Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн хажууд дахин томоохон хэмжээний санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас өр нэмэгдэх нь гарцаагүй


СЭЗДС-ийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Засгийн газраас “Covid-19” цар тахалтай холбоотойгоор зургаан сарын хугацаатай ААН болон компаниудын НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд хэчнээн байгууллага хамрагдахаар байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс тухайн арга хэмжээг батлагдахтай холбоотой нийт даатгуулагчдын 75 хувь нь хамрагдана гэсэн мэдээлэл байна. Энэ нь хамрах хүрээний хувьд хангалттай тоо юм. Харин НДШ-ийг төсөв, зээл тусламжаар хийж гүйцэтгэж байгаа гэх мэт байдлаар ялгаварласан нь оновчтой бус мэт. Энэ нь хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэхэд хүндрэлтэйгээс гадна тухайн байгууллагын үйл ажилллагаанд бараа бүтээгдэхүүний үнэ, тээвэрлэлт, хилийн хориг, хөдөлгөөний хязгаарлалт зэрэг нь санхүүжилтээс үл хамааран нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй байсан.

-Засгийн газраас гарч байгаа энэхүү шийдвэр нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд хэр бодитой дэмжлэг үзүүлэх бол. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа ААН-дэд энэ нь туслалцаа болж чадах уу?

-Эдгээр арга хэмжээний нийт дүн болон хэрэгжүүлэх чиглэлийн хувьд өнөөгийн хүндрэлийг саармагжуулах, эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжиж байгаагийн хувьд бодитой дэмжлэг болох боломжтой. Шууд дэмжлэг болох нь иргэд, ААН-үүдэд орлогын албан татвар, НДШ, зээлийн хугацааг хойшлуулж байгаа зэрэг ажлууд гэж үзэж байна. Харин эдийн засгийг сэргээх чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээ нь нийт хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийн хувьд өндөр боловч хэрэгжилт нь бүрэн тодорхой бус байгаа нь эргэлзээтэй байна. Нийт 3.2 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах нь эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх нөлөөллийг үр дүнтэй болгоход чухал нөлөөтэй.

-Ямар үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийг НДШ-ээс нь хөнгөлж, хамруулбал зохимжтой гэж бодож байна вэ?

-Үүний хувьд дээр дурдсан тухайн арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөө чухал л даа. Юуны өмнө бидэнд энэхүү эдийн засгийн хүндрэл өнөөг хүртэл хэрхэн нөлөөлсөн, цаашид хэрхэн нөлөөлж болзошгүй, аль салбаруудын хувьд нөлөөлөл их байгаа, аль салбарыг дэмжих нь илүү оновчтой болох талаар хийсэн судалгаа байх хэрэгтэй. Энэ тал дээр бид их дутмаг ажиллаж байна уу гэж харж байна. Учир нь өнөөг хүртэл хийсэн дэлгэрэнгүй судалгаа харагдахгүй байна. МҮХАҮТ-аас гаргасан судалгаанаас өөр яг ийм судалгаа танилцуулсан газар байхгүй. Зүй нь ийм судалгаа байж ямар салбар, ААН-үүдийг дэмжихийг тодорхойлох хэрэгтэй юм. Гэхдээ дээр дурдсан татвар, НДШ-ийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тодорхой түвшинд нөлөөлөх нь ойлгомжтой.

-Сангийн сайд төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлт хамаарахгүй гэсэн. Үүнд эмч, цагдаа болон онцгой үед ажиллаж байгаа ажилтнууд орж байгаа. Эдгээр хүмүүст хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм уу?

-Төсвөөс цалинждаг хүмүүсийн хувьд цалин орлогод нөлөөлөх сөрөг нөлөөлөл байхгүй гэдэг агуулгаар энэ шийдвэрийг гаргаж байгаа гэж ойлгосон. Энэ нь эдийн засгийн хямралын шалтгаантай арга хэмжээний хувьд зөв. Харин энэ вирусийн тархалтын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа дээрх салбаруудын хувьд өөрөөр хандах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Эдгээр салбарын хувьд дээрх арга хэмжээнд хамруулаагүй тохиолдолд илүү цаг, нэмэгдэл цалин, шагнал, урамшууллын хэлбэрээр асуудлыг шийдэх боломжтой. Ингэх нь ч зөв. Учир нь коронавирусийн эсрэг тэмцэл нэлээд удаан хугацаагаар үргэлжилж байгаа тул эдгээр хүмүүсийг урамшуулах, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хамгаалах арга хэмжээ маш чухал.

