УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2019 оны нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд 50 мянган хүн МАНАН дэглэмийг устгаж, Монголоо шинэчилье гэсэн уриатай жагсаж байсан. МАНАН алга болж, устсан уу гэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайханаас, Л.Болдоос бас Ж.Батзандан нараас асуух цаг болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар таван гишүүнтэй нийлж, М.Энхболдын бүлэглэлийг засаг төрөөс зайлуулж, Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан нөхдөд хариуцлага тооцуулж, оффшор хөрөнгийг оруулж ирж, шударга ёсыг тогтоохоор тэмцэж байсан цаг саяхан. Хамт тэмцэж байсан нөхдийн зарим нь том дарга болоод ярьж байсан зүйлээ мартсан байна. Хамт тэмцэж явсан нөхдөө шорон гяндангаар айлгадаг болсон байна. Батзандан чи хамаагүй юм яривал шоронгийн хаалга хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон байна. Бид том булчинтай, том дарга нараас айж байна. Гэхдээ Монголын ард түмэн юу хүсч байгааг том дарга нарт өдөр болгон сануулж, шаардахын тулд “Шинэ хувьсгал” хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байна. Монгол Улс сөрөг хүчингүй болоод олон жил боллоо. Сөрөг хүчний дуу хоолой дутагдсанаас болж эрх баригч нам атар онгон, зэрлэг болсон байна. Жаахан хатуу үг хэлэхээр “ална шүү” гээд мессэж явуулж байна. Одоо сөрөг хүчний дуу хоолойг “Шинэ хувьсгал” хөдөлгөөнөөр босгож ирнэ. Өчигдөр намайг хэвлэлийн хурал зарласны дараа шөнийн 24 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх дэд сайд, дотны анд, миний ах Авлигатай тэмцэх газар дээр баривчлагдаж байна гэж би сонссон. Та өнөөдөр Ж.Батзандангийн тусыг мартсан байж магадгүй. Мартаж болно. Гэхдээ өнөөдөр танаас нэг л зүйлийг хүсье. Шударга ёсыг тогтоохын төлөө бидэнтэй хамт явах уу. Бидэнтэй хүчээ нэгтгээч гэж бид танаас хүсч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 93 хувиар Сүхбаатар аймагт ялуулсан дотны анд нь миний ах Ж.Бат-Эрдэнэ. Тиймээс Ерөнхийлөгчид хандаж нэг юм хэлье. Дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорьдогоо одоо боль. Хүүхэдтэйгээ муудчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил аа, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөө. Таныг ядарч явахад би олон удаа тусалж явсан хүн шүү. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байхдаа өөрөө өөрийгөө тагнасан гэдэг хэрэгт холбогдчихоод явж байхад чинь таныг өмөөрч байлаа. Таны Засгийн газрыг огцруулаад Н.Номтойбаяр Ерөнхий сайд болох гээд орж ирэхэд М.Энхболдын бүлэглэл таныг унагах гээд дайрч байхад АН-ын гурван гишүүн таныг дэмжиж авч үлдэж байлаа. Монголоо өөрчлөхийн төлөө та яриад байсан баялгийн хувьсгалаа хийхийн төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж хүсч байна. Өөрийнхөө дэд сайд, найзыгаа шоронд хийнэ үү, шонд өлгөнө үү таны асуудал. Миний асуудал биш. Ж.Бат-Эрдэнэ та хоёрын паянг би маш сайн мэднэ. Би УИХ-ын гишүүн байхдаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, тагнуулын дарга Б.Хурцыг ч хатуу шүүмжилдэг байсан. Хэн нь ч над руу мессэж бичиж дарамталдаггүй байсан шүү, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Та тэгэхээр тайван бай. Та гурван сая 500 мянган хүний Ерөнхийлөгч. Улсын эцэг шиг бай” гэв.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй яагаад муудалцах болов?
-У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж нарын суу залийг бид мэддэг болсон. Манай Ерөнхийлөгч сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг болсон байна лээ. Би тэр хүнийг ядарч явахад нь тусалж байсан хүний хувьд задарч явахад нь шанаа өгье гэж бодоод хатуу үг хэлсэн.
-Таны ах Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгө авлига авч, бусдад давуу байдал олгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-2018 оны тавдугаар сард Дархны замын тендер шалгаруулалт болсон. Тухайн үед Зам, тээвэр хөгжлийн сайд нь Б.Энх-Амгалан гишүүн байсан. Энэ хүмүүс Дарханы замын тендерийг зохион байгуулсан. Миний ах Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Улс төрийн ажил хийж байсан хүн. Улс төрийн ажилтан тендер сонгон шалгаруулалтад ордоггүй юм аа. Ж.Батзанданг яаж буруутгах уу гэж худал үнэн хэрэг зохиохоо боль. У.Хүрэлсүх бид хоёрыг муудалцуулахын тулд зохион байгуулж магадгүй. Би У.Хүрэлсүхтэй нүүр тулж уулзаагүй байна. Намайг Монголыг өөрчлөх судалгаа хийгээд ир гэж Австрали руу явуулсан. Би жил судлаад ирлээ. 2019 онд МАНАН-г устгана гэж биднийг жагсаж байхад 21 гэрийн 11 гэрийг нь Д.Амарбаясгалан барьж өгсөн.