– НҮБ МОНГОЛЫН ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН
АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВСАН БАЙНА –
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын өдөр тохиосон. Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Нэг үеэ бодвол хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг иргэд ойлгодог болж. Энэ бол нийгмийн нэг том ололт юм. Учир нь хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа сэтгэл, зүтгэлтэй явуулж байдаг. Ингэснээрээ монгол хүнд тусалж, Монгол төрийн ачааг үүрэлцэж байна гэсэн үг. Тийм учраас эдгээр байгууллагуудтай Хүний эрхийн үндэсний комисс байнга хамтран ажилладаг. Бид жилд хоёр удаа уулзаж, санал бодлоо солилцож, үйл ажиллагааныхаа талаар танилцуулдаг уламжлал тогтсон. Хүний эрхийн үндэсний комисс бол жижиг бүтэцтэй байгууллага шүү дээ. Харин 2014 оноос эхлээд орон нутагт нэг, нэг хүнтэй болсон. Гурван сая хүний эрх ашиг, нийгэмд эзлэх байр суурь, хөгжлийг хариуцдаг байгууллага энэ бүтцээр ажиллана гэвэл барахгүй. Хүч хүрэхгүй гээд орон тоогоо нэмнэ гэвэл бас хэцүү. Тэгэхээр олон түмэнд хүрч ажиллахын тулд иргэний нийгмийн байгууллагатай нягт ажиллах нь зөв. Мөн хүний эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал. Тухайлбал, өөртөө тохиолдсон эрхийн зөрчлөө ойлгодоггүй нэг хэсэг хүмүүс байна. Тэдэнд хүний эрх, үүргийг ойлгуулахын тулд ямар үйл ажиллагаа явуулж болохыг мэдээлэх ёстой. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагын тусламжтай олон нийтэд хүргэж болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд ихэнх тохиолдолд арилжааны нөхцөлтэй байгаа. Энэ нь нэг талаараа зах зээлийн нийгмийн хууль.
Нөгөөтэйгүүр Хүний эрхийн үндэсний комисст хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөр төлөөд мэдээлэл дамжуулах боломж, төсөв ч байхгүй. Тийм болохоор бид үйл ажиллагаагаа явуулахын тулд дэргэдээ сэтгүүлчдийн клуб ажиллуулдаг болсон. Ингэж хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг олон түмэнд хүргэж байна. Үүнээс үзвэл иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл гэх хоёр том институт бидний түшиг, тулгуур гэж ойлгодог.
-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэж та ярьсан. Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субьект нь хэн бэ?
-Нийгэм оршин тогтнож буй газар хүний эрхийн зөрчил байнга гардаг. Тийм учраас хүний эрхийн зөрчлийг арилгах, багасгах үйл ажиллагаа явуулахыг НҮБ-ын холбогдох хороод болон тухайн улсын төр үндсэн хууль, бусад хууль, тогтоол батлах замаар хамгаалж байдаг. Ихэнх тохиолдолд төрийн эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зүгээс хүний эрхийг зөрчдөг асуудал буурахгүй байна. Үүнд манай байгууллага маш өндөр хяналт тавьж, ажиллаж байгаа. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх талаар байнга хяналт тавьж ажиллаж байна. Эрүү шүүлтийн асуудал нэг үеэ бодвол цэгцэрсэн. Энэ төрлийн хүний эрхийн зөрчил буурсан гэсэн үг. Гэр бүл, хамт олон дотор хүний эрхийг зөрчих үйл ажиллагаа байсаар байна.
-Яавал хүний эрхийн зөрчлийг буулгах боломжтой вэ?
-Өнөөгийн нийгэмд миний эрх, эрх чөлөө чиний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн зарчмаар л явах ёстой. Ингэж байж бид нэгнийхээ болоод өөрийнхөө эрхийг хамгаалж чадна. Жишээлбэл, би чиний уурыг хүргэсэн байж болно. Чи маш их уурласан ч гэсэн намайг зодож болохгүй. Яагаад вэ гэхээр би халдашгүй эрхтэй хүн. Миний эрүүл мэнд, махбодь халдашгүй байх ёстой. Үүнийг хуулиар зохицуулж өгдөг. Айх аюулгүй, гачигдах зовлонгүй нийгмийг цогцлоон байгуулахын төлөө 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батласан. 2015 онд буюу НҮБ-ын далан жилийн ойгоор НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд уулзаж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт гэх баримт бичиг баталсан. Учир нь НҮБ 1948 онд баталсан түгээмэл тунхаг бичгийнхээ зорилгод хүрч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл бид айх аюулгүй, гачигдах зовлонгүй нийгмийг өнөөг хүртэл цогцлоон байгуулж чадсангүй. Энэ олон жил өнгөрөхөд яагаад зорилгодоо хүрч чадаагүй юм бэ гэхээр дайнтай, эдийн засаг муу, хөрөнгө санхүү хүрэхгүй, улс төрийн дэглэм хатуу байлаа зэрэг янз бүрийн шалтаг хэлдэг. Одоо ийм шалтаггүйгээр 2030 он гэхэд хүн төрөлхтөн хүний эрхийг хамгаалах арван долоон зорилтыг хангасан байх ёстойг дахин баталлаа. Хүний эрх, эрх чөлөө нийгмийн хөгжлийг дагаад нэмэгдэж байдаг. Ер нь хүний эрхийн цаад утга бол хүнийг нийгэмд чөлөөтэй хөгжих боломжийг хангах ойлголт шүү дээ. Тэгвэл улс орон, энэ ертөнц хөгжинө. Би бол ардчиллыг ерөөсөө сонгуульт байгууллагатай, Үндсэн хуультай, иргэн нь эрхээ дээдэлсэн тэр л улс орныг ардчилсан улс орон гэж хэлнэ. Монгол Улсад өнөөдөр энэ шалгуур үзүүлэлт хангагдаж байна уу гэвэл хангагдаж байгаа. Бид ямар ч байсан ард түмнээсээ сонгогдсон Их хуралтай, Ерөнхийлөгчтэй. Бидэнд одоо юу дутагдаж байна вэ гэвэл эдийн засгийн баталгаа л дутагдаж байгаа юм. Үүнээс болоод хүний олон эрх, эрх чөлөө тэр болгон хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг жишээ нь утааны асуудал юм.
-Монголд хүний эрхийн зөрчил бусад орнуудтай харьцуулбал ямар байдаг юм бол?
-Манай улсад хүний эрхийн ноцтой зөрчил гарч байна. Харьцангуй гайгүй ч юм байна. Гадаадын орнуудаар явж байхад хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байсныг харж л байсан. Гэхдээ хүний эрхийн зөрчил гэдгийг эрэмбэлж болдоггүй юм. Өөрөөр хэлбэл тэр эрх нь гайгүй, энэ эрх нь ноцтой гэж ялгаж болохгүй. Дэлхийн улс орнуудыг хүний эрхийн зөрчил хэр гарч байгаагаар дүгнэсэн тооцоо байдаггүй. Хүний эрхийн зөрчлийг хоромхон зуур дэлхий даяар мэддэг болсон цаг. Түүний төлөө бүх нийтээрээ дуугарч, тэмцдэг болж. Ноцтой зөрчил гарсан улсад бусад улс орнуудын зүгээс шийтгэл хүлээлгэдэг болсон. Тэр нь улс төрийн, эдийн засгийн гэх мэт хориг тавих юм. Тэгэхээр дэлхий ертөнц нэг нэгээсээ хамааралтай болсон өнөө үед хүний эрхийг дураараа зөрчих асуудал байхгүй шүү. Үүнийг монголчууд ойлгох ёстой.
-Иргэний эрхийг зөрчсөн асуудлыг төрийн байгууллагууд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Өнөөгийн нийгэмд хүмүүс чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тийм болохоор иргэний гаргасан өргөдөл, санал гомдолд ямар ч байгууллага анхааралтай ханддаг болж. Гэхдээ манай төрийн албанд бугшсан нэг муухай юм бий. Тэр нь ихэмсэг зан. Иргэд төрийн байгууллагуудын үүдээр ороод л ихэмсэг зантай албан хаагчидтай тулж байна. Үүнийг хүнд суртал гэж хэлж болох байх. Төрийн эрх мэдлийг зарж амьдрах гэсэн, ихэмсэг байдлаараа далимдуулж хүнтэй харьцдаг энэ үйл ажиллагаа тасрахгүй байна. Энэ зан арилчихвал нийгэм хөгжинө. Жишээлбэл, гадаадын орнуудад худалдаа хийдэг худалдагч нар үйлчлүүлэгч ороод ирэхээр танд юу хэрэгтэй байна, юу авах вэ гээд урд нь сөгдөх шахам л болдог. Гэтэл манайд худалдагч нар ч тэр, үйлчлүүлэгчид ч гэсэн бие бие рүүгээ шилбэлзэж, хялалзаад эхэлдэг шүү дээ. Ямар ч ажил хүний харилцаан дээр тогтдог. Зөв сайхан, ямар ч хүнийг хүндэлж, соёлтой харилцаж байж нийгэм хөгждөг. Энэ системийг Монголын төрийн албанд тууштай нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг товчхондоо хүн чанар л гэж хэлээд байгаа юм.
-Таны хэлдгээр төрийн өндөр албан тушаалтнуудын зан харилцаанд биеэ тоосон чанар анзаарагддаг шүү. Гадны судлаач нар монголчуудыг их аминч үзэлтэй гэдэг. Үүнээсээ болж хүний эрхийн ойлголт сул хөгжсөн гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Үнэхээр тийм. Монголчуудын хувиа хичээсэн үзэл гэх үү, зан ч гэх үү ийм юм манай улсын хөгжилд асар том саад болж байна. Гэрээсээ гараад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг хараад л үүнийг мэдэрдэг. Би л түүний өмнө нь явж байвал тэр бөглөрнө үү, хоорондоо мөргөлдөнө үү надад ерөөсөө хамаагүй гэсэн байдлаар л манай жолоочид явж байна. Монголчуудын довоо шарлуулж, хувиа боддог үзэл нийгмийн их олон салбарт ажиглагддаг. Ер нь хувиа хичээнэ гэдэг монгол хүний мөн чанар биш шүү дээ. Монголчууд үр хүүхдээ “хүнд тусалж бай, олонтойгоо явахад алзахгүй ээ” гэж сургадаг байсан. Намайг бага байхад аав маань “Миний хүү хүн бол хүн шиг бай” л гэдэг байсан. Тухайн үед би энэ үгийг сайн ойлгоогүй, гайхаад л өнгөрсөн. Хожим ямар гүн философитой үг байсныг нь ойлгосон. Хүн эхээс төрөөд хүн болох процесс нь явагддаг юм байна. Энэ хүн болох процессд нь алдаа гарсан, ямар нэгэн байдлаар согог гарсан тохиолдолд дутуу хүн болж төлөвшдөг байна. Улмаар ийм хүн амьтны шинжээр хүнтэй харьцаж, хүн зодож, хүний эрхийг ноцтой зөрчих үйлдэл хийдэг. Адилхан хүн байж нэгнээсээ хулгай хийж байна, нэгнийгээ амийг хөнөөж, элдэв бусын муу үйлийг хийж байна. Энийг хүн болсон байна гэж ойлгож болох уу. Тийм учраас хүн шиг хүн байна гэдэг ойлголт монгол хүний хувьд маш чухал асуудал юм.
-Сүүлийн үед хар тамхи татаж мансуурсан хэрэг залуучуудын дунд их гарах болжээ. Тэр бүү хэл насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн бодисыг хаанаас олох, хэрхэн хэрэглэх талаар мэдээлэлтэй болсон байна. Энэ бол нийгмийн маш том аюул болов уу?
-Би түрүүн хэлсэн. Өнөөгийн нийгмийн гол хэрэгцээ бол мэдээлэл. Хүүхдүүд мэдээллийн далай дотор сэлүүр битгий хэл завь ч үгүй хөвж явна. Тийм учраас тэд нийгмийн хөгжлийг дагаад асар их мэдээлэл авч байна. Гэхдээ хүлээн авч байгаа мэдээлийнхээ аль нь ашигтай, аль нь ашиггүй вэ гэдгийг ялгаж чадахгүй байгаад асуудал оршиж байгаа юм. Ээж, аав нь архичин, эсвэл салсан, өрхийн ямар ч орлогогүй айлын хүүхдүүд өнөө маргаашийнхаа хоол, хувцсыг бодоод л амьдарч байгаа. Тийм хүүхдүүд хар тамхи татах уу, үгүй шүү дээ. Тэр талаар мэдэх ч үгүй. Харин нийгмийн амьдралын хамгийн бололцоотой бүхнийг мэдчихсэн, хоол, хувцас, бусад хэрэгцээгээрээ туйлчихсан айлын хүүхдүүд хар тамхи татаж байна. Хар тамхи татаж буй хүүхэд хийх юмаа олж ядаж байгаагийн илрэл юм болов уу л гэж боддог. Хүн өөрийнхөө хүслийг хязгаарлаж байх учиртай. Хүний шунал тачаал гэдэг бол хязгааргүй. Тэрүүн дээрээ гишгэх тоормосгүй бол хадны ангал руу унаж үхэж байгаатай л агаар нэг.
-Монгол хүүхдийн эрх зөрчигдөх хамгийн энгийн жишээ нь хурдан морь унуулах явдал. Нэг талдаа уламжлал, өв соёл гэх утгаараа энэхүү зөрчлийг хаацайлдаг. Нөгөө хэсэг нь хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна гэдэг. Энэ асуудлаар та бүхэн саяхан Засгийн газарт шаардлага хүргүүлсэн шүү дээ?
-Шууд хэлэхэд энэ асуудлыг би дийлэхгүй юм байна. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудлаар нэлээд зүтгэлээ, тэмцлээ. Бүр НҮБ-аас монгол хүүхдийн эрхийг зөрчиж буй энэхүү асуудлыг хориглосон шийдвэр хүртэл гарсан. Өөрөөр хэлбэл унаач хүүхдийн асуудлыг НҮБ анхааралдаа авсан. Гэвч Засгийн газрын тогтоолоор бүх зүйл болдгоороо болох юм шиг байна.
-Хүний эрхийн асуудлаарх гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг нь ойлгомжтой. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?
-Ер нь хүний эрхийн төлөө ажиллах шиг гоё ажил байхгүй. Гэхдээ бид энэ нийгэмд болж байгаа хамгийн аймаар юмнуудыг иргэдээс ирсэн гомдлоос хардаг. Тэр болгоныг нь олон нийтэд цацаад байх хэцүү л дээ. Үүнээсээ болж би нервтдэг. Би бас хүн шүү дээ. Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдол жилээс жилд нэмэгдэж байна. Тэр болгоныг алтан загасны үлгэр шиг биелүүлж чадахгүй ч гэлээ, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, ажиллаж байна. Ирж буй гомдлын дийлэнх хувь эрүү шүүлтийн асуудалтай холбоотой байдаг. Зарим хүмүүс биднийг “Шоронд орсон хүмүүсийн эрхийг хамгаалах юм” гэдэг. Тийм биш л дээ. Эрүү шүүлтийн асуудал дэлхийд үнэхээр анхаарал татдаг болчихсон. Одоо бүх аймагт цагдан хорих байрууд шинэчлэгдэж дуусч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл, нөхцлийн эрүү шүүлт арилсан гэж хэлж болно. Монголын төр үүн дээр онцгой анхаарч, арга хэмжээ авсан. Харин хэрэг үүсгэхээс өмнөх шатанд цагдаатай холбоотой гомдол тасрахгүй байна. Боловсролгүйгээр нь, айж сандарснаар нь далимдуулж, аав, ээж, эхнэр хүүхэд, нөхрийг чинь хорино гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэж, баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэдэг гомдол олон байдаг. Иймэрхүү хууль зөрчсөн үйлдэл тасрахгүй байна. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ирдэг.
-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол ирээгүй хэргийг хэрхэн шийдвэрлэдэг бол?
-Хамгийн чухал нь мэдээллийг яаралтай авч, нөхцөл байдлыг зөв тодорхойлох ёстой. Эмнэлгээр ярих юм бол өвчтнийг сайхан сэтгэлээр хүлээн авч ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгийг нь зааж өгдөг байгууллага. Иргэдийн гомдлын дагуу холбогдох байгууллагад шаардлага хүргүүлэхэд ямар нэгэн хариу ирүүлдэг нь бидний ажлын үр дүн.
-Хүний эрхийг хамгаалахын тулд төрийн оролцоо чухал гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаараа хүн өөрөө эрхээ хамгаалж, идэвхтэй дуугарч байх нь зөв болов уу?
-Ерөөсөө хамгийн чухал ойлголт бол энэ л дээ. Миний эрхийг төр хамгаалчихнаа гээд дээшээ хараад хэвтээд байж болохгүй. Төр боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Нэг хүн дээр жишээ болгож ярья л даа. Хүн төрлөө. Хамгийн түрүүнд амьд явах эрхээ эдлэх ёстой. Эрүүл өсөх ёстой. Тэр үүргийг эцэг эх биелүүлэх учиртай юм. Улмаар хүүхэд өсөж томроод нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзлэх шаардлагатай болно. Тэгэхийн тулд тухайн хүн боловсролтой болох ёстой. Хуулинд Монгол Улсын төр иргэнээ бүрэн дунд боловсролтой болгоно гэж заасан байдаг. Боловсролтой болчихсныхоо дараа тэр хүн нийгэмд баялаг бүтээж амьдрах шаардлага болно. Ингэхийн тулд мэргэжилтэй болох ёстой. Мэргэжилтэй болсныхоо дараа ажлын байраа хайх хэрэгтэй. Үүнд төр тухайн иргэнийг ажлын байраар хангах ёстой. Тэгэхээр хүн төрсөн цагаасаа эхлээд эрх, үүргийн нэгдлээр амьдарна гэсэн үг л дээ.