Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйн алдаа гаргасан мөртлөө “Шүүхээр тогтоогдоогүй” гэж гүрийдэг болчихлоо

“Өдрийн сонин”-ы 2017.08.17-ны пүрэв гаригийн №175(5742) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Ардчилсан нам ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг шийдэхийг шаардаж байгаа. Ер нь цаашид хүүхдийн мөнгийг өгөх хэвээрээ байх уу?

-Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор хуралдах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өнөөдөр үүсээд буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг шийдэх арга замыг яаралтай хайя. Гуравдугаарт, зарим нэг хуулийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага бий. Хүүхдийн мөнгөний асуудал мөн яригдаж байна. Шинээр батлагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг олон хуулийн хэрэгжилтэд УИХ онцгой анхаарах ёстой. Гэх мэт нөхцөл байдал УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөлийг бий болголоо. Хүүхдийн мөнгөнд хуваарилсан төсвийг хууль бусаар, төсвийн гадуур зарцуулаад явж байгаа. Төсвийн мөнгийг татвар төлөгчдөд зарцуулна гэх хуулийн заалт байдаг. Харамсалтай нь Засгийн газар төсвөөс гадуур мөнгө зарцуулж байна. Төсвийн хуулийг зөрчиж хүүхдийн мөнгийг зарцуулж байна гэх мэдээлэл ирсэн. Иймд ээлжит бус чуулган хуралдуулж Төсвийн хуулийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай. Төсөвт тодотгол хийхгүйгээр есөөс арванхоёрдугаар сар хүртэлх хүүхдийн мөнгийг олгох боломжгүй. Тиймээс АН-ын бүлэг Засгийн газарт шаардлагаа хүргүүлсэн. УИХ-ын даргад ч гэсэн ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт өгчихөөд байна.

-ОУВС хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэж байсан. Гэвч сонгуулийн өмнө МАН хүүхдийн мөнгийг олгох шийдвэр гаргасан. Одоо эргээд олгох эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Эдийн засгийн хувьд боломж бий юу?

-Энэ Засгийн газрын эргэж хургасан шийдвэрийг ОУвС битгий хэл олонх суудалтай МАН-ын гишүүд нь ч ойлгохоо больчихоод байна. Сонгуулийн өмнө нэг өөр зүйл, сонгуулийн өдөр эсрэг зүйл, дуусахаар нь бүр хөндлөн зүйл яриад байх юм. МАН Засгийн газраа байгуулаад бүтэн нэг жил болчихлоо. УИХ-д тайлагнахгүйгээр, нэг сайдын сүржин мэдэгдлээр төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг явдал хэрээс хэтэрлээ. Нэг сайдын сэтгэл хөдлөлөөр төрийн ажил явдаг болсон байна. Ийм байж хэрхэвч болохгүй. Засгийн газар эргэж хургасан байдлаа зогсоож Монгол Улсын хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Улс орны нөхцөл байдал сайнгүй байна. Нийт нутгийн 80 хувь нь ган гачигтай байгаагаас өвөлжилт хүндрэх тийшээ хандчихлаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлтгэлд онцгой анхаарах хэрэгтэй.

-АН өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сайдуудын мэдээллийг сонсч байгаа гэсэн. Бэлтгэл ажил ямархуу явцтай байгаа гэнэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд манай намын бүлэг дээр мэдээлэл хийсэн. Түүний ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 60-70 хувьтай явж байгаа гэсэн. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил мөн ийм хувьтай байгаа юм билээ. АН-ын зүгээс бэлтгэл ажлыг яаравчлах, ажлаа эрчимжүүлэхийг шаардаж байгаа. Шаардлагатай тохиолдолд УИХ-д асуудлыг оруулж ирж шийдүүлэх хэрэгтэй гэдгийг үүрэг болгосон. Миний хувьд сургууль цэцэрлэг, багш нарын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн засвар есдүгээр сарын 1 гэхэд дууссан байх ёстой. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй. Цэцэрлэгийн хүрэлцээ тун муу байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахын тулд хонон өнжин дугаарладаг явдал өнөө хэр үргэлжилсээр байна. Энэ балмад явдлыг, Монголоос өөр газар байдаггүй энэ зүйлийг үгүй болгох хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ, түрээсийн цэцэрлэгийн үйлчилгээг идэвхжүүлэн Монголын бүх хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсролоор хангах ёстой. Хуучин аргаар шинэ асуудлыг шийдэж болохгүй гэсэн үг байдаг. Өнөөдөр улсын хэмжээнд 20-30 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Энэ байдлаараа явбал Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл 100-150 жил хэрэгтэй болно. Энийг мэдсээр байж ингээд явсаар байх уу. Дэлхийн улс орнуудад хэрэглэгдэж буй санхүү, эдийн засгийн дэвшилтэт, шинэ механизмыг бид ашиглах ёстой. Өмнөх Засгийн газрын үед батлагдсан сайн, сайн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд аваад явах шаардлагатай гэх саналаа бид хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид өнөөг хүртэл хуучин аргаар яваад байна.

-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтаж байгаа. Өөрчлөлт оруулахаар хөдөө орон нутгийн иргэдийн дунд сургалт явуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-д байгуулагдсан. Одоогийн байдлаар Монгол Улсын аймаг, сум бүрт хэлэлцүүлэг өрнөж байна. Иргэдээс ирсэн санал, хүсэлт бүрийг дүгнэж нэгтгэх юм. Мөн ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Хэлэлцүүлгийн явцад иргэдийн зүгээс амралттай байх үед, эзгүй байхад санал авч байна гэх гомдол, санал их ирж байна. Зөвхөн намын гишүүд, хэдэн дарга нар л саналаа өгч байна шүү гэх асуудал яригдаж байгаа. Би ажлын хэсгийн гишүүний хувьд Үндсэн хуулийг сайжруулах, ялангуяа Үндсэн хуульд заасан хариуцлагыг бий болгох, ёс зүйг тогтоох, эрхзүйт төрийг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох ёстой гэдэг байр суурьтай байна. Харамсалтай нь одоогийн хэлэлцүүлж буй хуулийн төсөл нэлээн түүхий болсон байна лээ. Энэ төслийг парламентад суудалтай улс төрийн намууд болон суудалгүй нам, иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч байж шинэчлэх ёстой. Мөн ард нийтийн санал асуулга туйлын чухал.

-Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сард зохион байгуулна гэж ярьж байсан. Энэ хугацаанд амжих юм болов уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж яарах хэрэггүй. 2000 онд яаран шийдвэр гаргаснаас болж дордуулсан долоон өөрчлөлт хийж байлаа. Үүнээс болж Монголын төр зарим тохиолдолд маш хүнд байдалд орж байсан. Одоо бол ултай суурьтайгаар үндэсний язгуур эрх ашгийг хамгаалсан, Монгол орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, эв нэгдлийг бэхжүүлсэн, хариуцлага, ёс зүйг Монголын төрд авчирсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тиймээс заавал аравдугаар сард батална гэж яарах хэрэггүй. Ерөнхийлөгч ч гэсэн ийм бодолтой байгаа. УИХ-ын олон гишүүн ингэж ярьж байна.

-Та сая түүхий төсөл болсон гэлээ. Үүнийг сайжруулах боломж бий юү?

-Мэдээж төсөл хэл ам, шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой. Сайжруулахын тулд иргэд, олон нийтийн байгууллага, улстөрчид, судлаачид, эрдэмтэд санал бодлоо хэлж, тусгах ёстой юм. Тал талаасаа ажлын хэсэг гаргаж үндэсний зөвшилцлийн хэмжээнд ажилламаар байна. Саяхан Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгч бас бие даасан ажлын хэсэг байгуулах байх. Олон удаагийн хэлэлцүүлэг, яриа, зөвшилцөл хийж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс төрийн алба, тэр дундаа өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн хариуцлагыг сайжруулсан өөрчлөлт хийхийг хүсч байгаа байх. Тиймэрхүү өөрчлөлт орж байгаа юу. Ялангуяа эргүүлэн татах боломж олгох уу?

-АН-ын зүгээс олон санал гаргаж байна. Энэ удаагийн хуулийн төсөл дээр хариуцлагатай холбоотой хуулийн төсөл бараг ороогүй. УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг заалт оруулмаар байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд ард түмнийг бухимдуулан суугаад байх шаардлага байхгүй. Төр өөрөө өөртөө хариуцлага тооцдог, цэвэрлэдэг механизмыг бий болгох хэрэгтэй байна. Мөн УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтанд насны хязгаар тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол хорин хэдэн настай хүүхэд ордонд орж ирээд юу ярих, юу хийхээ мэдэхгүй байна. Шүүгчийн насыг нэмэгдүүлж буйтай адил УИХ-ын гишүүний насыг нэмэгдүүлэхэд буруудах зүйл байхгүй. Гэх мэт олон саналыг гаргаж тавьж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай яриаг эрх баригч намын зүгээс гаргаж байна. Үүнийг манай нам зарим талдаа зөвшөөрөх ч гэлээ санал нийлэхгүй зүйл олон. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна гэдэг гаргүй, хөлгүй болгож буйтай агаар нэг. Ерөнхийлөгч төрийг тэнцвэртэй байлгах, үндэсний эв нэгдлийг хангах хүчтэй субьект байдаг. Хууль санаачлах, хориг тавих эрх зайлшгүй байх хэрэгтэй. Засгийн газартай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зарим эрх мэдлийг хязгаарлах тухай яригдаж байна. Энэ асуудалд бид санал зөрөлдөөнтэй байгаа. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ жил бүр Засгийн газраа огцруулаад байж болохгүй. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог, хяналт тавьдаг тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. Энэ чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлт явах байх.

-Ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан бол УИХ-ын гишүү-ний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох талаар сая ярилаа. Одоогийн хуулиар эргүүлэн татах боломж байдаг уу?

-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд олон түмэн бухимдаж, огцруулахыг шаардаж байгаа бол шүүхийн шийдвэр гартал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргаж болно. Ийм зохицуулалтыг шинэ Үндсэн хуулиар оруулж ирэх шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэдэг, буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээдэг шинэ дэг журам руу орох ёстой. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан мөртлөө шүүхээр тогтоогдоогүй байна гэж гүрийдэг болчихож. Ингэж ард түмний уур цухлыг хүргэж байна. Манайд ийм албан тушаалтнууд олон байна. Гадны парламентад өөрсдөө огцордог жишээ олон бий. Бид тийм замд орох хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *