СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдчихлээ. Ажил олгогчид 0.5 хувь, ажилтанд 0.5 хувийн татварын дарамт ирсэн нь эдийн засаг эмзэг, долларын ханш өсөлттэй энэ үед цагаа олсон шийдвэр мөн үү?
-Аж ахуй эрхлэгч, ажилтан, ажил олгогчдод нийгмийн даатгал, цалин хөлстэй холбоотой хоёр сөрөг нөлөөлөл мэдрэгдэхээр байгаа. Нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойрхон, шахуу нэмчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажил олгогч талд тус бүрд нь нэмсэн нь мэдээж дарамт болно. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сэргэж байгаа нь үнэн ч бүх салбарын нөхцөл байдал жигд сайжраагүй. Эдийн засгийн өсөлтийг ерөөсөө л уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ гэсэн хоёр, гуравхан салбар тодорхойлсон хэвээр байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь нэмсэн шийдвэр цагаа олсон алхам биш. Аж ахуйн нэгжид тодорхой хэмжээнд дарамт болно. Иргэдийн бодит орлогод зохих хэмжээгээр нөлөөлнө.
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдчихээр компаниуд ажилтнуудынхаа цалинг бүтнээр нь бодож даатгал төлөхөө болино гэсэн болгоомжлол бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл бодож, үлдсэн мөнгийг нь бэлнээр олгох эрсдэл өндөр байж мэдэх юм. Далд эдийн засгийг өөгшүүлсэн шийд болчихсон юм биш байгаа?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаа нь нийт даатгуулагчдын 15, 16 хувийг эзэлдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээс болоод тэгтлээ өсчихгүй байх. Гэхдээ хөдөлмөрийн хөлснөөс дээш түвшинд тодорхой хэмжээний тохиролцоо аж ахуйн нэгжүүдэд байдаг нь нуух зүйл биш. “500 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж, үлдсэнийг нь гар дээр дээр чинь бэлнээр олгоё” гэсэн тохироо байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид ч ийм тохироо хийх компани нэмэгдэх эрсдэл байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт энэ байдлыг өдөөх өндөр магадлалтай. Нийгмийн даатгал төлөхийн ач холбогдлыг бүрэн ухамсарлаагүй ийм үед таны саяны асуусан зүйл бодит байдал дээр биеллээ олж мэднэ.
-Уг нь авдаг цалингийнхаа хэмжээгээр нийгмийн даатгал төлөх нь ахиу зээл авахаас эхлээд иргэдэд давуу тал ихтэй. Шимтгэл нь өсчихөөр компаниуд ажилтныхаа даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхөөс гадна цалингаа өсгөхгүй хандлага руу шилжих эрсдэл ч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Байгууллагуудын цалин хөлсөө нэмэх сэдлийг бууруулах сөрөг тал бий. Мөн ажилтанд өгдөг шууд цалин, орлогуудыг нэмж, өөрчлөх хандлагуудыг бууруулах эрсдэлтэй. Ажилтнаа цалингаас бусад хэлбэрээр шагнах, урамшуулах боломжуудыг эрэлхийлэх нөхцөл байдлыг бий болгох тал байгаа.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх жил ахиад нэмнэ, ОУВС-гаас шаардсан учраас арга байхгүй гэсэн тайлбарыг эрх баригчид хэлж байна. Өөр шалтгаан байна уу?
