Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Ж.Батзандан гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ “1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг иргэд олон түмэн, судлаачид олон удаа ярьж хэлж байгаа. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачилгыг дэмжиж байгаа. Харин яаж өөрчлөх процессыг энэ журмын тухай хуулиар явуулах ёстой.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавигдах зургаан шаардлага бий. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байгаа субьектууд хуулийн хүрээнд ажиллах нь зүйтэй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцдаа Монгол Улсын тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг бодож хуулиндаа захирагдаж хуулийн дагуу ажиллаасай” гэв. Мөн тэрбээр ” Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарим заалт журамтай зөрчилдөж байгаа. Жишээлбэл, парламентын бүрэн эрхийн хугацааг нэмэх, гишүүдийн тоог нэмэх Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Засгийн газрын бүтцийн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журамтай зөрчилдөж байна гэж үзэж байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засаад явах байх гэж бодож байна” гэсэн юм.