-Засгийн газраас гаргаж байгаа энэ шийдвэрүүд улсын төсөвт хэр халтай вэ?

-Юуны өмнө Засгийн газрын зүгээс санал болгож УИХ-аар батлагдсан багц арга хэмжээ нь өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ гэдгийг дурдах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс төсвийн тодотгол хийлгүйгээр “багц арга хэмжээ” нэрийн дор энэхүү эрүүл мэнд, эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж УИХ-аас дэмжиж баталж байна. Иймээс 2020 оны төсөвтэй өнгөц харахад хамааралгүй. Гэхдээ нийгмийн даатгал, орлогын албан татвар, хүүхдийн мөнгө зэрэгтэй холбоотой иргэд, ААН-ийг эдийн засгийн хүндрэлээс хамгаалах чиглэлийн арга хэмжээ нь төсөвтэй хүссэн хүсээгүй холбогдож таарна. Нөгөө талаар бусад арга хэмжээний хувьд төсвийн гадуур томоохон мөнгөн дүн бүхий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь төсөвт шууд дарамт болохгүй боловч Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний санхүүгийн дарамтыг бий болгох нь тодорхой. Төсвийн хажууд дахин томоохон хэмжээний санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжиж байгаа тул эх үүсвэрийг шийдвэрлэхтэй холбоотой өр нэмэгдэх нь гарцаагүй. Ерөнхийдөө эдгээр арга хэмжээ нь төсөв, эдийн засагт шууд болон шууд бус дарамтыг бий болгоно. Хэдий тийм боловч ийм арга хэмжээг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.

-Алдагдалтай явж ирсэн нийгмийн даатгалын санд нөлөөтэй юм биш үү?

-Санал нэг байна. Гэхдээ энэхүү вирусийн шалтгаантай эдийн засгийн хүндрэл нь эдийн засагт бүхэлд нь тодорхой хэмжээнд, зарим салбаруудад хүчтэй нөлөөлж байгаа энэ үед иргэд, ААН-ийг хамгаалахын тулд төрийн зүгээс тодорхой ачаалал үүрэх, арга хэмжээ авах нь зүйн хэрэг юм. Нэг талаараа үүний тулд нь төр байдаг гэж үзэж байна.

-Зургаан сар НДШ-ийг хөнгөлнө гэж байгаа. Гэвч энэ цар тахал жил гаруй хугацаанд үргэлжилнэ гэдэг тооцоо гараад байна. Тэгэхээр хугацаан дээрээ анхаарах шаардлагатай байх?

-Вирусийн тархалтын хувьд хэзээ зогсох нь таамаглал төдий байна. Одоо оргил үе дөхөж, бууралт эхлэх цаг ойртож байгаа гэж харж байна. Гэхдээ нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Ямартаа ч тайвшрах цаг болоогүй гэдэг нь тодорхой. Ийм үед арга хэмжээнүүдийг тодорхой үечлэлтэй, хурдтай, цаг үед нь тохирсон байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хугацааны хувьд бид тухайн хугацаанд хэрэгжүүлж, боломжтой, шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй болов уу.

-Засгийн газрын эдийн засгийг дэмжих чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд Засгийн газрын зүгээс эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхдээ цаг хугацааны хувьд хоцрогдолтой хөдөллөө гэж үзэж байгаа. Харин гуравдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барьж батлуулсан багц арга хэмжээний хувьд Монгол Улсын эдийн засгийн боломжид нийцэх хэмжээ, хамрах хүрээ, чиглэлийн хувьд харьцангуй сайн арга хэмжээ гэж үзэж байна. Юуны өмнө иргэдийн эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж байгаа Засгийн газрын бодлогыг зөв зүйл гэж бодож байна. Энэ чиглэлдээ ч цаашдаа зогсох нь зөв болов уу. Эдийн засгийн хувьд иргэдийн орлогыг хамгаалах, ААН-г дэмжих ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх гэсэн чиглэлүүдийг барьж ажиллаж байгаа нь ч зөв. Багц арга хэмжээний хувьд хамгийн чухал хэсэг болох эдийн засгийг сэргээх чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээ бүрхэг байгаа нь хөтөлбөрийн ач холбогдлыг бага харагдуулж байна. Үүнийг тодорхой болгох шаардлагатай бөгөөд, УИХ-аар төлөвлөгөөний хамт хэлэлцэх шаардлагатай байсан болов уу. Энэ тохиолдолд тухайн арга хэмжээний үр нөлөө, ач холбогдол илүү тодорхой болох байсан. Одоохондоо тойм төдий байна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *