн орнуудын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны механизм юм. НҮБ-ын ЕНБД Кофи Аннан олон улсын маргаан мөргөлдөөнийг гарахаас урьдчилан сэргийлэх нь тун чухал юм гэж үзэж, тэгэхэд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй байх учиртай гэж үзэж байсан. Тиймээс 2005 онд Кофи Аннаны улс төрийн дэмжлэгтэйгээр Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл ( англиар Global Partnership for the Pre­vention of Armed Conflict буюу GPPAC) гэж байгуулагдсан. 15 салбартай. Түүний ЗХА-ийн салбарын төв нь Токиод байдаг. Цэнхэр Сүлд ЗХА-ийн салбартай олон жил хамтарч ажиллаж , хэрэв хоёр Солонгосын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байвал Улаанбаатарын үйл явц гэсэн нэртэй ТББ-уудын хооронд мэдээ, мэдээлэл солилцож, улс төрийн яриа хэлэлцээ явуулж байх механизмыг байгуулж болох юм гэснийг бүс нутгийн ТББ-ууд, түүний дотор хоёр Солонгосын байгууллагууд зөвшөөрснөөр 2015 онд байгуулсан. УБ-ын үйл явц нь өөрийн тодорхой зорилго, үйл ажиллагаагаа явуулах тодорхой журамтай хамтын ажиллагааны механизм юм. Жил бүр хуралдаж бүс нутгийн тулгамдсан зарим асуудал, нэн ялангуяа Умард Солонгосын эргэн тойрны асуудлыг хэлэлцэж, санал нийлсэн тохиолдолд мэдэгдэл, зөвлөмж, шийдвэр гаргадаг. Мөн зарим тохиолдолд хуралдаагүй үед ч чухал гэж үзсэн асуудлаар өөр хоорондоо шуурхай зөвлөлдөөд мэдэгдэл гаргадаг. Тухайлбал, есдүгээр сард Япон, Өмнөд Солонгосын худалдааны асуудлаарх маргаан даамжирч худалдааны дайн болон хувирч улс төрийн уур амьсгал, бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Мөн 2017, 2019 онд бүс нутгийн ТББ-уудын санаа бодлыг тусгасан өгүүллүүдийн эмхтгэлийг англи хэлнээ хэвлэн гаргаж түгээсэн. УБ-ын үйл явц УБ-ын яриа хэлэлцээг бүхий л хэлбэрээр дэмжиж, хурлынхаа үеэр түүний талаар тодорхой мэдээлдэг уламжлал тогтоосон. Тухайлбал Улаанбаатарын үйл явцын энэ жилийн хурлын үеэр дэд сайд, газрын дарга нарын зиндааны уулзалт болсон, Монгол Улсын Ерөнхийлөгч эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар санаачилга гаргасан тухай тус тус мэдээлсэн. Харин УБ-ын яриа хэлэлцээнийхэн УБ-ын үйл явцын талаар огт дурдаж дурсдаггүй нь ойлгомжгүй байдаг. Түүнийг гадаадын оролцогчид ажиглаад сонирхож асуухад нь бид маш ерөнхий, бөөрөнхий хариу өгдөг.

-Улаанбаатарын гэсэн тодотголтой хоёр механизмыг нэгтгэж болдоггүй юм уу ?

-Болохгүй. УБ-ын яриа хэлэлцээ нь төрийн хэмжээний механизм учраас шийдвэр гаргагчдад нэн ойрхон байдаг. Тэгвэл УБ-ын үйл явц нь бүс нутгийн ТББ-ууд, судалгааны хүрээлэнгүүдийн сайн дурын, олон улсын чанартай байгууллага юм. Төрөөс Улаанбаатарын үйл явцад ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй.

-Дугуй ширээний уулзалт ямар тодорхой үр дүнтэй болсон бэ ?

-УБ-ын үйл явц нь нэг удаа хуралдаад асуудлыг шийддэг механизм биш юм. Ер нь олон улсын асуудлыг яриа хэлэлцээний ширээний ард нэг удаа суугаад шууд шийдчихдэггүй. Тэр ч байтугай хоёр талын асуудлыг ч бараг тэгж шийддэггүй. Ойрхи Дорнодын асуудал гэхэд л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн болон Ерөнхий Ассамблейн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд бараг 70 шахам жил байгаа, уг асуудлыг жил бүр хэлэлцдэг. Асуудалд ямар ч уран аргаар хандлаа гээд газар дээрх бодит байдлаас их зүйл хамаардаг. Тиймээс ч яриа хэлэлцээнд оролцогч талууд тэрхүү байдлыг харгалзан санал тавьж өөрт ашигтай шийдвэр гаргахыг хичээдэг. ТББ-уудад тийм эрх мэдэл, боломж ч байдаггүй. Гол нь яриа хэлэлцээний уур амьсгалыг зөөлрүүлэх, бие биесээ сайтар ойлгож харилцан буулт хийхэд дөхөм үзүүлэх, засгийн газрууддаа тодорхой нөлөөлөхөд анхаардаг. УБ-ын үйл явц нь ЗХА-ийн ТББ-ууд тохирсон асуудал, сэдвээр мэдээ, мэдээлэл, санал бодлоо солилцож санал нийлсэн тохиолдолд хамтарсан мэдэгдэл гаргах буюу хамтарсан арга хэмжээ зохиодог механизм юм. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтаар ЗХА-д Монгол Улсын харьцангуй давуу талын талаар тодорхой мэдээлэхийн дээр энэ чиглэлээр Монгол Улсаас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар гадаадын оролцогсдод мэдээлэл өгсөн. Мөн ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах (ЦЗБ) асуудлыг тусгайлан ярилцсан. Энэ талаар олон төрлийн судалгаа байдаг бөгөөд Умард Солонгосын асуудлаарх одооны яриа хэлэлцээ мухардмал байдалд ороход өөр гарц буюу “Б” төлөвлөгөө байх хэрэгтэй юм. Эдгээр судалгаа нь тийм зорилготой байдаг. Цэнхэр Сүлд ч Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудалд өргөн цар хүрээгээр хандаж, ЗХА-д ЦЗБ байгуулах талаар хийсэн судалгаагаа танилцуулсан. Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр нь их гүрнүүдийн бодлого шиг нөлөөгөө бусдад тогтоох гэсэн бодолгүй, гагцхүү бусдын болзошгүй халдлага, дэглэмийг өөрчлөх гэсэн даралт шахалтаас хамгаалах, зэвсгээ гадаад бодлогынхоо зарим чухал зорилтыг хэрэгжүүлэхэд улс төрийн хөшүүрэг болгож ашиглах зорилготой тул хэдийгээр том том ярьдаг боловч тохироо нь бүрдсэн үед түүнтэйгээ зууралдахгүй болов гэж манай байгууллага үзэж байгаа. Тиймээс Умард Солонгос, АНУ-ын хооронд өндөр, дээд хэмжээний хоёр талын яриа хэлэлцээг аажимдаа олон талт болгож түүнд Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-ыг оролцуулах нь эцсийн бүлэгт бүх улсад, нэн ялангуяа хоёр Солонгост хоёуланд нь ашигтай болно гэж үзэж байгаагаа танилцуулсан. Хэдийгээр АНУ-ын өнөөгийн засаг захиргаа олон талт хамтын ажиллагааг үл ойшоож, олон улсын эрхзүйг үл тоомсорлож байгаа боловч Умард Солонгос АНУ-аас өгч болох аюулгүй байдлын улс төрийн баталгааг хөдөлшгүй баталгаа гэж үзэхгүй. Тэр нь АНУ Ливийг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулж, дараа нь төрийн эргэлт хийхэд нь нөлөөлсөн байдал, мөн Ираны асуудлаар 2015 онд байгуулагдсан олон талт хэлэлцээрээс Трампын засаг захиргаа татгалзсан байдлаас харагдаж байна. ЦЗБ-ийг олон талт гэрээгээр байгуулдаг тул олон улсын эрхзүйн үндэстэй тохиролцоо байдаг. ЗХА-д ЦЗБ байгуулна гэдэг нь Өмнөд Солонгос, Япон цөмийн зэвсэгтэй болохгүй,Умард Солонгос тодорхой нөхцөлд цөмийн зэвсгээсээ татгалзаж, мөн энэ гурван улсын нутагт аливаа өөр улс цөмийн зэвсгээ байрлуулахгүй гэсэн олон талт гэрээ байгуулна гэсэн үг юм. Олон улсын хуулиар тэдэнд цөмийн зэвсэгтэй улсууд буюу ОХУ, Хятад болон АНУ аюулгүй байдлын баталгаа гаргаж түүнийгээ соёрхон баталж мөрдөх хууль болгоно гэсэн үг юм. Умард Солонгосын хувьд Орос, Хятадын баталгаа нь нэг ёсондоо АНУ-ын баталгааг давхар баталгаажуулна гэсэн үг юм. Тэгсэн тохиолдолд Умард Солонгос АНУ-ын баталгаанд итгэх үндэстэй болно. Орос, Хятад, Японд баталгаа гаргаж өгвөл Япон цөмийн зэвсэгтэй болох үүд хаалга олон улсын эрхзүйн дагуу мөн хаагдана гэсэн үг юм.

-Тодруулбал?

-Умард Солонгост их хэмжээний олон улсын эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх явдал чухал болж байна гэж Цэнхэр Сүлд үзсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ тэргүүтэй өрнөдийн улсууд дайнд ялагдсан Герман, түүний Европ дахь холбоотнуудад их хэмжээний эдийн засгийн тусламж үзүүлж, богино хугацаанд хөл дээр нь босгож ирсэн түүхтэй. Тиймэрхүү тусламж Умард Солонгост хэрэгтэй байна. Түүнийг АНУ дангаараа үзүүлэх сонирхолгүй нь ойлгомжтой. Харин цөмийн зэвсгээсээ татгалзах тохиолдолд АНУ-аас гадна Хятад, ОХУ, Япон, Европын Холбоо тусламж үзүүлж, мөн цаашдын ашиг сонирхлоо бодож хөрөнгө оруулбал Умард Солонгос асуудалд нааштай хандана байх гэсэн дүгнэлтийг манай байгууллага хийсэн. Тиймээс дугуй ширээний нэг тодорхой үр дүн гэвэл энэ саналыг олон улсын хэмжээнд нарийвчлан судлахаар болсон явдал юм.

-Хурлын мөрөөр ямар нэгэн арга хэмжээ зохиох уу ?

-Хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид өөр өөрсдийн шугамаар холбогдох дээд байгууллагадаа тодорхой мэдээлнэ, цаашид хэрхэх талаар өөр хоорондоо болон бидэнтэй харилцана. Энэ сэдвээрх хурлыг ирэх оны хавар буюу зун Улаанбаатарт хийхээр зарчмын хувьд тохирсон. Хэлэлцэх нарийн асуудлыг тухайн үеийн байдлыг харгалзан тохирно байх. Ирэх жилийн хуралд залуучуудыг түлхүү татан оролцуулхаар тохирсон.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *