Өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг Малчин, хувиараа ажил эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх талаар хуулийн төслийг УИХ-д танилцуулж гишүүд асуулт асуулаа.
М.Билэгт: Малчидгүйгээр Монгол Улс явахгүй ээ. Зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болсон энэ ороо бусгаа үед малчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүнд мал аж ахуйн салбар оршин тогтонсоор байна. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний ихэнх хувь нь уул уурхай болсон ийм хүнд үед үр дүн гарсангүй. Ганцхан уул уурхайгаас хамааралтай байхаар ямар байдалд ордгийг бид харж байна. Бид долоо хоногт хоёр хоног амардаг бол малчид маань жилийн 360 хоногт ажиллаж байдаг. Тийм учраас энэ болгоныг маань бусад иргэд маань ойлгоосой. Малчид байхгүй бол монголчууд бид хямд мах, сүүгээр хангагдах боломжгүй юм шүү гэдгийг ойлгож эргэцүүлдэг байгаасай гэж бодож байна. Ингээд хуулийн төслийг оруулж ирж байгаа Засгийн газар болон гишүүддээ талархсанаа илэрхийлье. Малчдыг төрөөс бүх талаар дэмжих ёстой юм байна гэдгийг ойлгоосой гэж хэлж байна. Мал аж ахуй үйлдвэрлэлийн дүнд бий болсон хөнгөн үйлдвэрүүдээ сэргээх талаар төрөөс бодлогоор дэмжиж онцгой хандаасай гэж хүсч байна.
Ж.Батзандан: С.Чинзориг гишүүн хуулийн төсөл өргөн барисан байна. Засгийн газраас ирсэн саналуудын гол нь 2015 онд батлагдсан төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар хөтөлбөртэй зарим талаар нийцээгүй байна гэж бодож байна. Үүнийг онцгой анхаараарай. Малчдаа дэмжих асуудал бол үнэн. Тэдний амьдрал хүнд байгааг мэдэж байгаа. Ялангуяа бид бүгд малчдын хүүхэд учраас өвлийн хүйтэн, хаврын хавсарганд мал хариулах бол хэцүү гэдгийг мэднэ. Энэ бол сайн төсөл байна. Төслийн 3.1 дээр ярихад малчид таван хүүхэд гаргаад 35 нас хүрэхэд энэ болзлыг хангах юм байна. Гэхдээ малчдыг илүү их баялаг бүтээх, илүү их хөдөлмөрлөх төсөл байгаасай гэж хүсч байна. Энэ тал дээр хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээ анхаараасай гэж хүсч байна. Орчин үеийн технологийг ашиглаж яаж малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Хуучин шуурганд уруудсан азарга адуугаа уруудахад хоёр гурван хоног араас нь явах биш цахимаар мэддэг болох, чиптэй малыг хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Өмнө нь 20 адууг хоёр малчин хардаг байсан бол одоо 2000 адууг ганцхан хүн цахимаар хариулж болно. Тиймээс “цахим малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энд боломж байгаа шүү.
С.Чинзориг: Батзандан гишүүн үндсэндээ санал хэллээ гэж бодож байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг 5-р урагшлуулах тухай ярьж байгаа. Ажлынх нь хүнд байдлаас болоод таваар наашлуулж байгаа. 4-с дээш хүүхэд төрүүлсэн ээж 45 настайдаа тэтгэвэр гарахгүй ээ, 50 настайдаа л гарна. Малчнаар ажилласан жилийг нь 1.5-р нэмэгдүүлж тооцно. Хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь нэмэгдүүлнэ. Элчин сайдаар ажиллаж байхдаа малчдын хөдөлмөрийн талаар үнэлгээ хийлгүүлж үзсэн. Дөрвөн зүйлээр тооцох ёстой гэсэн дүн гарсан байдаг.
Нэгдүгээрт өдөрт ажиллах цагийн уртыг тооцох ёстой, хоёрдугаарт мал маллах хугацааны хэдэн хувь нь байгалийн бэрхшээлтэй нөхцөлд гадаа өнгөрч байна вэ, гуравдугаарт механикжуулсан, биеийн хүч их шаарддаг хөдөлмөр юм. Дөрөвдүгээр онцлог нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд амь нас нь эрсдэх онцлогтой. Тиймээс эдгээрийг үндсэлж тэтгэвэрт гарах насыг 5-р наашлуулъя гэсэн асуудал орж ирж байгаа юм.
Д.Сарангэрэл: Малчдын насыг наашлуулахаар залуучуудын идэвх буурах вий гэж үзэж байна. Гэхдээ эерэг байдлаар хандаж байгаа. Эхчүүд 4 ба түүнээс дээш хүүхэд гаргасны төлөө орлого нь буурдаг байсан. Би энэ хуулийг санаачилсан 10 хүний нэг юм. Ер нь хүүхдээ харж байгаа эхчүүдийн нийгмийн даатгал тасардаггүй. Та нар популизм хийгээд байна уу гэсэн хардлага явж байна лээ цахим ертөнцөөр. Гэхдээ энэ нь ямар эхчүүдэд хүрч байгаа талаар С.Чинзориг гишүүн тайлбарлаад өгчихөөсэй гэж бодож байна.
О.ӨНӨР