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээд байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсандаа ч биш л дээ. Үндсэн асуудал нь өөр юм. Монгол Улсын нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцооны нөхцөл байдал сууриараа муудсантай холбоотой. Ийм шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс аргагүйд хүрсэн. Бид эв санааны нэгдлийн гэж нэрлэгдээд байгаа хуваарилалтын системийн тэтгэврийн тогтолцоогоор өнөөг хүртэл явж байна. Тэтгэврийн тогтолцоо нь шинэчлэгдээгүй учраас тэтгэврийн сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нэмэгдэж буй зүйлийг нь бид төсвөөсөө нөхөөд яваа. Энэ оны төсөвт гэхэд 600 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн зардалд зориулахаар суулгасан. Нийгмийн даатгалыг нэмээд байгаа нь компани, иргэндээ сөрөг гэдэг нь үнэн. Гэхдээ ингэж өсгөхөөс аргагүй байдал руу орчихсон. 2010 оны үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан удаатай. Гэвч 2000 оноос хойш хийх учиртай байсан тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадаагүй. Ийм шалтгаанаар тэтгэврийн даатгалын нөхцөл байдал хүндэрсэн. Одоохондоо хүндрэл нь тийм ч хүчтэй мэдрэгдээгүй. Учир нь хөдөлмөр эрхлэгчдийн тоо харьцангуй өндөр байна. Гэхдээ өмнөхөөсөө буурсаар байгаа. Өөрөөр хэлбэл нэг ажилтанд ногддог хөдөлмөр эрхлэх чадваргүй, тэтгэвэр, нийгмийн халамж авдаг хэсгийн хувь хэмжээ цаашдаа нэмэгдэх зураг гарчихсан. Байдал иймдээ тулсан учраас 2015 онд 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Тодруулж хэлбэл тэтгэврийн тогтолцоо нь буруу учраас шимтгэл нэмэхээс аргагүй нөхцөл рүү орчихож байгаа юм. Үүнээс гадна тэтгэврийн талаар хийсэн, сүүлийн үед авч хэрэгжүүлсэн бодлогын зарим алдаанаас болоод ийм байдал руу орчихсон. Нэгдүгээрт хүн амын насжилт нэмэгдэж тэтгэвэр авагсдын тоо өсөхөөр тэтгэврийн санд ирэх ачаалал ихэссэн. Хоёрдугаарт 2012, 2013 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох өршөөлийн гэмээр хуулийг хэрэгжүүлсэн нь нэрмээс болсон л доо. 1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс 70 гаруй мянган төгрөгийн шимтгэл төлөөд даатгал төлөөгүй он жилүүдээ нөхөх боломжтой болсныг та санаж байгаа байх.
-Хэчнээн иргэн энэ боломжийг эдэлсэн юм бол?
-Багцаагаар 600 гаруй мянган иргэн ийм боломж эдэлсэн. Өнгөц харахад иргэдээ анхаарсан сайн бодлого мэт боловч яг тэр хэмжээгээрээ тэтгэврийн сан дээр дарамт болсон. Уг нь ярьж төлөвлөснөөрөө 2000 оноос бодлогоо хэрэгжүүлсэн бол харьцангуй хохирол багатайгаар шилжилт хийж болох байсан. Тэгээгүй учраас хагас хуримтлал, цаашлаад бүрэн хуримтлал, хувийн тэтгэврийн тогтолцоо гээд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй хохирлын хэмжээ улам нэмэгдчихээд байна л даа. 2015, 2016 оны байдлаар тэтгэврийн хийсвэр нэрийн дансанд байгаа мөнгөний хэмжээ 13.8 орчим их наяд төгрөг байна. Энэ мөнгө байхгүй, цаасан дээр бичигдсэн тоо төдий зүйл. Үүний 70 орчим хувь нь тухайн үедээ бодсон хүү байдаг. Энэ мэтчилэн тэтгэврийн даатгалын тогтолцоотой холбоотой хүндрэлүүд байна.
-Сан нь хоосон учраас тэтгэвэр авах эсэхдээ эргэлзсэн хүмүүсийн тоо өссөөр байгаа. Хоосорсон сангийнхаа асуудлыг шийдэхээс урьтаад авах татвараа нэмээд байх нь зөв шийдэл биш байх аа?
-Санал нэг байна. Таны хэлж байгаа үнэн. Тэтгэврийн сангийн алдагдал нэмэгдэж яваагаас гадна тэтгэврийн тогтолцоон дээр янз бүрийн дарамт улам нэмэгдэж байгаа. Жишээ нь, 2040 он гэхэд тэтгэвэр авдаг иргэдийн тоо өнөөгийнхөөс 2-3 дахин нэмэгдэнэ. Яг энэ тогтолцоогоороо яваад байвал 2040 онд хэцүүднэ. Тэтгэврийн тогтолцоо 2025 он гэхэд цааш явахгүйгээр гацна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, тэтгэврийн насыг бага зэрэг цаашлуулахыг оролдож байгаа нь энэ тогтолцооны амьдрах хугацааг бага зэрэг уртасгахаас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл тэтгэврийн шинэчлэл хийж байгаа хэрэг биш. Тэгэхээр эдийн засаг өсөлттэй, хүн амын насны бүтэц харьцангуй эерэг байгаа энэ үед бид тэтгэврийн дараагийн шинэчлэлүүдээ даруйхан хийх ёстой. Гурав дахь шат, хувийн тэтгэврийн тогтолцоо гэх мэтийн зүйлсийг оруулж ирэхгүй бол Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо тав, арван жилээс илүү насгүй.
-Валютын ханшийн өсөлтөөс болж иргэдийн цалингийн үнэ цэнэ хэдэн арван хувиар буурчихсан. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд дажгүй байгаа ч нийт компаниудад хамаарахгүй гэж та түрүүн хэлсэн. Манайх шиг ийм эмзэг эдийн засагтай улсад нийгмийн даатгалын шимтгэл харин ч өндөр юм биш үү?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээ хөгжиж байгаа орны хувьд бага хэмжээ биш л дээ. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дундаж хэмжээ. Гэхдээ бид өндөр хөгжсөн улс биш. Хөгжиж байгаа улс. Өөрсөдтэйгөө адил улсын хувьд гээд харьцуулбал нийгмийн даатгалын шимтгэл өндөртэйд орно. Гэхдээ нэмэхгүй бол энэ тогтолцоо нурна. Нурах хугацаа нь улам наашилна. Өнгөрсөн 15 жилд л хүн амын насны бүтэц хамгийн эерэг явсан. Их төрөлтийн үеийнхэн хөдөлмөрлөж байсан үе учраас. Гэтэл далаад оныхон дөч гараад эхэлчихлээ. Үүнээс хойш 1980, 1990-ээд оныхон буюу бага төрөлтийн үеийнхэн ид хөдөлмөрлөөд эхлэхээр тэтгэврийн сангийн ачаалал улам нэмэгдэнэ.
-Богино хугацаанд өөр гарц байхгүй хэрэг үү. Наад зах нь төрийн данхар бүтэц хумигдаагүй, зардал нь багасаагүй. Ирэх оны төсөв гэхэд л хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, зардал нь бүр өссөн зурагтай байгаа. Илүү зардлаа танахаас эхлээд өчнөөн гарц харагдаад байх юм?
-Доллар өссөн учраас иргэдийн цалингийн үнэ цэнэ буурсан нь үнэн. Наад өнцөгтэй чинь санал нэг байна. Би жилийн өмнө яг ийм байр суурь илэрхийлж байсан. Иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх замаар бодлогын алдааг засна гэдэг буруу л даа. Валютын сантай тохироод илүү нааштай шийдэл гаргах боломж байсан уу гэвэл байсан. Төсвийн орлого төлөвлөснөөсөө давж биелээд байгаа нь үнэн бол нийгмийн даатгалын санг төсвийн мөнгөөр түр санхүүжүүлэх хувилбарыг сонгох боломжтой. Иргэд, компаниудад ирэх дарамтыг төр өөр дээрээ авах бодлогын сонголтыг ОУВС-тай тохирох боломж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх дарамтыг нэг жилээр ч болтугай хойшлуулах, эсвэл төрийн зардлаа танах тактикийн зөв маневр эрэлхийлэх шаардлага байсныг хүлээн зөвшөөрч байна. Нийт өрхийн 60 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой байгаа ийм үед валютын ханшийн өсөлт том нэрмээс. Ийм байхад нь дарамт үзүүлэх сайн шийдэл биш. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс аргагүй болгосон буруутан нь иргэд биш. Зарим татварыг нэмэхээс аргагүйд хүрсэн нь ч энгийн олноос шалтгаалаагүй. Валютын ханшийн өсөлт, шатахууны үнийн нэмэгдэл, буурахгүй байгаа ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийн үндсэн шалтгаан нь иргэд аж ахуйн нэгжүүд биш. Үнэндээ иргэд, компаниуд төрийн буруу бодлогоос болж хэлмэгдэж яваа хэсэг. Хэлмэгдэгсэд болчихсон хэсэгтээ дарамт үүрүүлэх замаар төрийн бодлогын алдааны гажуудлыг засна гэдэг зөв арга механизм биш. Хэрвээ эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдөр Монголын хөгжил огт өөр байх байсан. Тогтвортой өндөр орлоготой иргэдтэй, бизнесийн орчин нь хангалттай таатай болчихсон байсан бол валютын ханш болон нийгмийн даатгалын шимтгэлийн бага зэргийн өсөлт дээр иргэд аж ахуйн нэгжүүд ингэж эмзэг хандахгүй.
-ОУВС ингэхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол валютын сангаас доллар авч чадахгүй гэсэн тайлбар хэр ортой вэ. Үнэхээр тийм шахаа шаардлага байсан хэрэг үү?
-Төсвийн орлого нэмэгдсэн юм чинь зардлаа багасгах замаар асуудлыг шийдье гэвэл ОУВС үгүй гэхгүй. Валютын сангийн бодлогын баримт бичиг гэж 100 гаруй хуудас юм бий. Тэр дотор нэг ч хатуу заалт байхгүй. Бодлогын чиглэлүүд л бий. Яг тэрийг тэг гэсэн тулган шаардалт харьцангуй бага шүү дээ.