Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулбал Засгийн газар шүүхийн хяналтаас гарч дархлагдана

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Засгийн газраас оруулж ирсэн Захиргааны ерөнхий хуулийн төсөлд хүний эрхийг зөрчсөн ноцтой алдаа байгаа талаар та мэдээлсэн. Засгийн газар гаргасан алдаатай шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, өөрсдийгөө хамгаалсан хууль гаргах гээд байх шиг?

-Тэгж дүгнэж болно. 2015-2017 онд зөвхөн Засгийн газар хариуцагчаар оролцсон 34 захиргааны хэрэг бүртгэгдсэн байдаг. Үүнд, хууль бусаар ажлаас чөлөөлсөн талаарх төрийн албаны маргаан, хуулийн этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан, ашигт малтмалын маргаан, олон нийтийн байгууллагаас төлөөлөн нэхэмжлэл гаргасан хүний эрхийн асуудлаарх маргаан, иргэн болон хуулийн этгээдийн газар эзэмшлийн маргаан, нөхөн олговор зэрэг асуудлууд багтаж байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдах юм бол дээрхтэй адил иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэрүүд хуулийн хамгаалалтад орж, хэвээр үлдэнэ гэсэн үг.

-Тэгэхээр Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрүүдийг шүүх захиргааны хэрэг гэж авч үзэхгүй болох нь ээ?

-Нэгэнт гүйцэтгэх эрх мэдлийг шүүхийн хяналтаас гаргачихаж байгаа болохоор Засгийн газар, захиргааны байгууллагуудаас гаргасан аливаа шийдвэрт хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлгүй болчихож байгаа юм.

Манай улс нэгдмэл тогтолцоотой болохоор аль ч захиргааны байгууллагын шийдвэр Засгийн газраас ямар нэгэн хамааралгүйгээр бие даан гарах, хэрэгжих боломжгүй л дээ. Энэ хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1-д Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дахь заалтыг “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн байгаа нь Засгийн газрын болон түүний харьяалах төрийн байгууллагуудын шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн хяналт, үйлчлэх харилцаанаас гарахыг харуулж байна.

Иймд Засгийн газар, түүний гишүүд, яам болон Засгийн газрын гишүүний тэргүүлсэн агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх байгууллагын засаг захиргааны үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарч дархлагдана гэсэн үг.

Захиргааны шүүх өнгөрсөн онд 1908 захиргааны хэрэг хянан шийдвэрлэснээс 80 гаруй хувь нь Засгийн газрын харьяа байгууллагуудад холбогдсон байдаг. Гэтэл энэ хууль батлагдах юм бол нэгэнт шүүхийн хяналтаас гадуур болохоор энэ төрлийн маргаан өснө үү гэхээс буурахгүй. Гэтэл тэр бүхэн шүүхээр орохгүй байна гэдэг ардчиллаас ухарч, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Ер нь ардчилсан тогтолцоонд нэг ч эрх мэдэл шүүхийн хяналтаас гадуур байх учиргүй.

-Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын шийдвэрийг авч хэлэлцэхгүй байх нь Үндсэн хууль зөрчих юм биш үү. Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэрийг хэлэлцэх боломж цэцэд бий юу?

-Эрх мэдлийн бүх байгууллагад хууль дээдлэх зарчим үгүй болж иргэн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ эдлэх боломжгүй болно. Тодруулбал, Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын хууль бус аливаа шийдвэрийн улмаас иргэний эрх зөрчигдсөн тохиолдолд Цэц харьяалан шийдвэрлэхгүй. Иргэний шүүх ч хүлээж авахгүй. Иймд иргэн хуулийн мухардалд орж шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ эдлэх боломжгүйд хүрнэ.

Сонгуулийн үр дүнд дунджаар 20 мянга орчим иргэн ажлаасаа халагддаг гэсэн тоо баримт бий. Эдгээрийн нэг та байвал яах вэ, ямар нэгэн төсөл хөтөлбөрийн нэрээр таны 0.07 га газрыг төр булаан авахад та хаана хандах вэ, Засгийн газар дахин тэсхим хүйтэн өвөл “Дүнжингаравдаж” хүүхдийн тань эрхийг зөрчвөл хэндээ ховлох вэ, товчхондоо эдгээр асуултууд хариултгүй болно. Энд жишээ болгон дурдсан гурван төрлийн хэрэг маргаан Захиргааны хэргийн шүүхийн нийт маргааны 50-иас илүү хувийг эзэлдэг гэдгийг тодотгоё. Тэгэхээр энэ бол хуулийн салбарын асуудал биш, иргэн бүрийн санаа зовох асуудал юм.

-Энэ хууль батлагдвал Засгийн газар төдийгүй аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрт ч хамаарч, тэдний хууль бус үйлдлийг Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэх боломжгүй болох уу?

-Тийм ээ, төрийн дур зоргыг хязгаарлах механизм үгүй болно. Иргэний эрхийг хамгаалан, зөрчигдсөн тохиолдолд сэргээх эцсийн найдвар нь захиргааны шүүх болдог. Тэр утгаараа гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах байгууллагуудын шийдвэрийг хуулийн доор байлгаж, ардчилсан тогтолцооны мөн чанарыг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны шүүхийн үүрэг, зориулалтыг үгүйсгэж, цаашид төрийн дур зоргоос эрхээ хамгаалуулах олон мянган энгийн иргэний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *