Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Энхбат: Гадаад харилцааны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурахын оронд хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй

Монгол Улсын иргэн Ж.Энхбат ГХЯны бүртгэлтэй автомашиныг зориулалтын бусаар ашигласан хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлээд байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


Энэ оны гуравдугаар сарын 4-нд 0240 УНҮ дугаартай албаны автомашинаарАМУРзочид буудалд хүргүүлж, архидан согтуурхаж байгаа иргэдийн бичлэг цахим орчинд цацагдсан. Та энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлсэн шүү дээ?

-Би цахим хуудаснаас шөнийн цагаар төрийн үйлчилгээний автомашинаар, хамаарал бүхий тээврийн хэрэгслээр охид бүсгүйчүүдэд үйлчилж байна гэх бичлэг үзсэн. Ингээд энэ асуудлын талаар судалж, тухайн тээврийн хэрэгсэл ямар байгууллагын нэр дээр хэн гэдэг хүний эзэмшилд байдгийг хайхад ГХЯны харьяа Дипломат консулын газар бүртгэлтэй 0240 УНҮ улсын дугаартай автомашиныг ГХЯны дэд сайд унаж, ашигладаг нь баримтаар тодорхой болсон. Тус үйлдэл нь УОКоос тогтоосон шөнийн 23 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоочихсон байх үед гарсан нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Энэ үед төрийн болон хувийн байгууллагын үйлчилгээний найман байгууллагын тээврийн хэрэгсэл шөнийн цагаар хөдөлөөнд оролцох боломжтой байсан. Гэтэл ГХЯ-ны дэд сайд гадны дарга нартайгаа 23 тооны охид эмэгтэйчүүдтэй согтуурхаж, баар цэнгэний газар, зочид буудлуудаар явсан. Дипломат тээврийн хэрэгсэлтэй зочид буудал руу согтуу хүүхнүүдийг тээвэрлэж, олон цагаар зочид буудлын гадаа хүлээж байгаад дарга нараа аваад явсан. Тэд хөл хорио зөрчин ийнхүү дураараа аашилж байхад замын цагдаа нар тэдэнд ёсолж өнгөрүүлэн хөдөлгөөнд оролцуулж байгаад Монгол Улсын жирийн иргэний хувьд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тээврийн цагдаагийн албаныхан тухайн тээврийн хэрэгслүүдийг зогсоож шалгаагүй юм уу?

-Тээврийн цагдаагийн албаныхан яагаад хөл хорио зөрчин шөнийн цагаар явж байгаа тухайн тээврийн хэрэгслийг зогсоохгүй байгаагаас гадна зорчиж яваа олон хүний бичиг баримтыг шалгахгүй өнгөрүүлж байгаа нь Монгол Улсын хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэхгүй байгаагийн хамгийн наад захын жишээ. Дарга нарт хууль үйлчилдэггүй юм байна. УОКын шийдвэр иргэдэд л үйлчилдэг юм байна. Энэ асуудалтай холбоотой хэд хэдэн бичлэг ил болоод байна. Тухайн бичлэгт гарсан тээврийн хэрэгсэл ГХЯ-ны дэд сайдыг гэрээс нь аваад ажилд нь хүргэж ирж байгаа юм. Түүнчлэн төрийн албаны автомашиныг хөл хориотой үед ийнхүү хувийн хэрэгцээндээ ашиглаж, архидан согтуурч байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Тэгвэл 0240 УНҮ дугаартай тус автомашиныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин унаж ажилдаа ирж буй бичлэг өчигдөр цахим орчид цацагдсан юм. Харин энэ асуудалд ГХЯ-наас тайлбар өгөхдөө “ГХЯ-ны Дипломат байгууллагын бүртгэлтэй машин. Элчин сайдын яамдад үйлчилдэг бизнес үйлчилгээний автомшин. Дэд сайд машин нь эвдэрсэн үед ганц хоёр удаа дуудаж унаж байсан тохиолдол байж магадгүй. Энэ асуудлыг шалгаж байна” хэмээн сайд, дарга нараа өмгөөлсөн тайлбар өгч байна.

ГХЯны зарим мэргэжилтнүүд тантай холбогдож мэдээллээ устгахыг анхааруулсан гэж байсан. Яг ямар асуудал болов?

-ГХЯ-наас над руу залгаж “Та манай байгууллагын нэр хүндэд ноцтой халдлаа. Таныг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Та өөрийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээ яаралттай устга. Залруулга бич” гэсэн. Надад нотлох баримт хангалттай байгаа учраас өөрийн цахим хуудсанд бичсэн мэдээллээ устгахгүй. Одоогоор намайг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгасан зүйл алга. Яахаараа дипломат автомашин шөнийн цагаар согтуурхсан хүүхнүүдийг зөөдөг юм бэ. Олон улсад манай улсын нэр нүүрийг илэрхийлж байдаг ГХЯны дипломатууд, консулын газрын ажилтнууд хар тамхи зөөдөг, муу муухай зүйлтэй холбогддог. Монголдоо байгаа ГХЯны ажилтнууд, сайд дарга нар нь буудал, баар цэнгээний газруудад хөлчүү хүүхэн зөөдөг жишиг тогтох нь. Тийм ээ, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ГХЯны дэд сайд, дарга нартай нэн яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна.

Иргэдийн татварын мөнгөөр шатахуун хийдэг, жолоочийг нь цалинжуулдаг, төрийн авто баазын тээврийн хэрэгслүүдээр сайд, дарга нар хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг, ах дүү нартаа үйлчилдэг асуудал байсаар байна.Тэгэхээр төрийн авто баазын тээврийн хэрэгслүүд зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд иргэд төдийлөн хяналт тавих боломж тааруу байгааг эрх мэдэлтнүүд ашиглаад байна уу?

-Юу үнэн тэр үнэн. Өнөөдөр жирийн иргэний цалин, орлогоосоо төлсөн татварын мөнгөөр дарга нар тансаглаж, бузар булай, садар самуун, архидалтыг өдөөн турхирдаг болчихоод байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 онд одоогийн Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ЗГХЭГын дарга байхдаа “Төрийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглах журам баталлаа. Төрийн өмчийн бүх тээврийн хэрэгсэл тусгай хэрэгцээт наалт наана хэмээн ярьж байсан. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйл огт алга. Дарга нь төрийн автомашинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхгүй, баар цэнгээний газар үйлчлэхгүй, хувийн хэрэгцээнд ашиглахгүй гэх мэт уран цэцэн ярьж байсан. Тэгвэл энэ дүрэм, журам хэрэгжиж байгаа зүйл хаана ч алга.

ГХЯ бол стратегийн гол яам. Өнөөдөр гадаадад суугаа монголчууд коронавирусийн халдвараас улбаалж эдийн засгийн, эрүүл мэндийн хямралд орж хэцүүхэн байгаа энэ үед ГХЯны дарга нар согтуурхан хөлчүүрхэж, зочид буудлуудаар хэрэн хэсүүчилж, баар цэнгээний газар эргүүлж, жаргалдаа ташуурч яваа нь байж боломгүй увайгүй үйлдэл.Тиймээс Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, иргэн бүр төрийн үйл ажиллагаатай холбоотой болохгүй, бүтэхгүй байгаа асуудалд нам эвсэл, улс төр гэхээсээ илүүтэй иргэн бүрийн оролцоо чухал. Бид эдгээр асуудлыг иргэдийн оролцоотойгоор цэгцлэх цаг болсон. Өнөөдөр цар тахлаас улбаалж манай улсын экспорт, импортын гол бүс ЗамынҮүд боомтын үйл ажиллагаа зогсчихсон, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй, хилийн боомт дээр 1000 гаруй автомашин дугаарлан зогсож байхад ГХЯны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурхахын оронд ЗамынҮүдэд очиж олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу уулзалтуудаа хийж, хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Үнэндээ тэдэнд зугаа цэнгэл хөөх зав огт баймааргүй юм. Ийм увайгүй үйлдэл гаргасан хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой.

Д.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *