Categories
мэдээ нийгэм

Ж.Энхбат: Хотын дарга шатахууны нөөц, татан авалтаа шийдэж чадахгүй болохоороо тэгш, сондгойн захирамж гаргасан DNN.mn

Нийслэлийн АН-аас Засаг дарга Х.Нямбаатарыг автомашины дугаарын хязгаарлалтаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулах, огцрох шаардлагыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Энэ талаар нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбаттай ярилцлаа.


-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлах, огцрох шаардлага танай намаас хүргүүлсэн. Энэ асуудал юу болж байна вэ?

-Засаг дарга Х.Нямбаатарын гаргасан захирамж дээр нийслэлийн АН-аас хууль зүйн үндэслэл гаргаж, таван зүйл бүхий шаардлагыг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тус шаардлагадаа бид Үндсэн хуулиар олгогдсон хүний заяагдмал эрхүүдийг зөрчсөн. Нэгдүгээрт, зорчих эрхийг хязгаарлаж, хүнийг өмч хөрөнгөө захиран зарцуулах, эдлэх эрхийг нь хориглож болохгүй. Хүнийг албан тушаал, ажил мэргэжлээр нь ялгаварлаж болохгүй. Энэ асуудлуудыг бид нэлээн тооцоо, судалгаатайгаар шаардлагадаа оруулж өгсөн.

Засаг даргын авто машиныг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр чинь захиргааны хэм хэмжээ, мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг маш олон хуулийг зөрчсөн байна. Тиймээс энэ гаргасан шийдвэрээ нэн яаралтай цуцал. Түүнийг олон нийтэд ил тод мэдээл гэсэн шаардлага тавьсан. Бид энэ долоо хоногийн даваа гаригт шаардлагынхаа хариуг авах, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарла, олон нийтээс санал асуулга явуулсан эсэх, судалгаа хийсэн үү зэргийг тодруулахаар Засаг даргатай уулзах гэж очсон боловч гадуур ажилтай, хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ер нь нийслэлийн АН-д маш олон гомдол, санал ирж байгаа. Жишээлбэл, Улаанбаатар хотод ашгийн төлөө, бизнесийн зорилгоор хүргэлт, түгээлт хийдэг аж ахуйн нэгж, иргэн олон байдаг. Сүүлийн үед иргэд маань ч цаг, заваа хэмнээд хүргэлтийн үйлчилгээг ихээр сонгодог болсон. Гэтэл ингэж хүргэлт хийдэг 1200 гаруй компанийн 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл зогсож, ажилчид нь ажил, орлогогүй болсон тухай жолооч нар гомдлоо бидэнд өгсөн. Бид ч гэсэн тэдгээр хүмүүстэй уулзаж, тооцоо судалгаа гаргаж байж шаардлагаа хүргүүлсэн. Мөн хувиараа ачаа бараа зөөдөг ачааны машинтай хүмүүсийн орлого шууд хаагдсан. Үүнээс шалтгаалаад банк бусын зээлээ төлж чадахгүй, машинаа хураалгах эрсдэл ч үүссэн. Сарын 30 хоногийн 15 хоногт нь зорчих эрхийг нь хязгаарлачихаар аргагүй шүү дээ. Ингэж л иргэдийг хохироож байна.

-Х.Нямбаатар гэж хүн хотын дарга болохдоо “Давс мэт шорвог шийдвэр гаргана” гэсэн шүү дээ. Мөн сурагчдын хичээлийг цахим болгосон нь ч гэсэн хүний эрхийн зөрчил гэж үзэх хэсэг байна. Чухам яагаад ийм шийдвэр гаргасан гэж харж байгаа вэ?

-Миний хувьд сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, машины дугаарыг хязгаарласныг шатахууны хомсдолтой холбож хардаж байгаа. Хоёр хөрштэйгөө гадаад хамтын ажиллагаа, геополитикийн асуудал гэхээсээ илүү шатахууны нөөц, татан авалтаа шийдэж чадахгүй болохоороо ийм шийдвэр гаргасан байх. Хоёрдугаарт, хотын дарга Х.Нямбаатар хуулиар далайлгаж, эрх зүйн баримт бичиг гэдэг үндэслэл, Захиргааны хууль гэсэн байдлаар ард иргэдээ айлгаж дарангуйлал тогтоож байна гэж харж байгаа. Мөн Улаанбаатар хотын маш олон асуудлаа хаанаас нь эхэлж, ямар ажил хийхээ огт мэдэхгүй байна. Хотын дарга болохоосоо өмнө сайхан, сайхан амлалт өгч, ажлыг хийгээд өгнө гэсэн. Гэтэл дарга болоод хийсэн нэг л ажил байна.

-Тэр нь юу вэ?

-Хүний эрхийг дордуулсан энэ захирамж нь л түүний ганц хийсэн ажил болчихоод байна. Өөрөөр хотын даргын хийж байгаа, хийсэн ажлыг олж харахгүй байгаа. Нийслэлийн Засаг дарга гэдэг чинь 70 гаруй төрийн өмчийн агентлагийн дарга нарыг томилдог, чөлөөлдөг, төсөв орлогыг нь баталж өгдөг. Гэтэл хот тохижилтынхоо менежмент, зохион байгуулалтыг хийлгэж чадахгүй байна. Нийтийн тээврийн газрынхаа зохион байгуулалт дээр ч ажиллаж чадсангүй. Чиг үүргийн ажлынхаа үндсэн гол зүйлийг хотын дарга ойлгохгүй байна. Телевизэд гоё, гоё ярилцлага өгч, популист мэдэгдлүүд хийж, хуулиар иргэдээ айлгах ажлыг л сайн хийлээ.

-Нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо хууль зөрчсөн гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ?

-Төлөөллийн төв байгууллага, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчиж, намын томилгоогоор ирсэн хотын дарга байхгүй юу. Нийслэлийн иргэдийн хурал гэдэг чинь өөрөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийнхаа дагуу дотроосоо хотын даргаа сонгодог. Хотын даргынхаа ажлыг үнэлж, дүгнэдэг, төсөв төлөвлөгөөг нь баталж өгдөг институцийг нь үгүй хийгээд улс төрийн томилгоо явуулсан. Ингээд хотод бодлогын ажил хийгдэхгүй. Зөвхөн намын ажил хийх, намын даргын лого, самбар болсон хотын дарга болчихлоо. Бид өмнөх хотын дарга нарыг харьцуулаад харах ёстой. Өнгөрсөн 2012- 2016 оны хооронд хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан. Энэ үедээ улс төрийн маш олон шийдвэр гаргаж, Засгийн газартайгаа хамтран шийдлийн ажил олныг хийсэн. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд “Гудамж төсөл”-ийг хийж, 33 уулзвар, 47 туслах зам, төмөр замын зургаан нүхэн гарц, Налайхын зам гээд олон чухал бүтээн байгуулалт хийсэн. Мөн хотод хийх гэж байгаа ажлаа сарын өмнө иргэддээ танилцуулаад санал, хүсэлтийг нь авдаг байсан. Одоо болохоор иргэдээсээ санал авдаг биш иргэдээ боодог, айлгадаг, зорчих эрхийг нь хязгаарладаг болчихсон. Саяхан гаргасан шийдвэрийг нь биелүүлэх боломжгүй гэж телевизэд ярилцлага өгсөн жолоочийг хайж олоод 250 мянган төгрөгөөр торгож, гурван сараар эрхийг нь хасна гэж сүрдүүлсэн хэрэг гарлаа. Ингэж хуулиар далайлгаж иргэдээ дарамталдаг, дарангуйлагч хотын дарга байж болохгүй. Энэ үүднээсээ бид хотын даргыг гаргасан хууль бус шийдвэрээ нэн яаралтай цуцлахыг л шаардаад байгаа юм.

-Х.Нямбаатарыг хууль зөрчиж хотын дарга болсон гэж үзэж байгаа бол өмнөх хотын дарга ч гэсэн хууль зөрчиж дарга болсон юм биш үү. Нийслэлийн иргэдийнхээ дэмжлэгийг авч нийслэлд сонгогдоогүй шүү дээ?

-Яг ийм муу жишгийг Д.Сумъяабазар тогтоосон. Түүний өмнөх хотын дарга С.Амарсайхан бол Налайх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Улмаар төлөөлөгч дотроосоо хотын даргаар томилогдсон. Харин хуулийг гууль болгосон үйлдэл нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нараас эхлэлтэй.

-Түлш, шатахууны хомсдолоос болоод хогоо хүртэл ачиж чадахгүй байдалтай байна гэсэн шүүмжлэл байна. Хотын нөхцөл байдал ямар байна вэ?

-Хотод болж, бүтэж байгаа зүйл өнөөдөр нэг ч алга. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг овоо ажил хийх болов уу гэж харж байсан чинь нэг дүүргийнхээ хот тохижилтын даргаасаа илүү гарч, ажил хийж чадахгүй байна. Хотын дарга маань дүүргийн хот тохижилтын дарга хийх ч чадамжгүй юм байна. Замын халтиргаа гулгааг хар. Сүхбаатарын талбай тойрсон газрынхаа л цасыг цэвэрлэдэг. Алслагдсан дүүрэг, гэр хорооллыг бүр зөнд нь орхисон. Эрх баригчид “Хоггүй Улаанбаатар” гэсэн уриа гаргаж байсан. Гэтэл өнөөдөр нийслэл маань хогондоо дарагдчихлаа. Хот тохижилтын ажлууд нь шатахуун, түлшгүй гээд зогссон. Хотын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрлээ. Өмнөх дарга нар нь ядаад шахмал түлшнийхээ үйлдвэрт очиж танилцдаг байсан бол өнөөдөр тийм зүйл байхгүй. Хотын даргын ганц ярьдаг зүйл нь “Битгий намайг доромжил”, “Миний нүүрэнд битгий баас наагаад бай” гэдэг болсон. Иргэд үгээ хэлж чадахгүй, хэлсэн нэгнийг нь цагдаа, шүүхээр айлгадаг болчихлоо.

-Х.Нямбаатар хотын дарга болоод нийслэлийн агаарын бохирдлыг нийслэл өөрөө хариуцна гэсэн учраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан. Тэгээд одоо нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах тал дээр ямар ажил хийж байгаа юм бэ?

-Хотын дарга өөр дээрээ бүх эрх мэдэл, төсвөө авсан. Ийм байж ажлаа хийх ёстой шүү дээ. Гэтэл агаарын бохирдол ярихаар “Би яаж мэддэг юм бэ” гэсэн хариулт өгдөг. Өнгөрсөн сонгуулиар нийслэлд МАН ялалт байгуулахдаа утааг бүрэн яллаа, миний уушги худлаа хэлэхгүй гэсэн пиар хийж байсан. Гэвч өнөөдөр утаа буурсангүй.

-Нийслэлийн зарим дарга нар нь утааг бууруулсан гээд өөрсдийгөө шагнасан байсан биз дээ?

-Агаарын бохирдлыг 80 хувь бууруулсан гэж ичихгүй худлаа яриад өөрсдийгөө өчнөөн сая төгрөгөөр шагнадаг нийслэлийн удирдлагууд бидэнд хэрэггүй. Улаанбаатар хотынхоо иргэдээс агаарын бохирдол буурсан уу гээд асуувал хэн ч тийм гэж хэлэхгүй. Иргэдээсээ санал, судалгаа авахгүй хэрнээ өөрсдийнхөө ажлыг 92.5 хувийн биелэлттэй гээд дүгнэчихсэн. Нийслэлийн хууль эрх зүйн асуудал бүрэн хангагдсан, авлигагүй Улаанбаатар хот болсон, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй хот боллоо, авто замыг түгжрэлгүй болгосон гэх мэтээр өөрсдийгөө дүгнээд л сууж байна. Улаанбаатар хотыг “Аз жаргалтай хот” болсон гэж яриад байгаа юм. Би эдгээр дүгнэлтүүдэд нь огтхон ч итгэхгүй байгаа. Бид өнөөдөр аз жаргалгүй, бухимдалтай, түгжрэлтэй, агаарын бохирдолтой хотод амьдарч байна. Дарга нар болохоор амьдрал сайхан байна гээд байдаг. Үнэндээ улны буюу бядгүй иргэд нь туйлдаж амьдарч байна. Тиймээс иргэн хүний, улс төрийн намын дэд даргын хувьд энэ бол увайгүй, бусармаг зүйл гэж хэлмээр байна.

-Нийслэлийн Засаг дарга шаардлагын тань хариуг өгөхгүй, огцрохгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Бид 2-3 ажлыг зоригтой хийнэ. Нэгдүгээрт, гаргасан шийдвэр, томилогдсон байдлыг нь хуулийн үндэслэлтэйгээр Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа. Шүүхийн хариу юу гэж гарахыг хүлээнэ. Харин хариу ирэхгүй бол бид дээд шатны даргад нь гомдол гаргана.

-Тухайлбал хэнд?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг цуцал, Х.Нямбаатартай хариуцлага тооц гэдэг улс төрийн болон бодлогын акцууд хийнэ. МАН-ын дарга ингэж чадахгүй бол иргэддээ уриалж байгаад нийгмийг хамарсан жагсаал, хөдөлгөөн өрнүүлнэ. Тэгж байж нийслэлийн иргэдийнхээ нийтийн эрх ашгийн төлөө ажиллана. Сөрөг хүчин гэхээрээ бүх зүйлийг шүүмжилдэг, ажлыг нь гацаадаг юм биш шүү дээ. Болж бүтэж байгааг нь дэмжинэ. Харин хууль бус зүйлтэй, иргэдээ боомилсон шийдвэрийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдтэйгээ хамтарч тэмцэнэ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *