Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргачихлаа. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна вэ?
-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд яалт ч үгүй гарах ёстой шийдэл гэж би хувьдаа үзэж байна.
Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал маш доройтсон. Ийм үед УИХ, Засгийн газар, Монголбанкны оролцоотой хэрэгжиж байгаа 10 их наядын хөтөлбөр эдийн засгийг сэргээх, уналтаас хамгаалах арга хэрэгсэл болж яваа. Яг ийм онцлогтой цаг үед бодлогын хүүг өсгөх боломж бага л даа. Энэ хөтөлбөрийн гол тулгуур нь мөнгөний захаар дамжуулж буюу төсвөөр бус мөнгөний зах зээлийг ашиглаж санхүүгийн салбараар дамжиж эдийн засгийг дэмжих гээд байгаа юм. Энэ тохиолдолд бодлогын хүүг өсгөх боломж хязгаарлагдмал байгаа.
-Бодлогын хүүг бууруулах боломж бий эсэх дээр байр сууриа хэлээч?
-Бодлогын хүүг бууруулах боломж бага. Шалтгаан нь мөн л эдийн засаг. Эдийн засаг хүнд, тогтворгүй ийм үед бодлогын хүү зургаан хувь байгаа нь хамгийн боломжийн доод түвшин. Үүнээс цаашаа бодлогын орон зай байхгүй. Тийм учраас өнөөдрийн гаргасан шийдвэр цагаа олсон, орчиндоо тохирсон гэж харж байна.
-Инфляцын өсөлт анхаарал татаж байна л даа. Цаашид ч өсөх нь тодорхой болчихлоо. Инфляц өсөж байгаа гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?
-Сөрөг байгаа хүчин зүйлийн нэг нь инфляц мөн л дөө. Нийлүүлэлтийн шинж чанартайгаар нэлээд өсөж байгаа. Нийлүүлэлтийн талаасаа гадаад худалдааны нөхцөл байдал зэргээс хамаарч цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцын өсөлтөд ташуур өгч байна.
-Төв банк инфляцын өсөлтийг хазаарлаж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хангалтгүй ажиллаад байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанкны үндсэн зорилго бол инфляцад анхаарч, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх учиртай. Гэхдээ өнөөдрийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харвал төв банкны хамгийн том зорилго нь цар тахлын нөхцөл байдалтай хамаатай эрсдэлийг анхаарч, хяналтдаа оруулах байна л даа. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа унагахгүй байх, эдийн засгаа хурдан сэргээх асуудал илүү чухалд тавигдаж байна.
Тэр утгаараа төв банк сая эдийн засгийг хамгаалах гэсэн бодлогын сонголт хийчих шиг боллоо.
-Тяньжин дээр бараа, бүтээгдэхүүн гацчихаад байгаа нь инфляц ирэх саруудад өснө гэсэн том дохио байх, тийм үү. Та түрүүн бас инфляцын өсөлтийн шалтгааныг нийлүүлэлтээс хамаарсан гэж онцоллоо…?
-Тээврийн нөхцөл байдал маш хүнд болчихлоо. Тээврийн үнэ өснө гэдэг маш том сөрөг дохио. Тээвэрлэлт удааширна гэдэг хүнд дарамт.
Хоёрдугаарт, дотооддоо эдийн засаг маань бүрэн чөлөөтэй болчихоогүй байгаа нь Монголын хувьд аливаа юмны үнэ, эдийн засгийн өсөлтөд хязгаарлагдмал нөхцөл байдлыг бий болгочихлоо гэж хараад байна л даа. Эдийн засгийн тоонуудаас харахад гадаад худалдааны нөхцөл гайгүй байгаа мэт боловч гуравдугаар сарын сүүлээс хүндрэл сонсогдож эхэлсэн. Гэтэл тав, зургаадугаар сард ч нөхцөл дээрдсэнгүй. Импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх цаг хугацаа удааширсан хэвээр байна.
-Иргэдийн хувьд хажуугийнхаа дэлгүүр ороход л импортын барааны үнийн өсөлттэй нүүр тулах болсон.
-Тийм байдалтай нүүр тулчихлаа л даа, улсаараа. Замын-Үүдийн хилийн нэвтрүүлэх байдлыг сайжруулах гэх мэт гадаад худалдааны чиглэлд хийх зүйл өчнөөн байх шиг. Далайд гарцгүй зарим улсын тухайд Тяньжин дээр хүндрэл үүсээд байгаа. Тяньжин дахь гацааг дипломат аргаар шийдэх гэх мэт өчнөөн шийдэл хэрэгтэй байна.
Ер нь энэ бүхний уг шалтгаан биднээс эхтэй л дээ. Дотооддоо цар тахалтай маш муу тэмцэж байна. Улсын онцгой комисс үнэхээр муу ажиллаж байна. Өмнө нь дажгүй ажиллаад явсан шиг харагддаг. Сүүлийн үед яаж ажиллаад байгаа нь тодорхой биш болчихлоо.
-Юанийн ханшийг бид биш, урд хөрш зүгээс мэддэг боллоо, хамаг хөзөр нөгөө талд байна гэх мэт хардлага дуулдах юм. Юанийн ханшийн өсөлтийн гол шалтгаан нь юу бол. Юанийн своп хэлцэл дээр бодлоо хуваалцаач?
-Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь үнэн. Голлох валют болох долларын ханш тогтвортой байна. Евро, юань дээр бид жилийн дүнгээрээ тавдугаар сарын байдлаар арав гаруй хувийн өсөлттэй яваа. Өмнөд хөршөөс импортын хамааралтай аж төрдөг маань эдийн засагт, тэр дундаа инфляцад дарамт болох магадлалтай.
Урт хугацаандаа гэж харвал юанийн ханшийг тогтворжуулж, юанийн ханш дээр хяналттай байх үндсэн арга бол ерөөсөө л гадаад худалдаан дээр урт хугацааны нөхцөлийг л сайжруулахад анхаарах ёстой. Манай хувьд экспортын дийлэнх бараагаа БНХАУ руу гаргаж байгаа. Импортын 30 гаруй хувийн хамааралтай байдаг. Импорт, экспортын буюу гадаад худалдааны нөхцөлөө сайжруулах нь л юанийн ханшид урт хугацаанд эергээр нөлөөлөх боломжит гол арга байх. Харин своп хэлцлийн хувьд хоёр тэрбум ам.доллар орчмын хэлцэл байгаа болов уу.
Своп хэлцлийн тухайд валютын урсгалыг эерэг талд нь дэмжиж чадаж байгаа үйлдэл. Своп хэлцлийн хугацаа дуусах, своп хэлцлээсээ буцах цаг үед валютын ханш дээр тодорхой хэмжээнд ирэх дарамтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал үүсэж таарах байх.
-Төгрөгийн ханшийн сулрал ирэх намар хүчтэй мэдрэгдэнэ гэсэн таамгийг зарим эдийн засагч хэлж байна. 2016 оных шиг огцом сулралт ажиглагдах болов уу. Та ямар байр суурьтай байна вэ?
-Валютын ханш дээр Монголбанк бол эерэг байр суурьтай байгаа. Эдийн засгийн ийм нөхцөл байдал үргэлжилж байгаа үед валютын ханш дээр тийм том эрсдэл үүсэхгүй болов уу.
Валютын ханш дээр 2016 оныхтой зүйрлэхүйц хэмжээний том дарамт ирэх магадлал бага гэж харж байна. Хэд хэдэн шалтгаан бий. 2016 онд Монголын эдийн засаг жижигхэн байсан. Жижигхэн байсан тэр эдийн засагт ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт маш олон сувгаар хэт их мөнгөний нийлүүлэлт хийсэн юм. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт болон бусад нөхцөл байдал харьцангуй суларч эхэлж байсан л даа.
Эдийн засгийн тоонуудаас харахад гадаад худалдааны нөхцөл гайгүй байгаа мэт боловч гуравдугаар сарын сүүлээс хүндрэл сонсогдож эхэлсэн. Гэтэл тав, зургаадугаар сард ч нөхцөл дээрдсэнгүй.
Засгийн газар “Чингис” бонд гэж их мөнгө оруулж ирчихээд Монголбанканд даатгачихсан, төв банк нь сандрахдаа хэдэн зуун тэрбумаар нь арилжааны банкууд руу хадгаламж болгоод зарчихсан, ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний мөнгө гаргачихсан байсан.
Тухайн үеийн эдийн засагтайгаа харьцуулахад асар их хэмжээний мөнгийг гаргасан л даа. Гэтэл өнөөдрийн эдийн засаг өөр. Маш суларсан, мөнгөний эрэлт ихтэй эдийн засаг байгаа. Ийм үед арван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал өөр гэсэн үг. Арван их наяд гэсэн том тоо дуулдаж байгаа ч яг гарсан хэмжээ нь ипотекийн зээлтэйгээ нийлээд хоёр их наяд орчим. Таван хувиар агшчихсан яваа эдийн засагт тийм хүчтэй мөнгөний нийлүүлэлт болж чадахгүй.
Хоёрдугаарт, валютын ханш дээр байгаа эерэг хүчин зүйл гэвэл эдийн засаг үнэхээр саарсан, эдийн засаг эрчимжиж, хэвийн байдалдаа орох үе нь хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй үед валютын ханш дээр валютын эргэлтийн том дарамт ойрын хугацаанд ирэх магадлал бага. Нөгөө талдаа валютын нөөц харьцангуй боломжийн байгаа. Өөр нэг хүчин зүйл бий. Бид дараа жил “Чингис” бондыг дарах ёстой.
Бондын асуудлаа шийдэхийн тулд өрийг өрөөр дарах хувилбарыг хэрэгжүүлэх байх. Үүнээс гадна энэ жилийн төсвийн алдагдал болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад санхүүжилтийг ашиглах эрэлт Монголын төрд байгаа. Энэ мэт олон шалтгааны улмаас огцом савлагаатай ханшийн дарамт ирэхгүй болов уу.
One reply on “Ж.Дэлгэрсайхан: Цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцын өсөлтөд ташуур өгч байна”
” It’s funny,but it neither simplifies nor illustrates,ラブドール と は