Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Манай улсын хүний эрхийн төлөв байдал ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье. Олон улстай харьцуулахад бид ямар үзүүлэлтээр хоцрогдож явна вэ?
-НҮБ байгуулагдсаны дараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх олон улсад бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд баталсан юм. Улмаар 1950 оноос энэ өдрийг Хүний эрхийн дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Манай комисс “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт хүн бүрт” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байна. Ерөнхийд нь үзвэл Монгол Улс Ази тивдээ хүний эрх, эрх чөлөөг хангах тал дээр доогуур орохгүй. Ямар ч байсан ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон. Хүний эрхийн гурван баталгаа бий. Энэ нь улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгаа юм. Улс төрийн баталгааны хувьд манай улс төрийн систем ардчилсан. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Ямар ч хүчин Монгол Улсын Үндсэн хуулийн гадуур засгийн эрхийг авч хүний эрхийг зөрчих боломжгүй. Тиймээс улс төрийн баталгаа бүрдсэн гэсэн үг. Хууль зүйн баталгааны хувьд эрхбиш 30 шахам жил бий болгож байна. Гэхдээ хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын гэрээ хэлэлцээртэй нийцүүлэх гээд ажил бий. Бидний хувьд олон улсад гологддог зүйл нь эдийн засгийн баталгаа юм. 2015 онд НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчид оролцсон ерөнхий ассамблейн хурлын ээлжит чуулганаас Тогтвортой хөгжлийн зорилтууд гэсэн баримт бичиг баталсан.
Уг баримт бичгийг баталснаас хойш дөрвөн жил нь өнгөрчихлөө. Үүгээр юу гэж тохирсон гэвэл НҮБ байгуулагдаад 70 жил болжээ. Энэ хугацаанд дэлхийн хүн төрөлхтний хөгжил өндөр түвшинд хүрсэн байна. Гэвч хүн бүр ижил эрх эдэлж чадахгүй байна. НҮБ-ын Түгээмэл тунхаглалд заасан хүн бүр айх аюулгүй, гачигдах зовлонгүй байна гэсэн зорилтоо хэрэгжүүлж чадсангүй гэж дүгнэсэн. Шалтгаан нь дайн байлдаан, улс төрийн тогтолцоо, хөрөнгө санхүүгийн хүнд байдал зэрэг шалтагууд тоочсон. Тэгвэл одоо ингэхээ больё, 2030 он гэхэд 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг ямар ч төрийн тогтолцоотой, үймээн самуунтай байж, байгалийн гамшиг тохиолдож, эдийн засаг нь хүнд байсан ч хэрэгжүүлье гэсэн зорилт тавьсан. Тийм ч учраас дэлхийн улс орнуудад бие биенээсээ хамааралтай, нэгэндээ тусалдаг, илүү гарсанаа бусдад өгдөг систем үйлчилж байна шүү дээ.
-Ер нь эдийн засгийн баталгаа хангагдаагүйгээс болж хүний эрх олон талаар зөрчигдөж байна. энэ тухайд тодруулахгүй юу?
-Хүний эрх гэж хүн нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлж байгаа юм. Хүн ганцаардмал, хязгаарлагдмал орчинд байвал аз жаргалтай байж чаддаггүй. Тийм учраас хүнийг аль болох нийгэмд нь байлга. Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч нийгэмд нь байлга. Хүүхдийг нийгэмшүүл, битгий ялгаварлан гадуурх гэдэг. Мөн би боломж нөхцөл гэж хэллээ. Энэ боломж нөхцөлийг хүн өөрөө ч бүрдүүлнэ. Төр ч бүрдүүлэх үүрэгтэй. Манай нийгэмд ядуурал их байна. Зайлшгүй зарлага нь орлогоосоо даваад гарчихдаг. Ингээд ирэхээр нөгөө боломж алдагдаж байгаа юм. Тиймээс эдийн засгийн баталгааг бий болгоход төрөөс анхаарах ёстой. Мэдээж иргэдийн хичээл зүтгэл чухал үүрэгтэйг дээр хэлсэн. Би Кувейтэд очиж байсан. Энэ улсын хүн ард биднээс долоон дор амьдралтай байсан боловч газрын баялгаа үр өгөөжтэй ашигласнаар хөгжсөн. Боловсролын салбарт асар их хөрөнгө оруулалт хийдэг. Хүүхэд бүрт тэтгэмжийн мөнгө өгч байна. Өөрөөр хэлбэл, үр хойчоо эрүүл саруул бойжуулах, боловсрол мэдлэгтэй болгох, дэлхий ертөнцтэй холбох баталгааг байгалийн баялгийн өгөөжөөр зэрэгцүүлээд хийчихэж байгаа юм.
Тэгвэл Филлипин байна. Би бас очиж байсан. Газар нутаг нь тэр чигтээ байгалийн баялаг. Дэлхийн бүх том уул уурхайн компани орсон. Гэтэл орон нутгаар явахад иргэдийнх нь амьдрал гундуу харагдаж байсан. Улс төрийн тогтолцоонд нь асуудал байна. Тэгэхээр байгалийн баялгийг зөв зарцуулж чадвал улс орны амьдрал дээшилж хүний эрх хангагддаг. Чадахгүй бол хэчнээн баялагтай байгаад цөөн хүний идэш болоод дуусдаг. Манай улсын хувьд улсын төсөв хэд дахин нэмэгдэж бүтээн байгуулалт өрнүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эргээд өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт бага хийсэн юм болов уу гэж харагддаг. Хүмүүсийнхээ амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн баталгааг бүрдүүлэхийн тулд бид өөрсдөө бас арчаатай байх хэрэгтэй. Бидний хувьд зах зээлийн харилцаанд орох хэрэглэгч багатай, үүнийг дагаад үйлдвэрлэл явуулахад худалдан авагч цөөн гэсэн зовлон бий. Гэвч гадаад зах зээл рүү гарах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал, би АНУ-д хоёр төрлийн үнэтэй мах байхыг харсан. Нэг нь 1.9-3 ам.долларын хооронд үнэтэй байсан. Өөр дэлгүүрт кг нь 39 ам.долларын үнэтэй мах байгаа юм. Үнэтэй байгаа мах нь өвс тэжээлээр бордож тэжээсэн малынх юм билээ. Хямдхан нь тариа хийгээд таргалуулсан генийн өөрчлөлттэй хүнс байсан. Гэтэл манай малын мах тэр 39 ам.доллараас ч үнэтэй байх боломжтой санагдсан. Яагаад гэвэл 100 хувь бэлчээрийн мал аж ахуй юм. Манай эрдэмтдийн тооцоолсноор 750-1500 төрлийн витаминт ургамал иддэг гэсэн. Тэгвэл мөнгөтэй, сайн хоол идэх хүсэлтэй дэлхийн хүмүүст тусгай зориулалтаар, зохих шаардлагыг нь хангаад гаргавал өндөр ашиг олох боломжтой. Энэ мэтээр бид эдийн засгийн баталгаагаа өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай байна. Дан шүүмжлээд суугаад байж болохгүй.
Нөгөөтэйгүүр, өнөөдөр хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл манай улсад эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал хүнд байна. Анхан шатны буюу өрхийн болон сумын эмнэлэг дээрээс дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжихэд ачаалал асар их байна. Үүнтэй холбоотой маш их хэл ам гардаг. Ингэхээр нөгөө эрүүл байх боломж нөхцөл дахин тавигдаж байна. Мэдээж хувь хүнээс шалтгаалсан зүйл бий. Бид эрүүл амьдрах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх ёстой. Хүүхдээ бага балчраас нь эрүүл саруул өсгөх, том болоод эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох шаардлагатай. Ингээд өөрөөс давсан хүчин зүйл үйлчилж эмнэлэгт хандах тохиолдолд шаардлагатай эмчилгээг улс үзүүлдэг байх учиртай. Техник технологи, мэргэжил чадварын хувьд бүрэн бэлтгэгдсэн байх ёстой. Гэвч манайд ийм боломж бүрдээгүй байна. Манай эмч нарын чадвар өндөр. Харамсалтай нь багаж зэвсэг, технологи зэрэг нь хүрэлцээгүйгээс болоод хавдартай хүмүүс гадны орныг зорьж байх жишээтэй. Тэгэхээр улс эрүүл мэндийн салбарт анхаарах, нөгөө талд хувь хүн эрүүл мэндээ хамгаалах дадалд суралцах шаардлагатай.
-Манай улсад шүүхийн байгууллага аливаа хэргийг үнэн шударга шийдэж байгаа эсэхэд итгэх итгэл сул байна. Ялангуяа, 17 шүүгчтэй холбоотой хэрэг мандсанаас хойш энэ байдал улам лавширлаа. Шүүх хүний эрхийг хамгаалах чухал оролцогч. Та энэ байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголчуудын онцлог, түүнд тохирсон нийгмийн харилцааны зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг салбар, шат бүрт авч хэрэгжүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд цөөхөн. Бие биенээ танина. Социализмын үед арын хаалга гэж ярьдаг байсан. Урд хаалгаар хүмүүс ордог бол арын хаалгаар танил тал нь нэвтэрнэ. Ерөөсөө монголчуудын сэтгэлгээнд нэг асуудал болохоор үүнийг хэнээр яриулах уу, хэнтэй уулзах уу гэж боддог, хайдаг. Энэ онцлогийг мэдэж эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Тэгж чадахгүй байна. Олны үг ортой гэж үг бий. Таны хэлсэн жишээгээр батлагдаж байна шүү дээ. Үүн дээр хүн бүрийн дургүйцлийг хүргээд байгаа зүйл гэвэл жирийн иргэнийг дорхноо алх цохиод шийтгээд явчихдаг. Тодорхой өндөр албан тушаалтнуудын хэргийг байлгаад байдаг. Мөнгөтэй нь аргалаад гарчихдаг гэсэн хардлага төрүүлээд байна. Энэ бол шүүхийн ил тод байдал муу байна гэсэн үг. Шүүхийн хараат бус байдлыг сайжруулж, шүүгчид тавих шаардлагыг маш өндөр болгох хэрэгтэй. Уг нь манайх 1992 оны Үндсэн хуульд ийм байдлаар хийсэн шүү дээ. Удлаа гэхэд нэг ерөнхийлөгч найман жил л болно. Энэ хугацаанд олон шүүгч томилоод байх боломж гарахгүй. Тийм учраас шүүгч хараат бус байх боломжтой гэж л хийсэн юм. Харамсалтай нь энэ байдал алдагдсан.
-Энэ жил С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэх, мөн мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байхдаа авлига авсан Б.Баярсайханы бичлэгийг олон нийтэд үзүүлсэн нь хүний эрх талаас зөв эсэх зэрэг асуудлууд яригдсан. бүхэнд хариулт өгөхгүй юу?
-Чимгээ, Содномдаржаа нарын хувьд гэм буруутай гээд шүүхийн шийдвэр гарсан. Сүүлд Төв аймгийн цагдан хорих байранд авчраад цагдан хорьж байсан бичлэг телевизээр цацагдлаа шүү дээ. Энэ бол гарцаа байхгүй эрүү шүүлт юм. Тэр бүү хэл энэ бол харгислал. Эрүү шүүлт гэхээр манайхан есөн эрүү шүүлт мэтээр ойлгоод байдаг. Гэтэл өмгөөлөгчгүй байцаалт авах нь хүртэл эрүүл шүүлт болох боломжтой. Дан дээрх үйл явцаар яваад шийтгэсэн бол энэ хүмүүсийг суллах ёстой.
Мөн гэмт хэрэг хийсэн, тэр нь нотлогдсон тохиолдолд тухайн хүний нэрийг зарлахгүйгээр, эсвэл царайг нь халхалж бусдад сургамж болох үүднээс зарим жишээг гаргаж тавьж байх нь зүйтэй. Ер нь харж байхад ингэнэ гэж мэдээгүй, санамсаргүй гэмт хэрэг хийчихлээ гэсэн залуус байдаг. Тэдэнд сургамж болгох үүднээс бичлэг цацах нь зөв. Гэхдээ хүний эрхийг дээдлэх ёстой.
Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд гэмт хэрэгт хохирсон хүмүүсийн эрхийн асуудал байна. Энэ хүмүүс нийгэмд буцаад амьдрана шүү дээ. Ялангуяа, насанд хүрээгүй охид, хүүхдүүдийн амьдрах нөхцөлийг хаасан тохиолдлууд байна. Бид энэ талаар зөвлөмж ч гаргасан. Тийм аймгийн, сумын Д.Б гэж охиныг хүчирхийлжээ гэсэн мэдээлэл гардаг. Гэтэл цөөн хүн амтай манайд хэн болох нь тодорхой байдаг. Ингээд тэр хүмүүс орон нутагтаа ажиллаж, амьдрах боломж нь хэцүүдээд ирдэг.
Тухайлбал, бидэнд ирсэн нэг жишээг хэлье. Гурван охиныг нь хүчирхийлсэн байгаа юм. Энэ тухай мэдээллийг сумынхан нь мэдсэнээс болж тэр айл аргаа бараад аймгаасаа нүүсэн байсан. Энэ юуг хэлээд байна гэвэл хохирсон дээрээ давхар хохирох явдал байна. Үүнд хэн хүнгүй онцгой анхаарах хэрэгтэй.
-Мөн цахим орчинд хүний эрхийг зөрчих асуудал их байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ бол орон даяар ярихгүй бол болохгүй болсон асуудал. Цахим сүлжээгээр тодорхой хаяггүйгээр нэгнийгээ доромжилдог, нэр төрийг нь гутаадаг байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албан тушаалтнууд нь дөжирсөн юм шиг байна. Харин хүүхэд, тэр дундаа охид энэ халдлагад өртсөнөөс болж цөөхөн хүнтэй Монгол оронд амьдрах итгэлийг нь алдагдуулахад хүрч байна. Мөн эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав ээж нь гэмгүй байж давхар доромжлуулдаг. Тийм учраас цахим ертөнцөөр хүний нэр төрийг зохиомлоор, зохион байгуулалттайгаар гутаадаг, гүтгэдэг, гэр бүлийнхнийг нь давхар хохироодог асуудлыг шийдэх цаг болсон. Одоо юу юуны туханд хүрэлгүй хулигаанууд нэгнээ зодоод байдагаа больчихсон. Харин хамгийн аюултай хулигаанчлал цахим ертөнцөд болж байна. Эргээд залруулж болдоггүй. Нөгөөтэйгүүр энэ байдлаас болж хоморгонд нь сэтгүүл зүйн нэр хүнд унахад хүрч байна. Гэтэл сэтгүүл зүй гэдэг нийгмийн бузар булай бүрийг илчилж, авлигач нарыг зарлаж, нийгмийг цэвэрлэж байдаг чухал салбар. Энэ үйлсийг нь цахим орчин дахь увайгүй байдал бүдэгрүүлэхэд хүрч байна.
Г.БАТЗОРИГ