Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Улс орныг хувийн ашиг сонирхол, өш хонзонгоор удирдах ямар ч боломжгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсад ирснээс улс төр идэвхжиж эхэллээ. Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулан гаргалаа гээд хэл ам гарахтай зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдсэн. Энэ бүх улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдал энэ бүхэн 2012 онд олонхгүй парламент бүрдсэнтэй холбоотой гэж харж байна. Ардчилсан нам 35, Ардын нам 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авсан. Тиймээс аль ч нам олонх болж чадаагүй. Олонхгүй парламентын үед олон суудалтай нам бусад нам эвслүүдтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Ардчилсан намд хоёрхон сонголт байгаа. Нэг бол МАН-тай хамтарч засаглах, нөгөөх нь “Шударга ёс” эвсэлтэй хамтрах.

Ардын намтай хамтрах боломжгүй гэдгээ Ардчилсан нам албан ёсоор илэрхийлсэн тул “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр сонголт үлдээгүй. Ер нь бол хүссэн хүсээгүй “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа бүрдүүлж цаашаа явна гэсэн үг. Эс тэгвэл Монгол Улс улс төрийн хямрал руу буюу засаглалын хямрал руу орно. Байдал амаргүй байгаа. Энэ нөхцөл байдлыг ашиглан “Шударга ёс” эвслийн бүлгийн нөхдүүд шударга бус шаардлага, нөхцөлүүд бага тавиасай гэж хүсч байна.

-Ер нь бол шударга бус шаардлагаа тавиад эхэлчихсэн юм биш үү. “Тэр яамыг манайх авна, дөрвөн сайдаа манайх томилно” гэсэн яриа байна. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй бол сайд нарыг томилно ч гэдэг юм уу шантаажны маягийн зүйл яваад байгаа. Шударга бус шаардлага гэж яг ямар шаардлагыг хэлээд байгаа юм бол?

-Шударга шаардлага, шударга хүсэлт гэдэг бол хуулийн хүрээнд нийцсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн байх ёстой. Хуулиас хальсан, манай нийгмийн үнэт зүйлсийг уландаа гишгэсэн шаардлага хамтрагч талуудаас гарч болохгүй. Би намынхаа даргад нэг зүйлийг хэлсэн.

-Тэр нь юу гэж?

-Засаглавал шударгаар зарчимтай засаглая. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлээд ээлжит бус сонгуулиа зарлаад явъя гэсэн өөрийн саналаа намын дарга болон намын удирдлагуудад хэлсэн байгаа.

-Ээлжит бус сонгууль зарлах цаг үе мөн үү. Хэдхэн сарын дараа тэртэй тэргүй ээлжит сонгууль болно. Ээлжит бус сонгууль зарлая гэдэг дээр танаас өөр ийм саналтай гишүүд хэр олон байгаа юм бэ. Ер нь ээлжит бус сонгууль явуулъя гээд хэлчих зориг зүрхтэй гишүүд байгаа юм уу?

-Энэ бол миний санал. Тиймээс надтай хэдэн гишүүн санал нэг байгаа нь тийм ч чухал биш. Миний хэлсэн уг санал улс төрийн нэг гаргалгаа юм. Дэлхийн олон орныг харж байхад засаглах чадамжаа алдсан тохиолдолд ээлжит бус сонгууль зарладаг. Япон улсыг хар л даа. Бодит жишээ байж л байна. Ээлжит бус сонгуулиар ард түмэн сонголтоо хийгээд цаашаа явдаг. Парламент олонхгүй болсны улмаас боломжгүй болчихлоо гэдгээ ард түмэндээ хэлээд илэн далангүй хэлэх хэрэгтэй. Биднийг олонх болгож өгвөл засаглая. Аль эсвэл парламентад олонхийг бүрдүүлэх хүчнийг сонгож өгөөчээ гэдэг хүсэлтээ ард түмэндээ тавьдаг.

УИХ-ын гишүүдийн болон манай намын гишүүдийн хэд нь миний энэ саналыг дэмжихийг би мэдэхгүй. Шударга бусаар засагласнаас засаглаагүй нь дээр. Зарчимгүй засагласнаас засаглаагүй нь дээр. Энэ л миний байр суурь.

-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулиа баталж байж сонгуулиа явуулж таарах байх. Тэгэхгүйгээр аль ч нам нь олонх болоогүй өнөөдрийн нөхцөл байдал дахиад ирэх юм биш үү. Улс төрийн энэ гацаанаас гарах боломж байна уу?

-Гацаанаас гарах хамгийн дөт зам бол “Шударга ёс” эвсэлтэйгээ хамтраад явах л зам юм. Бид МАН-тай хамтрах замаа хаасан. Тус намтай хамтрах боломжгүй гэдэг дээр манай нам шийдвэрээ гаргасан. Энэ үед “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр ямар ч гарц байхгүй. МАН-ыг оролцуулалгүйгээр уг эвслээс өөр парламентад бүлэг байгуулах хэмжээний улс төрийн хүчин өнөөдрийн хувьд алга. Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн парламентад суудалтай нам, эвслүүд хамтарч парламентыг бүрдүүлнэ гэсэн тодорхой заалт бий. Хуулийнхаа хүрээнд явахаас өөр зам алга.

-Засгийн газрын суларсан орон тоог нөхөх асуудал хэзээ тодорхой болох вэ. Ээлжит бус чуулганы сураг байна уу. Ардчилсан намынхан дарга, гишүүдгүй Увсад яваа сурагтай. Үүнээс улбаалан асуудал хойшилж байна гэх юм?

-“Шударга ёс” эвсэл Ардчилсан намын нэр дэвшигчид тодорсны дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа гэж бий. Энэ хугацаа дууссаны дараа УИХ ээлжит бусаар хуралдаж Засгийн газрын зургаан сайдыг хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Тэр хоригийг хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Энэ бүх зүйл хуулийн хүрээнд явах шаардлагатай.

-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч ямар хориг тавих вэ гэдгээс шалтгаалан улс төрийн дараагийн нүүдлүүд гарч ирэх гээд байна. Н.Энхбаяр даргыгаа өршөөлд баттай хамрагдуулсны дараа сайд нарынхаа нэрийг тодорхой болгоно ч гэдэг юм уу асуудлууд байх шиг. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавилаа гэхэд юу болох юм. Хориг тавихгүй байлаа гэхэд юу болох бол?

-Миний бодлоор Өршөөлийн хуульд тавьсан хориг, түүний үр дүнгээс үл хамаарч Засгийн газрын асуудал явдгаараа явна. Үүнийг шийдэх ёстой. Түүнээс биш хоригийг хүлээж авахаар ингэж засгаа байгуулна. Хүлээж авахгүй бол тэгж Засгийн газраа байгуулна гэсэн жижиг тоглоом байж болохгүй.

Өөрөөр хэлбэл Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэлд эрүүл хүмүүс олон байгаа. Улс орныг удирдах, төр засгийг авч явна гэдэг чинь нэг хуулиас хамаараад байдаг эд биш. Ялангуяа нэг хоригоос хамаардаггүй байгаасай.

Манай улс төрийн тогтолцоонд “Check and bаlance”-ийн зарчим үйлчилдэг. Монгол Улсын Үндсэн хууль энэ зарчим дээр тулгуурладаг. Ерөнхийлөгчөө УИХ шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал харилцан бие биенээ хянадаг. Харилцан бие биенийхээ алдааг засдаг тогтолцоотой.

Өөрөөр хэлбэл засаглал хоорондын балансын тэнцвэр чухал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуульд хориг тавьсныг зөв зүйл гэж үзэж байгаа. Ганц Өршөөлийн хуульд биш бусад олон хуульд хориг тавьдаг. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хэлэлцээд явдаг дүрэм, журам, дэг гэж бий. Тиймээс үүний дагуу УИХ хэлэлцээд явна.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын ойн хуралд хэлсэн үгийг хүмүүс хоёр янзаар хүлээн авч байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгч авлигачдыг өршөөхийн эсрэг хэсэгчлэн хориг тавих нь зөв гэж байгаа бол нөгөө хэсэг нь Н.Энхбаяр гэдэг хүнд хандан үг хэллээ. Тийм болохоор энэ хэлсэн үг сонин биш гэж байна…

-Намбарын Энхбаяр гэдэг хүний гэмт үйлдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучилсан. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. УИХ өршөөл үзүүлэх эрхтэй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлж буй үг, хийж байгаа үйлдлийг УИХ-ын гишүүд бид шүүмжлээд байдаггүй. Төрийн тэргүүн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Каплад ч мөн уучлал үзүүлсэн. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхэд УИХ маш хүндэтгэлтэй ханддаг. Цаашид ч гэсэн хүндэтгэлтэй хандана. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангахын тулд үг хэлэх ёстой.

-Таны хувьд Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдана гэдгийг өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хичнээн хүн гарч ирэх гээд байна вэ. Галт зэвсэг агссан гээд хэл ам дагуулсан хүн шүү дээ гэсэн хүмүүсийн сэтгэгдэл ч их байна?

-Ц.Мөнхбаярын хэрэг 177.1, 185.1 гэсэн хоёр зүйл ангитай. 177.1 нь өршөөлд хамрагдаж байгаа. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. Тэр утгаараа хүнд ял нь өршөөлд хамрагдаж байгаа учраас 185.1 нь 177.1-дээ орчихно гэж харж байгаа юм. Байгаль хамгаалагч Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Тиймээс энэ хүнийг хорих газраас гаргаж эрх чөлөөг олгох нь зөв зүйтэй алхам гэж харж байна.

-Сүүлийн үед Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Таныг ч мөн нэгдэн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг яриа гараад байгаа. Та үнэхээр гарын үсэг зурж Ерөнхий сайдаа огцруулах гэж байгаа юм уу?

-Би гарын үсэг зураагүй. Учир нь АН-ын гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тал дээр нягт хамтран ажиллана. Ерөнхий сайдын явуулж байгаа бодлогыг дэмжиж ажиллана гэдэг дээр нэг ойлголцолд хүрч чадсан.

-Ерөнхий сайдын зүгээс намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд нь намын даргаа авъя. Эхсүл намын дарга нь Ерөнхий сайд бол гэсэн. Уг шаардлагыг та юу гэж хүлээж авсан бэ?

-Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан улстөрчид цочир мэдэгдэл хийх, эрүүл ухаантай гэхээсээ илүүтэйгээр улс төрийн сонирхлоор асуудалд хандах явдал цөөнгүй байна. Тэгэхээр намын гаргасан шийдвэрийн эсрэг намын хэн нэгэн гишүүн улс төрийн хандлагаар асуудал тавих нь зөв зүйтэй алхам биш. АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, бүлэг нь шийдвэрээ гаргасан. Тиймээс үлдэж буй хугацаандаа АН илүү тогтвортой байдал руу явах ёстой. Намын байгууллагынхаа гаргасан шийдвэрийг илүүтэй хүндэтгэн дагах нь зүйтэй. Иргэд ч мөн тогтвортой засаглалыг хүлээж байна.

-Гол хуулиуд болох Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад хугацаа маш давчуу болчихлоо. Намрын чуулганы эхний хагаст энэ бүгдийгээ цэгцэлж ард нь гарч чадах уу. Төсвийн тодотгол гээд чухал асуудлууд мөн л хэлэлцэгдэх тул амжих болов уу гэдэг эргэлзээ үүсчихлээ…

-Энэ парламент үлдэж буй цөөхөн сарын хугацаанд олон асуудлыг шийдэж чадахгүй. Тийм хугацаа ч байхгүй. Харин Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хямралтай тэмцэх бодлогуудыг эрчимжүүлэх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал ганцхан Монгол Улсад биш дэлхий даяар хүнд байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгууд шил шилээ даран дампуурч байгаа. Тэгэхээр Монголын эдийн засаг нэлээд хүнд байдалд орж байгаа юм. 2015, 2016, 2017 он бидний хувьд нэлээд хүнд он жилүүд байх болно. Учир нь манай эдийн засгийн голлох суурь салбарууд уналттай байна. Барилга, зам, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд уналттай байгаа тул уналтыг сааруулах эдийн засгийн эрчимжлийг нэмэх бодлого энэ Засгийн газар явуулах ёстой. УИХ Засгийн газрын эдийн засгийн хямралын эсрэг явуулах бүх бодлогыг дэмжих шаардлагатай. Эдийн засгийн хямралын үед улс төр дагаад хямарч болохгүй. Харин ч эсрэгээрээ бид тогтвортой байх хэрэгтэй. Улс төр тогтвортой байж бид эдийн засгийн хямралаас гарна. Бид дагаад хямрах юм бол засаглалын хямрал руу орох аюултай. Энэ цаг үе монголчуудаас, улс төрчдөөс маш их уужуу ухаан, алсын хараа, тэвчээр, хүлээц шаардсан он жилүүд байх болно.

-МАН-ын зургаан сайдыг огцруулснаар улс төрийн тогтворгүй байдал Монгол Улсад нүүрлэчихлээ гээд гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулж, Монголд итгэх жаахан итгэл алга боллоо гэдгийг МАН-ынхан мэдэгдээд байгаа. Эдийн засаг ийм хүнд үед эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх гол хүчин зүйл нь мэдээж гадны хөрөнгө оруулалт шүү дээ?

-Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдал маш чухал. Нэг хуулийг нөгөө хуулиар барьцаалж асуудалд ханддагаа улстөрчид болон улс төрийн намууд больчих хэрэгтэй. Нөгөө талаас том улс төрийн бодлогыг хувь хүнтэй холбон явуулдгаа манай улстөрчид больчих. Аливаа том бодлогыг хувь хүнтэй холбох л юм бол тэр нь бодлого биш хувийн асуудал болж хувирдаг. Улс орныг хувийн ашиг сонирхол, өшөө хонзонгоор удирдах ямар ч боломжгүй. Улстөрчдөд хандаж нэг зүйлийг хэлье. Хувийн сэдэл, өш хонзон хувийн эрх ашгаа хойш нь тавихыг эдийн засгийн хямрал улс орны нөхцөл байдал шаардаж байна.

Ардын намын зургаан сайдыг хөөснөөс болж гадны хөрөнгө оруулагчид үргэж байна гэдэг бол үндэслэлгүй өнгөц дүгнэлт юм. Зах зээлийн хямрал гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан гадны хөрөнгө оруулалт эрс буурсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Их хурал олон сайн хуулийг батлан гаргасан. Татварын орчин, хөрөнгө оруулалтын орчны хувьд ч тэр сайн бодлогуудыг Их хурал баталсан. Бодлого гараад тэр дороо хэрэгжиж, маргааш нь үр дүн гарна гэж байхгүй. 3-5 жилийн дараа сайн үр дүнгүүд гарч эхэлнэ. Гадаад талдаа Монголын төр засаг зөв сигналуудаа ээлж дараатай өгч байх нь зүйтэй.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *