Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан гишүүн намын удирдлагуудаа дарамтлахгүй байхыг хүслээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны даргыг томилох тухай мэдээлэл хийсэн юм. УИХ-ын аливаа бүтцийн асуудлыг томилохдоо фракцын зарчмаар явж ирсэн нь буруу. Нэг фракцад нэг байнгын хороо өгч ирсэн гажуудлыг цаашид халах ёстой гэлээ. Төрийн албыг фракцын зарчмаар хуваарилдаг бус шударга өрсөлдөөнөөр томилдог болох ёстой гэсэн юм. Тэрбээр “Хуульзүйн байнгын хорооны даргын асуудал байнгын хороогоор гурван удаа хэлэлцэгдэх байсан ч тэр бүрдээ хойшлогдлоо. Үүнээс хойш шударга зарчмаар бүх хүнийг нээлттэй нэр дэвшүүлдэг болох шаардлагаа намын удирдлагууддаа хүргүүлээд байгаа. Манай нам, миний нам ҮЗХ гэх мэт бүтцийн байгууллагуудаа хуралдуулахгүй байна. Ардчилсан намын шударга гишүүдийг надтай нэгдэхийг уриалъя” гэсэн юм. 

Мөн тэрбээр “Намын болон бүлгийн дарга нар өдөр бүр байнгын хорооны даргаас нэрээ тат гэдэг шаардлагыг тулгаж байгаа. Би нэрээ татах боломжгүй гэдгээ хэлсэн. Намын, бүлгийн дарга нартаа байнгын хорооны даргын суудалд мэргэжлийн хүмүүсийг нь өрсөлдүүлэх боломжийг олгооч гэдгээ хэлсэн. Ардчилсан намын асуудал бол Монголын асуудал. Тийм болохоор намаа өөрчилж шинэчлэх ёстой. Бүлгийн болон намын шийдвэрийг дагахгүй бол намаас хөөнө гэдэг дарамтыг гишүүддээ тулгадаг болсон. Ардчилсан намын дарангуйлал, ардчилсан намд дарангуйлал тогтохоос хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн аврахад туслаарай” гэдэг байр суурийг илэрхийллээ. 

Э.ЭНХ