Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна

Хүний эрхийн комиссын дарга асан Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг барьж хорилоо. Мөн сонгуулийн хугацаанд нэр дэвшигчдийн хэд хэдэн шүүх хурлыг хийхээр товлосон байна. Таны хувьд Хүний эрхийн байгууллагын олон жил удирдан ажиллаж байсан хүний хувьд, бас хуульчийн хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Би хуульч, иргэн хүнийхээ хувиар энэ асуудалд үнэхээр эмзэглэж уур хүрч байна. Боож үхэхэд бор шидэмс олдохгүй гэдэг нь болж байна. Юу гэсэн үг вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 461 дүгээр хорих ангид түр саатуулсан, мөн бусад нэр дэвшигчдийг шүүхэд дуудаж, барьж хорьж байгаа энэ асуудал бол хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, Монгол Улсын Үндсэн хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд Улсын Дээд шүүхийн шүүгч болон Хууль зүйн сайд нарт шаардлага хүргүүлсэн байгаа. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж, шүүгч, шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдэл болж байна гэж харж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шүүхийн байгууллага халдсан анхны тохиолдол энэ боллоо. Шүүхээс өөрийгөө хамгаалсан үндэслэлгүй тайлбар хийж байна л даа. Зарим шүүгчийн энэ хууль бус шийдвэрт Н.Номтойбаяр гээд бусдад нэр дэвшигчдийг хамрууллаа. Шүүхээс Эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин их барьцааны мөнгө нэхэж байна. Шүүх хууль бус ажиллагаагаа хамгаалж, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж мэдэгдлээ. Ээлжит сонгуулиар нэр дэвшигчид маш давчуу хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийдэг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй тэгээд яах юм бэ. Нэр дэвшигчдийг зориудаар хорлосон үйлдэл хийж байна гэж бодож байна. Ж.Эрдэнэбат болон бусад нэр дэвшигчдийг нэн даруй суллаж, уучлалт гуйх ёстой гэж бодож байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж дүгнэлт гаргах ёстой.

-Хуулийн ямар заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэх вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хэн нэг шүүгч дур мэдэн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүнийг барьж хорьж байсан тохиолдол нэг ч гарч байгаагүй. Түүхэнд байгаагүй үзэгдэл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хаа байна. УИХ дээр хэлэлцэж тогтоодог болохоос шүүх тогтоодог юм уу. Шүүх хууль хэрэглэдэг байгууллага болохоос хууль тогтоодог байгууллага биш. Хуулиараа бол эхлээд Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал тавьж, үүнийг УИХ дээр ярьж байж, дараачийн шүүхэд дуудах асуудал яригдах ёстой. Өнгөрсөн хугацаанд тэгж л ирсэн. УИХ-ын гишүүд энэ маягаар хэргээ шийдүүлж ирсэн. Бас сонгуульд нэр дэвшгичдийг барьж хорьсон асуудал ч гэсэн хуулийн хүрээнд л явах ёстой асуудал. Юуны тулд нэр дэвшигчдийн баталгаа гэж байдаг билээ дээ.

Шүүхийн байгууллага өөрөө хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хүний эрхийг хамгаалдаг эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллага. Аливаа хэрэг маргааныг зөвхөн шүүх шийднэ гээд үндсэн хуульд заасан байгаа. Гэтэл шүүх нь өөрөө хуулиа зөрчөөд байж болдог юм уу. Эрүүгийн хуульд торгуулийн ял гэж байдаг. Ж.Эрдэнэбат гишүүнд 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхсэн шийдвэр хуулиас давсан их хэмжээний мөнгө нэхсэн ноцтой зөрчил.

-Шүүгчид улстөрчдийн гар хөл болж ийм шийдвэр гаргаж байна гэж иргэд олон нийт хардаж байна…

-Шүүгчдийн нэр хүндийг гутааж байгаа асуудал шүү. Маш олон шүүгч ярьж байна лээ. Арай ч дээ. Ийм шийдвэр гаргаж байдаг. Биднийг ингэж гутаах гэж гээд өөрсдөө ярьж байна. Монголын шүүхийн байгууллагын түүхэнд хар толбо үлдээсэн хэрэг болж байна. Ийм шийдвэр гаргасан шүүгчдэд улс төрийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Хэн ч харсан тэгж л хардахаар харагдаж байна. Хэргийн цаад учрыг нарийн мэдэж байгаа юм бол алга. Ямар ч байсан хуульч, иргэн хүнийхээ хувьд энэ асуудалд их бухимдаж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд нэр дэвшигч өрсөлдөгчдөө ийм муухай арга хэрэглэж замаасаа холдуулж байвал их л харамсалтай байна. Энэ янзаараа байвал дурын нэг шүүгч УИХ-ыг тараах юм байна л даа. Ямар ч байсан эрүүл үзэгдэл биш.

-Шүүхийн Ерөнхий зөвлөл яагаад дуугарахгүй байна гэж бодож байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёсзүйн хороо онцгой анхаарах ёстой. Хүний эрхийн комисс энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан байна лээ. Хөгийн хариулт өгсөн байна. Удахгүй тодорхой мэдээллүүд ил болох байх. Үндсэн хуульд 1990 онд анх өөрчлөлт оруулахад гар бие оролцож байсан хүний хувьд үнэхээр их харамсалтай байна. Хуулийн дагуу хэрэг хийсэн бол шийтгэлээ хүлээх ёстой. Гэхдээ хуулийнхаа процедурыг алдаж болохгүй шүү дээ.

-Хүний эрхийн комисс даргагүй болоод удаж байна. Хүний эрхийн төлөө дуугардаг хүн алга. Ийм үед хүний эрхийг зөрчиж байгаа тус хэргүүд ар араасаа гарч байгаад та юу хэлэх вэ?

-Даргагүй байгаа асуудал бол миний асуудал биш. УИХ-ын шийдэх асуудал. Хүний эрхийн комиссыг хүчгүй болгож байгаад сонгуулийг өөрсдөдөө ашигтайгаар хийхийг завдаж байж магадгүй ээ гэж харж байна. Миний хувьд ажлаа өгөхийн өмнө хүний эрхийн маш ноцтой асуудлуудыг шийдэхээр хүргүүлсэн. Тэрийг хэлэлцээгүй л байна. Цаашдаа ч хэлэлцэхгүй байх. Малчдын асуудал, тэр дундаа малчин эмэгтэйчүүдийг эрхийн асуудал ямар хүнд нөхцөлд байгааг гаргаж тавилаа. Энэ яах вэ. Би хийдэг юмаа хийгээд өгсөн. Мэддэг газар нь мэдэж байгаа биз дээ. Хүний эрхийн байгууллагыг толгойлон ажиллаж байсан хүний хувьд дуугүй байж чадахгүй байна. Хамгийн чухал нь шүүхийн хууль бус үйлдлээс болж Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна.

-Хэрвээ манай улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирвэл маш ноцтой асуудал үүснэ биз дээ?

-Хэрвээ манайд хориг тавиул сүйрнэ. Хар жагсаалт, саарал жагсаалтаас том асуудал. Ер нь миний хувьд Хүний эрхийн байгууллагад ажиллаж байхдаа хүний эрхийн асуудлаас болоод манай улсад хориг ирэх вий гэдгээс их айж, энэ тал дээр анхаарч ажиллаж байсан. Өмнө нь хүний эрхийн асуудлаар хориг ирэх сигнал зөндөө л байсан. Тухайлбал, манайд өмнө нь унаач хүүхдийн асуудлаар хориг ирэх урьдчилсан сигнал ирж байсан. Манай Засгийн газар, холбогдох байгууллагууд нэлээд арга хэмжээ авч ажиллаж байж хориг тавихаас урьдчилан гарч байсан шүү дээ. Бас хүний наймааны асуудлаар АНУ-ын жагсаалтад манайх нэг л шат урагшилсан бол манайд үзүүлэх тэр янз бүрийн зүйлээ зогсоох талын юм яригдаж байсан.

Эрх баригчид энэ сонгуулийн үеэр УИХ-ын гишүүнийг барьж хорьж байгаа энэ асуудал дэлхий дахины хоригт орох магадлалтай ноцтой асуудал гэдгийг маш сайн мэдэж байгаа. Хэрвээ хориг ирлээ гэхэд тэр буруутай шүүгч албан тушаалтан их л удаж хариуцлага хүлээж ажлаа өгнө. Үр дагавар нь Монголын ард түмэн, Монголын төрд гай болох байхгүй юу. Тэр утгаар нь айж байна. Дэлхийн томоохон орнуудын бие биедээ тавьж байгаа эдийн засгийн хоригуудыг харж байгаа биз дээ. Жижиг орнууд чинь хориг тавичих вий гээд айгаад ямар ч юм хийдэггүй байхгүй юу. Улс төрийн хориг бүр ч их хор уршигтай. Тод жишээ нь Хойд солонгос улсыг харж байгаа биздээ. Эдийн засгийн хувьд, экспорт, импорт хориг тавьсан, улс төрийн хувьд, улс төрийн өндөр албан тушаалтанг аль ч улс орон хүлээж авахгүй байх зэргээр хориглодог. Дэлхий дахинд хүний эрхийн асуудалд хамгийн том байр суурьтай, хориг тавих үндэслэл болж байдаг. Миний ганц айдаг зүйл энэ л байсан.